Улаанбаатараас 420 км алслагдсан Өвөрхангай аймгийг зориод ирлээ. Хэдийгээр гадаа хаврын урь орж, нар шингэх цаг алгуурлаж байгаа ч Өндөр гэгээний мэндсэлсэн өлгий нутагт өнтэй өвөл болж байна. Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист мал аж ахуй эрхлэн таван төрлөөр нь өсгөн үржүүлж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж байгаа Улсын сайн малчдыг Сар шинийн баярын өмнө тодруулдаг.
Монгол Улсын Засгийн газраас XVII жарны Галзуурагч хэмээх модон хонь жилийн Улсын сайн малчнаар 70 хүнийг шалгаруулсны таван малчин нь Өвөрхангай аймгаас тодорчээ. УИХ-ын гишүүн Я.Содбаатар, тус аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар хөдөлмөрч чанар, бүтээлч ажлаараа онд өнтэй орсон олон зуун малчдын дундаас шалгарч Улсын сайн малчны болзлыг хангасан Өвөрхангай аймгийн Баянгол сумын V багийн малчин Цоодолын Батсайханы шагналыг өнгөрсөн баасан гаригт малчны хотонд нь гардуулан өглөө. Мал сүргийнхээ тоо толгойг өсгөж, тогтвортой амжилт гарган, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, мал сүргийнхээ үүлдэр угсааг чанаржуулан, өөрийн арга туршлагыг залуу халаа үедээ уламжлуулан өвлүүлж байдаг түүнийг Улсын сайн малчнаар шалгаруулсан нь нүдээ олсон шагнал байна хэмээн Я.Содбаатар гишүүн хэлээд Улсын сайн малчны өргөмжлөл, таван хошуу малын дүрийг мөнгөөр бүтээсэн баримал, энгэрийн тэмдгийг гардуулан өгсөн юм. Төрийн нуруу ч төвшин сайхан, сар шинэдээ золгохын өмнө Я.Содбаатар гишүүн маань малчны хотонд саатсанд бид ихэд билэгшээн байна. Аав ээжийнхээ буянаар энэхүү эрхэм цолыг хүртлээ хэмээн Улсын сайн малчин Ц.Батсайхан хуучилж байлаа.
Мөн энэ жил Өвөрхангай аймаг түүхэндээ байгаагүйгээр мал сүргээ өсгөсөн бахдам амжилтаар хөх морин жилээ үдэж байна. Тус аймаг өнгөрсөн онд малын тоо толгой таван төрөл дээрээ 4.1 саяд хүрсэн. Нийт малын тоогоороо Баян-Өндөр сум 328.6 мянган толгой малаар тэргүүлж, Богд сум 324.9 мянга, Бүрд сум 304.6 мянга, Уянга сум 272.4 мянга, Баянгол сум 268.0 мянган толгой мал тоолуулж, эхний таван байранд оржээ. Энэ нь байгаль, цаг уурын таатай нөхцөл, малчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.
Улсын сайн малчин Цоодолын хүү удам залгасан малчин тэрбээр өнгөрсөн жил 1800 гаруй толгой мал тоолуулж, эцэг өвөгдөөсөө уламжлагдаж ирсэн малч ухааныг залуу хойч үедээ өвлүүлэхэд хичээл зүтгэлж гаргаж, байгаль цаг уурын эрсдлийг гарз хохиролгүй даван туулж, айл саахалт, нутаг ус, аймгийнхаа малчин түмэнд үлгэр дуурайлал үзүүлснээр Улсын сайн малчны болзлыг хангажээ. Түүний аав Ч.Цоодол Монгол Улсын хошой аварга малчин, гавьяат нэгдэлчин бөгөөд аавынхаа малч ухааныг өвлөж ийнхүү удам залгасан улсын сайн малчнаар тодорч байна. Тэрбээр наймдугаар ангиасаа мал дагаж, 1989 онд 120 малтай өрх тусгаарлаж байжээ. 2003 онд аймгийн сайн малчны болзол хангаж, өдгөө 49 настайдаа Улсын сайн малчин болж байгаа юм. Голомт залгах гурван хүүтэй бөгөөд отгон хүүгээ багаас нь мал маллах арга ухаанд сургаж, залгамж халаагаа бэлдэж байгаагаа энэ үеэр дуулгасан юм.
Дашрамд дурдахад, Энэ жил Өвөрхангай аймгаас Баянгол сумын тавдугаар багийн малчин Цоодолын Батсайхан, Бүрд сумын нэгдүгээр багийн малчин Сэрээнэндоржийн Пунцаг, Нарийнтээл сумын дөрөвдүгээр багийн малчин Чимэддоржийн Дэгддорж, Хайрхандулаан сумын хоёрдугаар багийн малчин Шадваагийн Дэлгэрдалай, Баян-Өндөр сумын нэгдүгээр багийн малчин Гомбодоржийн Цэрэнпунцаг нар Улсын сайн малчнаар шалгарлаа.
Үүний дараа Аймгийн сайн малчин Т.Ганзоригийн шагналыг гардуулж өгсөн юм. Т.Ганзориг нь өнгөрсөн онд аймгийн шилдгийн шилдэг уяач алдрыг хүртсэн бол төрсөн хүү нь шилдэг унаач хүүхдээр тодорчээ. Тэрбээр “Манай гал өнгөрсөн онд улсын бүсийн уралдаанаас хоёр түрүү, хоёр айраг хүртсэн. Нийтдээ зургаан насны морь уяж байгаа. Энэ онд анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой тохиож байгаа учир хурдан хүлгүүдээ сойхоор бэлдэж байна” гэлээ. Мөн орчин үеийн залуучууд мал маллахаас татгалзаж байгаад харамсч байгаагаа дуулгаад, туслах малчин авч ажиллуулахад ч хүндрэлтэй байгаа гэв.
Б.ДАВААТОГТОХ