Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд Япон Улсын мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол хүртээв. Ерөнхийлөгч энэ үеэр хэлсэн үгэндээ “Золбоо хийморийн билэгдэл хөх морин жилийн төвөргөөн алсарч, хотлоор жаргах хонин жил айлчлан ирж байна. XVII жарны модон хонин жилийн босгон дээр эх орныхоо нэрийг даяан дэлхийд дуурсгаж яваа бид бүхний бахархалын эзэн, алдар хүндийн эзэд болсон гавьяат тамирчин, мөн хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа Монголын түүхийг бичилцэж буй багш эмч, малчин барилгачин, эрдэмтэн, архитектор, хилчин инженер, тамирчин, дасгалжуулагч, удирдаач зэрэг олон салбарын гавьяат үйлсийн эзэд маань төрийн эрхэм дээд цол тэмдэг хүртэж байна” гээд “Япон Улсын мэргэжлийн сумогийн дээд зиндааны барилдаанд 33 удаа түрүүлэн түүхэн шинэ амжилт тогтоосон, дархан аварга Мөнхбатын хүү Даваажаргал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байна. Монголчууд агуу хүчит аав, хүү баатартай боллоо” хэмээн шинэхэн Хөдөлмөрийн баатарыг онцлон тэмдэглэсэн юм. Морин жилийн баатар тодорсон өдөр шинэхэн Хөдөлмөрийн баатараас сэтгэгдлийг нь сонслоо.
Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал: Аав минь “Өөрийгөө 20-р зуунд аварга болсон. Харин хүү минь 21-р зуунд аварга болсон” гэж ярьдаг. Найман жилийн өмнө аварга болж байсан. Энэ жил 33 түрүүлж сүмод түүхэн амжилт гаргалаа. Ард түмэн, аав, ээжээ баярлуулж Төрийн хүндтэй цолыг аваад зогсож байгаадаа сэтгэл өндөр байна. Цааш, цаашдаа энэ амжилтаа хамгаалж явна. Та бүхний итгэлийг алдахгүйн төлөө хичээнээ. Ирж буй жилдээ эрүүл, энх байхыг ерөөж сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж хэлье.
Гавьяат тамирчин М.Ананд: Төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа. Мөн ах, дүү хамаатан садан Сүхбаатар аймгийн Цогт сумынхандаа баярлаж явдгаа илэрхийлье. Та бүхнийхээ ачаар би Төрийн өндөр шагналыг хүртлээ. Цаашид олон түрүү авахын төлөө бэлтгэлээ сайн хийх болно.
УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр: Сэтгэл өндөр байна. Би сүмо бөхөд ганц М.Даваажаргал, М.Ананд, Харамафүжи Д.Бямбадорж нарыг хөтөлж оруулсан байсан. Одоо бүгдээрээ цолтой болсон. Үнэхээр их баярлаж байна. Өөрөө Хөдөлмөрийн баатар авсан юм шиг л баярлаж байна. Сэтгэл хөдлөөд өглөө эрт босоод гавъяатын тэмдэгээ зүүгээд ирсэн.
Энэ үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор сүмоч Б.Дашнямыг мөн шагнасан юм.
Хакухо М.Даваажаргал нь:
- Хамгийн олон түрүүлсэн
- Хамгийн олон удаа дараалан түрүүлсэн
- Хамгийн олон удаа уналгүй түрүүлсэн
- Нэмэлт барилдаанаар хамгийн олон удаа түрүүлсэн
С.ОТГОНСҮРЭН