Зуун дамжсан аав, хүү баатрууд

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

Зуун дамжсан аав, хүү баатрууд

-Дархан аварга Жигжидийн Мөнхбатын хүү Даваажаргал эцгийн алдар сууд хүрч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Аав, хүү Хөдөлмөрийн баатар цолтон төрсөн анхны тохиолдол энэ ажээ-

Сүмо бөх монгол хүний амжилтаар түүхийн уртад, зууны туршид бахархаж явах учир бүрдсэн тэр өдөр 2015 оны 01 сарын 23. Энэ өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал ялагдашгүй, дийлдэшгүй хүчийг харуулж, их сүмогийн ертөнцөд 33-таа түрүүлсэн юм. 

Энэ амжилтад хаан суусан Хакүхо аваргын гэр бүлд өнөөдөр түүхэн өдөр тохиож байна.

Тэдэнд төдийгүй Монголд урьд өмнө байгаагүй учир тохиол бүрдэж, Монгол Улсын даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын хүү Даваажаргал эцгийн алдар сууд хүрч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртэж байна. Аав, хүү Хөдөлмөрийн баатар цолтон төрсөн анхны тохиолдол энэ ажээ.

XX зуунд түүний аав, олимпийн мөнгөн медальт /1968 он, Мехико/, үндэсний бөхийн дархан аварга Ж.Мөнхбат Хөдөлмөрийн баатар цолыг төр, түмнээсээ хүртэж явсан бол XXI зуунд түүний хүү хөдөлмөрөө үнэлүүлж, БААТАР боллоо. Зуун дамжсан баатрууд, удам дагасан их бөхчүүд, их аваргууд эцэг, хүү хоёр байх эрхэм учрал ховор билээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хосууд Монголд ганцхан байдаг нь Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нарын гэр бүл бол аав, хүү хоёр Хөдөлмөрийн баатар болсон анхны түүхийг Дархан аварга Ж.Мөнхбатын хүү Даваажаргал ийн бүтээлээ.

Хакүхо өнөөдөр шагнал авсан сэтгэгдлээ хуваалцахдаа "Би дэлхийн хаана ч байхгүй, энэ их хүндэтгэлт шагналыг хүртэж байгаадаа маш их баяртай байна. Тэр тусмаа Хөдөлмөрийн баатар аавынхаа дэргэд зогсоод Хөдөлмөрийн баатар болж байгаадаа туйлын баяртай байна" гэж онцлов.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их аварга Хакухо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол хүртээх үеэр хэлсэн үгэндээ “Япон Улсын мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны барилдаанд 33 удаа түрүүлэн түүхэн шинэ амжилт тогтоосон, дархан аварга Мөнхбатын хүү Даваажаргал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байна. Монголчууд агуу хүчит аав, хүү баатартай боллоо” хэмээн шинэхэн Хөдөлмөрийн баатарыг онцлон тэмдэглэсэн юм.

Өнөөдөр төрийн дээд одон медаль хүртсэн сүмочдын сэтгэгдлийг хүргэе. Өнөөдөр мөн ёкозүна Какурюү М.Ананд Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн бол Асасэкирюү Б.Дашням Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан билээ.

Гавьяат тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал:

-Аав минь “Өөрийгөө 20-р зуунд аварга болсон. Харин хүү минь 21-р зуунд аварга болсон” гэж ярьдаг. Найман жилийн өмнө аварга болж байсан. Энэ жил 33 түрүүлж, сүмод түүхэн амжилт гаргалаа. Ард түмэн, аав, ээжээ баярлуулж, Төрийн хүндтэй цолыг аваад зогсож байгаадаа сэтгэл өндөр байна. Цааш, цаашдаа энэ амжилтаа хамгаалж явна. Та бүхний итгэлийг алдахгүйн төлөө хичээнээ. Ирж буй жилдээ эрүүл, энх байхыг ерөөж сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж хэлье.

Гавьяат тамирчин М.Ананд:

-Төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа. Мөн ах, дүү хамаатан садан, Сүхбаатар аймгийн Цогт сумынхандаа баярлаж явдгаа илэрхийлье. Та бүхнийхээ ачаар би Төрийн өндөр шагналыг хүртлээ. Цаашид олон түрүү авахын төлөө бэлтгэлээ сайн хийх болно.

УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр:

-Сэтгэл өндөр байна. Би сүмо бөхөд М.Даваажаргал, М.Ананд, Харамафүжи Д.Бямбадорж гээд энэ сайхан дүү нараа хөтөлж оруулсан байсан. Одоо бүгдээрээ цолтой бөхчүүд боллоо. Үнэхээр их баярлаж байна. Өөрөө Хөдөлмөрийн баатар авсан юм шиг л баярлаж байна. Сэтгэл хөдлөөд өглөө эрт босоод Гавъяатын тэмдгээ зүүгээд ирсэн.

Хакухо М.Даваажаргал нь:

  • Хамгийн олон түрүүлсэн
  • Хамгийн олон удаа дараалан түрүүлсэн
  • Хамгийн олон удаа уналгүй түрүүлсэн
  • Нэмэлт барилдаанаар хамгийн олон удаа түрүүлсэн зэрэг амжилтыг мэргэжлийн сүмо бөхөд үзүүлээд байгаа аж.

Б.БАДМАА, С.ОТГОНСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж