-“АН-ын балгийг үүрэлцэх шаардлага байгаа ч уу, үгүй үү” гэсэн барим тавим мэдэгдлийнхээ араас баахан бараан будаг АН руу цацсаныг бодвол МАН-ын хувьд нэрээ цэвэрлэх, ирэх сонгуулийнхаа тактикийг боловсруулах ажилд шилжиж байгаа бололтой-
Ардчилсан намын тэргүүлж буй шийдлийн Засгийн газарт уригдан орсон МАН-ыг “хамтдаа хөгжлийн гарц хайж байгаа” хэмээн ард иргэд итгэсээр ч тэд аль хэдийнэ нүүрээ буруулсан бололтой.
Улс орон, эдийн засаг хүнд үед хоёр нам хамтарч ажиллах нь нөхцөл байдлыг дээрдүүлнэ гэдэг найдвар сонгогчдод байсан ч энэ нь талаар болж буйг илэрхийлсэн мэдэгдлийг МАН-ын хариуцлагатай гишүүд өнгөрсөн долоо хоногт ил тод хэлжээ. Иргэд, сэтгүүлчидтэй хийсэн “Ардын индэр” чөлөөт уулзалт хэмээх арга хэмжээг МАН-ын байранд зохион байгуулж, энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Засгийн газрын гишүүд болох Ж.Эрдэнэбат, С.Чинзориг нар мэдээлэл хийсэн байна.
Тэдний хэлсэн үг, хийсэн мэдэгдлээс харахад хамтарч засаг барьж буй нам, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн танхимын гишүүд гэх сэтгэл огт цухалзсангүй. Ардчилсан нам эдийн засгийг элгээр нь хэвтүүлснийг ихээхэн гайхахын зэрэгцээ улс төрийн өчүүхэн гэмээр арга саам тоочин “Бид заавал ачаанаас үүрэлцэх шаардлагагүй болж байна” хэмээн Ерөнхий нарийн бичгийн дарга нь мэдэгджээ. Засагт ороод удаагүй ч сонгууль хүртэлх үлдсэн цаг хугацаанд өөриймсөг сэтгэлээр хандаж, ягтаа тулсан эдийн засаг, ядарсан ард түмнийг бодох шаардлага МАН-д үгүй юм байна. Тэрчлэн МАН-ын хувьд ирэх сонгуулиар гартаа барьж орох хөзрийн мод л чухал байгаа юм байна. Засагт орсноос хойшх богино хугацаанд улс орноо аврах арга замыг биш АН-ыг харлуулах баримтуудыг хайсан гэлтэй Ж.Эрдэнэбат, С.Чинзориг нарын сайдууд баахан бүтэлгүй тоо, тооцоог уулзалтын үеэр зарлажээ. Өчигдөрхөн тэнгэрээс бууж ирсэн хүмүүс шиг хэдэн жилийн өмнөх хөөсөрсөн өсөлтийг өнөөдрийнхтэй харьцуулж, АН хоёр жилийн хугацаанд улс орныг ингэтлээ уруудуулсныг гайхсан нь гэнэн гэмээр явдал. Хэзээний ямар бодлогын үр дагавар өнөөдөр ийм байдалд хүргэснийг тэд мэдэхгүй байна гэдэг үнэмшилгүй биз дээ?
Засгийн газарт хамтрахыг зөвшөөрсөн л бол аль намын сайд байх нь хамаагүй нэг танхимын гишүүд гэдэг эв санаа чухал баймаар.Цаашид сонгуулийн хууль, эрх зүйн тогтолцооноос хамаарч аль нэг нам дангаар эрх барьж даналздаг бололцоо улам бүр хомсдоно. Улс төрийн намууд хүссэн ч эс хүссэн ч хамтарч Засгийн газраа байгуулах өнөөдрийн жишиг хэвшил болохоор байна. Ийм нөхцөлд харилцан бие биеэ хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх соёлд намууд, улс төрийн хүчнүүд суралцах шаардлагатай болж буй нь үнэн. “Ардын индэр” нэртэй дээрх уулзалтын үеэр сайд С.Чинзориг Ардчилсан нам боловсон хүчний нөөц муутайг гайхаж, “Улс орон өнөөдөр ийм хүнд байдалтай болсон нь үнэндээ Ардчилсан нам боловсон хүчний чадавхигүй байсантай холбоотой” гэж мэдэгджээ. Шинэ үеийн олон зуун залуус үзэл бодол, итгэл үнэмшлээрээ ардчилсан хүчнийг дагадаг, тэдэн дунд өнөөгийн сайд, дарга нараас хувь илүү чадвартай боловсон хүчнүүд хэдэн арваараа бийг хэн ч үгүйсгэж болохгүй. Харин Ардчилсан намын хувьд сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд засгийн эрх барих бололцоо хоёр удаа л тохиосон бөгөөд төрийн албанд өөрийн боловсон хүчнээ байршуулах боломж энэ хэрээр хязгаарлагдмал байсан нь үнэн юм. Аливаа сонгуулийн дараа удирдах албан тушаалд Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт зарладаг ба наад зах нь төрийн албанд гурван жил ажилласан байх ёстой гэдэг шалгуурыг тавьдаг. Энэ шалгуур нөхцөлийг хангах, төрийн албанд удах бололцоо үнэндээ АН-ын боловсон хүчнүүдэд бараг гарч байсангүй. АН-ын энэ гачлан дээр МАН үргэлж тоглосоор ирсэн. Өнөөдөр мөн адил. МАН шийдлийн Засгийн газарт хамтарсан энэ богино хугацаанд өөрийн боловсон хүчнээ төрийн албанд байршуулах ажлыг амжуулсан, бас сонгуульд барьж орох “хөзрийн мод”-оо ч цуглуулсан гэж учир мэдэх хүмүүс ярилцаж байгаа нь үнэний ортой.
“АН-ын балгийг үүрэлцэх шаардлага байгаа ч уу, үгүй үү” гэсэн барим тавим мэдэгдлийнхээ араас баахан бараан будаг АН руу цацсаныг бодвол МАН-ын хувьд нэрээ цэвэрлэх, ирэх сонгуулийнхаа тактикийг боловсруулах ажилд шилжиж байгаа бололтой. Аливаа сонгууль улс төрийн намуудын хооронд болдог өрсөлдөөн. Өнөөдөр хамтрагч ч гэлээ өөр нэг өдөр өрсөлдөгч нь болно гэдгээ Ардчилсан нам ч бас бодох цаг болсон биш үү?
З.БОРГИЛМАА