Авдрандаа байгаа ашигт малтмаа зарж баяжихаар том төлөвлөгөө, гоё мөрөөдөлд умбасан монголчуудын хүсэл энэ янзаар бол талаар өнгөрч магадгүй нь. Учир нь өнөөдрийн үйл явдлын өрнөлөөс харахад Монгол Улс Оюутолгой, Тавантолгойтой байлаа ч шатахуунгүй бол хоосон хоноход хүрч мэдэх нь. Нүүрснийхээ олборлолтын хэмжээг 30 сая тоннд хүргэх гоё төлөвлөгөө, эрдэс баялгийнхаа экспортыг нэмэгдүүлж, гадаад зах зээлээс мөнгө тонших томоохон зорилт, үр тариа, төмс, хүнсний ногооныхоо дотоодын хэрэгцээг үндэсний үйлдвэрлэлээс бүрэн хангана гэсэн “Атарын III” аяны үр дүн, бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр бүгд ОХУ-ын шийдвэр, нөлөөллөөс хамаарах болчихоод байна, харамсалтай нь.
ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин газрын тосныхоо экспортыг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байгаагаа мэдэгдлээ. Тэр өдөр дөрөвдүгээр сарын 27 байв. Тэрбээр уг мэдэгдлийг хийхдээ, энэхүү хориг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд болон Монгол Улсад ямар ч хамааралгүй гэдгийг онцолсон ч тавдугаар сарын 1-нээс эхлээд Монголд шатахууны хомсдол нүүрлэж, энэ нь бүтэн сар үргэлжилж байна. Монгол Улс шатахууны хувьд ОХУ-аас зуун хувь хараат. Тиймдээ ч ОХУ-аас гаргаж буй газрын тостой холбоотой аливаа шийдвэр Монголын эдийн засагт шууд нөлөөлдөг нь хүлээн зөвшөөрөгдсөн зүйл. ОХУ юу хүснэ, Монголд тэр нь өрнөнө. Тиймээс ч урьд өмнө тохиолдож байгаагүй шатахууны энэхүү хомсдлыг Тавантолгойн төлөөх шантааж хэмээн хардах ч хүн олон байна. Монгол Улс тавдугаар сард 84 мянган тонн дизель түлш худалдан авах захиалгын хариуд ОХУ-аас 34 мянган тонныг нийлүүлэхээ амлаж, харин ердөө 10 мянга гаруйг нь нийлүүлээд байна. Монгол Улс сардаа 30-32 мянган тонн дизель түлш хэрэглэдэг бөгөөд үүний 50 хувь нь уул уурхайн салбарт зориулагддаг ажээ. Тиймээс Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Москваг зорьж, ОХУ-ын төрийн өмчит “Роснефть” компаниас 30 гаруй мянган тонныг, “ТНК” компаниас 13 мянган тонн түлш авахаар гэрээ хийсэн гэдгээ дуулгасан ч ШТС-уудад дизель түлш зарахгүй хэвээр байгаа юм.
Монголын эдийн засгийн гол тулах цэг болсон, уул уурхай, газар тариалан, зам засвар, барилгын салбарын ажил ид эхлэхтэй зэрэгцээд шатахууны хомсдол нүүрлэх болсон нь инфляцийг хөөрөгдөж, эдийн засгийн суурь бүтцэд сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, дизель түлшний хомсдол Монголын эдийн засгийн амьсгалыг тасалдуулж магадгүй байна. Дөрөвдүгээр сард инфляци байж болох хамгийн таатай төвшинд буюу 5,5 хувьд хүрсэн ч тавдугаар сард огцом өсөлттэй гарч магадгүйг Монголбанкны зүгээс анхааруулсан. Инфляцийн хөөрөгдөлд гол нөлөөлдөг нэг хүчин зүйлс нь нийлүүлэлтийн “шок” шүү гэдгийг төв банкнаас сануулж байгаа. Эдийн засгийн хамгийн боломжит таатай эл нөхцөлөө хадгалж чадвал Монгол Улс 2011 оны эцсээр томоохон “бялуу” амтална хэмээн төв банкны мэргэжилтнүүд урьдчилсан онош тавиад байсан юм. Харамсалтай нь энэхүү хомсдол хэзээ арилж, Монгол Улс нийлүүлэлтийн “шок”-оос хэдийд гарч чадахыг хэлж мэдэх албан тушаалтан одоохондоо Монголд алга.
Монголд болж буй үйл явдлын талаар Москва “Монголын импортлогчидтой хийсэн гэрээнийхээ дагуу түлш нийлүүлсэн. Юунаас болоод хомсдол үүсээд байгаа бид мэдэхгүй” хэмээн мэдэгджээ. Шатахууны хомсдол нүүрлэхгүй, үнэ өсөхгүй хэмээн мэдэгдээд байсан Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Газрын тосны газрынхан үнэнд гүйцэгдэнэ гээч болж дуугаа хураав. Бүтэн сар нүүрлэсэн шатахууны хомсдлоос болж зам засварын компаниуд ажлаа хийж чадахгүйд хүрсэн бол нийтийн тээврийнхээ тасалбарынхаа үнийг 500 төгрөг болгохоо зарлалаа. Зургадугаар сарын 2 буюу Эх үрсийн баярын маргаашнаас автобусны үнэ 500 болж нэмэгдэнэ. Газрын тосны газрын мэдээгээр ирэх сард 34 мянган тонн түлш нийлүүлэхээ ОХУ бас л “амласан” гэнэ.
Ямар ч байсан дизель түлш ирэх сард хомсдохгүй болов уу гэх найдлагыг албаны хүмүүс хэлж, харин “Дизель түлш зарахгүй” гэсэн бичиг хадаастай ШТС-ууд дээр хэрэглэгчид дугаарлаж, зарим нэг нь хомсдлыг хожоо болгон нэг литр түлшийг 3000 төгрөгөөр зарж байна. Долоо, наймдугаар сард дизель түлшний эрэлт хэрэгцээ бүр илүү нэмэгддэг учраас ирэх саруудад хомсдол битгий л нүүрлээсэй билээ.
Дизель түлшний эрэлд мордсон нийслэлийнхэн хөдөөг зорьж, нэг литр түлшийг 2000 төгрөгөөр бөөндөж авч байгаа сурагтай.
ШТС-ууд нь дизель түлшний худалдаагаа зогсоож, харин дизель түлшний дамын наймаа ид цэцэглэж байгаа нь импортлогчдын ашиг олох нэг арга байж ч болохыг үгүйсгэх аргагүй юм. Ямар ч байсан автобусны үнэ нь 500 болбол, талх тариа, гурил будааны үнэ нь өсч ард түмний амьдрал улам л хэцүүдэх нь тодорхой. Тэгэхээр уул уурхайгаасаа олсон мөнгөөр иргэдээ орон сууцжуулж, эх орноо цэцэглүүлнэ гэсэн монголчуудын мөрөөдөл их санасан газар есөн шөнө хоосон хононо гээч болчихож магадгүй нь.
Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин