Чингай балгасыг яагаад судлах болсон бэ?

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

Чингай балгасыг яагаад судлах болсон бэ?

-XIII зууны Монголын эзэнт гүрэн Чингис хаан төв Азид довтлон явах замдаа байгуулаад ашиглаж байсан цэргийн түшиц хот Чингай балгас юм-

Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг Говь-Алтай аймгийн Шарга сумын нутгаас архелогийн сорилын малтлага хийсэн талаараа өчигдөр (II.16) сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Японы эрдэмтэн К.Мацуда, Т.Мураока нартай ярилцлаа.

-Чингай балгасыг яагаад судлах болсон бэ?

-Бид XIII зууны үеийн түүхийг судлаачид. Тиймээс тухайн үед монголчууд яагаад хүчирхэг болсон бэ асуулт байнга бидний анхаарлыг татаж байдаг. Мөн өргөн уудам тал нутгийг яаж эзлэж чадав гэдэг нь судлаачдыг эрхгүй соронзоддог юм. Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулж, улмаар цааш улам хүчирхэгжих үйл явц нь маш нарийн төлөвлөгөөтэй шат дараатайгаар хийгдсэн. Түүний нэг гол үндэс нь бол Чингай балгас байжээ гэж бид дүгнэж байгаа. Чингай балгас бол Монголын эзэнт гүрний эхэн үед Чингис хаан өөрийн цэргийн түшиц болох Чингай хотыг байгуулсантай холбогддог. Тухайн үед Чингай цэргийн жижиг хот, мөн үйлдвэрийн түшиц газар байсан. Монголын хамгийн баруун хэсэгт байгаа энэ хот. монголчуудыг баруун тийш газар нутгаа тэлж, томроход хамгийн гол нөлөө үзүүлсэн. Мөн тэр орчимд тариалан эрхэлдэг байсан нь тогтоогдсон. Тэгэхээр энэ нь ганц монгол үндэстэн амьдраагүйг харуулж байна. Чингис хаан тухайн үед эзэлж байсан газар нутагтаа техник технолигид ур чадвартай хүмүүсийг цуглуулж, үйлдвэрлэл бий болгож, түүнийхээ үр дүнд байлдан дагууллыг хийсэн байна. Тэр хүн Монголын эзэнт гүрнийг байгуулж, улмаар цааш улам хүчирхэгжих үйл явц нь маш нарийн төлөвлөгөөтэй шат дараатайгаар хийгдсэнийг түүхийн эх сурвалжууд баталж байна.

Баруун гар талаас 13-р зууны үеийн судлаач, профессор К.Мацуда, профессор Т.Мураока.

 

-Чингай балгасын газар зүйн байрлалыг хэрхэн тогтоосон бэ?

-Чингис хааны Төв Азид байлдан довтолж байх үеийн хамгийн тохиромжтой газар бол баруун зүг байсан. XIII зуунд явж байсан хүний аян замын тэмдэглэл зэрэгт судалгаа үндэслэгдэж байна. Тиймээс одоогийн Говь-Алтай аймгийн нутаг Шарга сумын нутаг Халзан ширэг хэмээх газарт археологийн сорилын малтлага хийгээд, олдворын нас тогтоох аргаар тус газар нь XIII зууны Монголын эзэнт гүрэн Чингис хаан төв Азид довтлон явахын төлөө замдаа байгуулаад ашиглаж байсан цэргийн түшиц хот Чингай балгас мөн гэдгийг тодорхойлсон. Яагаад гэхээр Хар хориноос цэргүүд явуулж байснаас Чингай балгасаас явуулсан нь дээр байсан. Тэнд тариа тарьдаг 2000 гаруй цэрэг байсан гэдэг. Хятад, Сүрчин, Солонгос зэрэг 2136 цэрэг байсан гэж тоолсон байдаг. Харин эдгээр цэргүүдийг 4-5 жилийн хугацаанд сольдог байсан. Хязгаар нутагт тариалан тарьдаг хүнд орчинд байдаг учир цэргүүд ядардаг гэж үзсэн байна. Тухайн үед бол эдгээр цэргүүд нь гадаад биш Монголын эзэнт гүрэнд харьяалагдаж байсан болохоор Монгол цэргүүд болж байна. Тиймээс бид үүнийг баталгаатай болгохын тулд өнгөрсөн оны наймдугаар сард архелогийн малтлага хийж баталгаажууллаа. Энэхүү малтлагаас гарсан ваар, яс зэрэг олдворуудыг Японд шинжлүүлж, XIII зууны үеийнх гэдгийг тогтоосон.

-Чингай хотод хичнээн цэргүүд байсан бол. Энэ тоог гаргаж чадсан уу?

-Цэргийн тоог одоохондоо хэлэхэд хэцүү байна. Чингай балгаст Бумбын шашны сүм хийд байсан. Мөн тариа тарьдаг Хятад цэргүүд олон байсан. Тэгэхээр тэнд зөвхөн монголчууд амьдарч байгаагүй. Яагаад гэхээр монголчууд бол тариа тарьдаггүй байсан. 10000 цэрэг байсан гэдэг бол багцаалсан тооцоолол юм. Тариа тарьдаг цэрэг бол 2200 байсан гэсэн тоо байдаг. Мөн зарим үед 5000 монгол цэрэг байсан гэж үздэг. Цааш Алтайг даваж, Шинжайд эдгээр цэргүүдийг дайчилж байсан нь судалгаанд өгүүлэгдсэн байдаг. Тиймээс бид үүнийг улам баттай болгохын тулд нарийвчилсан судалгааг Говь-Алтай аймагт хийсэн юм. Би дахин хэлье. Тухайн үед Чингис хааны төлөвлөгөө маш нарийн байсан учир энэ бүхэн учиртай байсан байх.

-Малтлага судалгаагаараа ямар хэрэгсэл гарсан бэ. Мөн та бүхэн 2004 онд анхны судалгаагаа хийж байж.

-Бид Халзан ширэг балгасын гадаад байдал, ерөнхий бүтэцтэй танилцаад, сорилын малтлагыг уг балгасны шороон хэрэм доторхи овгорт болон хэрмийн дотор талд явуулсан. Эндээс олон тооны ахуйн хэрэглээний ваар савны хагархай, бод, бог малын яс, төмөр хайлуулж байсан бололтой төмөрийн баасны үлдэгдэл, төмөр болон ясан эдлэлүүд илэрч олдсон юм. 2004 оны үед анх эл балгасны туурьт хэмжилт судалгаа, дэвсгэр зураг хийх явцад дээрхтэй ижил тооны ваар савны хагархайнууд илэрч олдсоноос гадна эртний уламжлалт Хэ Ци, Бай Ци, Ци Жоу, Жүн Яао гэх мэт төрлийн цагаан, хөх шаазангийн хагархай цөөнгүй илэрч олдсон. Эдгээр нь Монголын эзэнт гүрний үед хамаарах билээ.

-Энэхүү Чингай балгасыг олон орны эрдэмтэд судалсан байх юм. Харин эдгээр эрдэмтэд Монголд ирж судалгаа хийгээгүй гэсэн үг үү?

-Тиймээ. Чингай балгас чухам хаана байсан юм бэ гэдэг талаар олон улсын эрдэмтэд судалж ирсэн байдаг. Харин эндээс эрдэмтэд таван санал дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл эдгээр эрдэмтэд сургалтын мэдээлэлд тулгуурлан Чингай балгас энд байгаа болов уу гэсэн таамаглалыг дэвшүүлснээс бус яг бодитоор тухайн газар нутаг дэвсгэр дээр харьцуулж үзсэн зүйл биш юм. Тэд уул нуурыг газрын зураг дээр хайгаад энд тийм зүйл байна гэдэг таамаглалаар гаргасан байдаг. Бидэн шиг яг тухайн газар нутагт очиж, тэмдэглэлд дурдсанаар Алтайн уулс, нүүрсний уурхай байна уу гэдгийг нарийвчлан нотолж гаргаагүй юм. Тиймээс эдгээр эрдэмтдийн дэлхийн бичгэн судалгаан дээр тулгуурлан гаргасан судалгааг үндэслэн таван санал гаргасан байдаг.

-Таван санал гэлээ. Үүнийг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

-Чингай балгасын талаар олон улсын эрдэмтэд судалсан байдаг гэж дээр дурдсан. Үүнээс үндэслээд дараах таван саналыг дэвшүүлсэн. Үүний нэгд Цаст Богд уул (Сутай уул)-ын хавьд буюу түүний хойд хэсэгт буйг судлаачид гаргасан байдаг. Хоёрт Хятадын эрдэмтэн Ван Гуовейний санал байна. Энэ хүн Чингай балгасын Чанчүн бомбо баруунши жуулчилсан тэмдэглэлд гардаг Чингай балгасны урд буй Абуган уулыг Манж Чин улсын үеийн газрын зурагт буй Архун уулыг гэж үздэг. Өөрөөр хэлбэл XVIII-XX зууны үеийн газрын зураг дээр тэмдэглэгдэж байсан Архун уул. Энэ Архун уул бол одоогийн Хасагт Хайрхан юм. Үүнд нэмж хэлэхэд, Монгол улсын судлаачдаас Пэрлээ гуай Хасагт-Жаргалангийн хавьд буй Гүзээн тээл хэмээх эртний тариалангийн газрын ор мөр Чингай балгасыг мөн гэж үзсэн. Энэ нь Хятадын Ван Гуовений саналтай ижил юм. Гуравдугаарт, Хонгконгийн Чен Жоншиан судлаач Чингай тариалангийн газрыг Ховдын Хар-Ус нуурын урд эрэгт байх ёстой гэж үзсэн. Дөрөвдүгээрт, Хятадын Нанжин их сургуулийн Чен Дэжи судлаач бол Чингай балгасыг өмнө Хайрханы ар тал буюу Ховд аймгийн нутагт байх Дөргөн нуурын урд эрэгт буй гэж үзсэн байдаг. Харин тавдугаарт Японы эрдэмтэн Ооба Шооичи гэдэг судлаач Чанчүн бомбын тэмдэглэлийг судалж, дээрх дөрвөн эрдэмтдийн өмнө нь дэвшүүлж байсан саналыг харьцуулж үзсэний дүнд Дарвийн нурууны ар талд байна гэж дүгнэсэн байгаа.

-Эдгээр таван санал бол эрдэмтдийн сургалтын мэдээллээс гарсан дүгнэлт болж. Гэтэл та нарын судалгаа бол тухайн нутаг дэвсгэр дээр судалгаа хийсэн байна. Магадгүй энэхүү судалгааг хийхэд Чингис хаантай уулзах гэж явсан Чанчүн бомбын тэмдэглэл их үүрэгтэй байж, тийм үү?

-Бид Чингай балгасыг нарийн тогтоохын тулд Чанчүн бомбын тэмдэглэлийг ашигласан. Уг тэмдэглэлд тэрээр Чингай балгасаар дайраад Төв Ази рүү явахад ямар байсан талыг ашигласан. Өөрөөр хэлбэл, тухайн тэр газар нутагт ямар үндэстэн амьдарч байсан, тэр нутгаас гарахад ямар үндэстэн үлдсэн зэрэг нь тухайн орчин нөхцлийг илтгэсэн. Тиймэс Чанчүн бомбын тэмдэглэл их үүрэгтэй юм. Энэ тэмдэглэлд өгүүлснээр Чингай балгас нь урд болон хойд талдаа уултай байна. Өмнө талд үргэлжлэх цаст нуруу бараална. Үүнийг Алтан уул гэж нэрлэнэ. Чингай балгас байгаа газар бол их хуурай бөгөөд маш бага бороо ордог. Мөн баруун талд нуур буй бөгөөд нуурын хөвөөнд Салхийн дов гэж бий. Харин зүүн өмнө зүгийн уулын дотроос нүүрс олборлодог. Мөн зүүн талд хоёр булаг байгаагаас баруун талын нуур руу гол урсаж байна. Балгасны өмнө талд Авган хэмээн уул байх гэж тэмдэглэгдсэн байдаг. Эдгээр сурвалжид Чингай балгасын ойр орчимд байх уул ус, орчны байдал бол бидний зорьж очсон Халзан ширэг газартай таарч байгаа юм.

-Дээрх таамаглал тэгэхээр одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Халзан ширэг хэмээх газар болж таарлаа даа. Үнэхээр сонирхолтой санагдаж байна.

-Бид нарын олсон Халзан ширхэг газрын ард Хасагт хайрхан байна. Өмнө зүгт Алтайн нуруу бий. Чанчүн бомбын тэмдэглэлд дурдсанаар энэ орчинд бороо бага ордог. Тиймээс Говь-Алтай аймагт бороо бага ордог. Мөн Шаргын цагаан нуур байна. Нуурын хөвөөнд Таван толгой (Сэрүүхэн салхийн толгой) хэмээх цагаан шороон овгор бий. Зүүн өмнө зүгийн уулын дотор нүүрсний ил уурхай байдаг. Энэ уурхайг одоо ч ашиглаж байгаа. Мөн зүүн талд Шаргын ба Тахидаг булаг хэмээх хоёр булаг байгаа бөгөөд тэндээс Шаргын цагаан нуур руу Шаргын голын гол урсаж байна. Энэ нь дээрх Чанчүн бомбын тэмдэглэлтэй таарч байна. Эдгээр түүхэн сурвалж бичгийн баримт болоод архелогийн дүнд одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт буй Халзан ширэг балгас нь эртний Чингай балгас байсан хэмээн бидний судалгаанаас батлагдлаа.

-Дээр дэвшүүлсэн таван судалгаанаас аль нь ойр байсан бэ?

-Үүнд, дөрөвдүгээрт буюу Хятадын Нанжин их сургуулийн профессор Чен Дэжигийн саналыг их ойр байсан гэж үзсэн. Судлаач Чингай балгасыг өмнө Хайрханы ар тал буюу Ховд аймгийн нутагт байх Дөргөн нуурын урд эрэгт буй гэж үзсэн байдаг. Харин өнөөдрийн бид нарын судалгааны үр дүнд XIII зууны Чингай хот нь Хятадын Дөргөн нуур биш бөгөөд Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт байрлах Халзан ширэг хэмээх газар мөн гэдгийг харуулж байна.

-Үнэхээр таны хэлдгээр Чингис хааны төлөвлөгөө бол их нарийн байж. Бас магадгүй та бүгдийг энэхүү судалгаа цаг үеэ оллоо. Нарийн шинжилгээг Япон улсад хийлгэж баталгаажуулсан юм уу?

-Тийм ээ. Чингай балгасыг тогтооход нэгдүгээрт, тухайн хотын ойр орчмын газар зүйн байрлал таарч байна. Хоёрт тэндээс гарсан олдворууд туайн цаг үе буюу XIII зууны үеийнх гэдгийг нотолж чадлаа. Өнгөрсөн оны наймдугаар сард хийсэн судалгааны үр дүнд гарсан яс болон модны хэлтэрхийг Монгол улсын зохих газрын зөвшөөрөлтэйгээр Японд нарийн шинжилгээ хийж, олдворууд XIII зууны үеийнх мөн байна гэдгийг баталсан юм.

-Одоогоор энэхүү олдворуудыг хаана хадгалж байгаа бол?

-Үүнийг бол бид сайн мэдэхгүй. Монгол-Японы эрдэмтдийн хамтарсан судалгаа. Тиймээс Монголын талаас үүнийг хариуцаж ажиллаж байгаа.

-Одоо Чингай балгас гэж тогтоогдоод байгаа энэ нутагт байгалийн ашигт малтмалууд олдсон болов уу?

-Биднийг өнгөрсөн оны наймдугаар сард очиход тийм зүйл ажиглагдаагүй. Ямар нэгэн уурхайн нөөц олдлоо гэсэн мэдээлэл гараагүй байсан. Тэрийг бол сайн мэдэхгүй юм байна.

 

Сонирхуулахад, Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн багт Монголын талаас профессор А.Очир, дэд профессор Л.Эрдэнэболд, Японы талаас XIII зууны үеийн судлаач, профессор К.Мацуда, профессор Т.Мураока, монголч эрдэмтэн, профессор Т.Мацукава нар багтжээ.

Судалгааны багийнхний хэлж байгаагаар олдсон олдворууд Нүүдлийн соёл иргэншлийн олон улсын судалгааны лабораторид хадгалагдаж байгаа бөгөөд нарийвчилсан судалгааны дараа улсын музейд хүлээлгэн өгөх юм байна.

Түүхэн сурвалж бичгийн баримт болоод архелогийн малтлагын дүнд одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт буй Халзан ширэг балгас нь эртний Чингай балгас байсан хэмээн болж болохыг “Бичээс” төслийн багийны судалгаа баталжээ.

Орчуулагч н.Оюунжаргал.

Ярилцсан: Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж