Ц.Азбилэгт Ерөнхийлөгчийн бэлгийг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

Ц.Азбилэгт Ерөнхийлөгчийн бэлгийг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Гурван сая дахь иргэнийг хүндэтгэн угтах, алдаршуулах Үндэсний ажлын хэсгийн дарга  П.Цагаан, Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Отгонжаргал  нар өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан Ц.Азбилэг, түүний аав, ээжид Ерөнхийлөгчийн мэндчилгээг дэвшүүлж, гарын бэлгийг гардууллаа. Гурван сая дахь иргэний чацуутан Азбилэг хүү чацуутнууд дотроосоо Төрийн ордонд зочилсон анхны зочин болсон юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ц.Азбилэг, түүний аав ээжид Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншин сонсголоо. Мэндчилгээнд “Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан Ц.Азбилэгт.

Даяар Монголын гал голомт мандан бадарч, монголчууд бид улам олуулаа болох бэлгэ ерөөл өнө мөнхөд оршиг. Энэхүү түүхэн цагийг түүчээлэн ачит аав, энэрэлт ээж, өргөн олныхоо магнайг тэнийлгэж мэндэлсэн бяцхан үр чамайг төр, түмнээ төлөөлж үнсье. Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан болж өсөн өнөржих ховор заяанд төрсөн чамд урт наслан удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Их түүхт, эрх чөлөөт Монголынхоо эзэн нь болох хувьтай төрсөн бяцхан иргэнийхээ эцэг эх, элгэн саданд чин сэтгэлийн баяр хүргэж гүн хүндэтгэл илэрхийлье.

Монгол хүн бол гурван цагийн хэлхээнд мөнх орших Монгол үндэстний хэл, соёл, түүх, уламжлал, эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл билээ. Иймийн учир миний дүү нэр төртэй, эрдэм төгс, сайн хүн болоорой” гэжээ.

Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан Ц.Азбилэг, түүний аав, ээжид зориулсан  Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэгт гурван сая дахь иргэнд зориулан гаргасан дурсгалын марк, Бөртэ чоно, Гоо маралын дүрс, үндэсний хээ угалз шингээж урласан бойтогны хонх, Монгол банкнаас гаргасан 500 төгрөгийн мөнгөн зоос, үндэсний үйлдвэрийн шоколад болон “Гурван сая Монгол” гэсэн бичигтэй хонины ноосон өлгий, ээжийн толгойн боолт зэрэг багтжээ. Мөн Ерөнхийлөгчийн өөрийн гараар бичсэн мялаалга үгийг гардуулан өгөв.

Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж дуусах үед Ц.Азбилэг хүү гунганан дуугарсан нь мэндчилгээг баярлан хүлээж авч буйн шинж боллоо гэж бэлэг гардуулсан хүмүүс бэлгэшээж байлаа.

Эх сурвалж: www.president.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж