Цэрэг эрс тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2011.05.29-нд нийтлэгдсэн

Цэрэг эрс тангараг өргөлөө

Цэрэг эрс тангараг өргөлөө. Энэ оны эхний ээлжийн цэрэг татлага хэдийнэ дуусч, зэвсэгт хүчний ангиудад хуваарилагдан ирсэн бие бүрэлдэхүүн тангараг өргөх ёслол өнөөдөр улс орон даяар боллоо.

Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тангараг өргөх ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга генерал Борбаатар, ерөнхий зориулалтын цэргийн командлагч Р.Сүхбат нар оролцсон юм. Мөн хүүгээ, ханиа, ахыгаа, аваа цэрэгт үдсэн эцэг эх, бяцхан үрс тангаргийн баярын зочид боллоо.

Ижилхэн дүрэмт хувцсаар жигдэрч, хаврын нар, салхинд эрүүлжин борлосон шинэ цэргүүд өөр хоорондоо ялгагдахын аргагүй адилхан харагдана. Тэд тангаргийн баярыг угтуулан багагүй бэлтгэл хийж, жагсаалд хөл нийлүүлэн цэгцэрчээ. “Монгол Улсын иргэн … би хуулиар хүлээсэн иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун голомт, тусгаар улсынхаа төлөө…” гэж ягштал цээжилсэн тангаргийг нэг дуугаар уншиж, тэвхийтэл ёсолж байна. Туган дор сөгдөж, төрийн дуулал дор эгшиж, албаа эхлүүлж байгаа ээж, аавын хөвгүүдэд энэ өдөр хамгийн тод дурсамж болж үлдэх байх.

Батлан хамгаалахын сайд Л.Болд ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Дэлхий дээрх сая сая цэргүүдээс бид олон зуун жилийн дайчин уламжлалаа хадгалж буй монгол цэрэг” гэж онцлоод батлан хамгаалахын салбар дахь шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хөгжлийн бүхий л зорилтыг биелүүлэхэд өөрсдөөсөө шалтгаалах бүхэнд биеэ дайчлан оролцоорой гэж хүссэн юм. Харин 326 дугаар ангийн захирагч хурандаа Д.Отгон-Ерөөлт ангийн шинэ албан хаагчдадаа орчин нөхцөлдөө дасан зохицож, өөр хоорондоо эвтэй байж, Монгол Улсыг агаарын довтолгооноос хамгаалах болон олон талт үүргээ амжилттай биелүүлэхийг зөвлөж, захиж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн ангийн захирагчийн хувиар шинэ албан хаагчдынхаа ахуй нөхцөл, хоол хүнсийг ар гэрийнхэнд нь танилцуулахаа мэдэгдсэн юм.

Өөр хоорондоо ялгагдах аргагүй болсон шинэ цэргүүд хөл нийлүүлэн алхахдаа хараа дээгүүр, цээж тэвхгэр. Гэрийнхэн нь энд тэндээс “тэр ээ, энэ ээ” гэж нэрээр нь дуудавч нэг нь ч харц үл шиднэ. “Ээж, аавын хүү биш эх орны хүү болсон шүү” гэж хэлэх шиг цэв цэх, шув шулуун алхалсаар одлоо. Элдэв сайн, муу аашаа гээж, хатуужин төлөвших “их сургууль”-ийг ийнхүү эхлүүллээ.

Улсын хэмжээгээр энэ оны эхний ээлжинд хэчнээн цэрэг шинээр татагдан ирснийг ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбатаас тодруулсан юм. Тоо нууц. “Үндсэндээ Улаанбаатар хотын бүх дүүрэг, 21 аймгаас цэрэг татлагад хамрагддаг. Дотоодын болон цэргийн Зэвсэгт хүчний ангиудын нөхөн хангалтыг хийсэн” гэдэг товч хариултыг генерал өгч байна.

З.БОРГИЛМАА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж