Архангайгаас найман улсын сайн малчин төрлөө

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

Архангайгаас найман улсын сайн малчин төрлөө

Монгол Улсын төр, засаг малч түмнийхээ хөдөлмөрийг үнэлж, эх орны алтан соёмбот тэмдгээр энгэрийг нь мялаасан баярт агшин улс орны өнцөг булан бүрт өнгөрөгч амралтын өдрүүдэд тохиолоо.

Архангай нутгийн зон олон өнөө жил хоёр дахь удаагаа буянт малынхаа тоо толгойгоор улсдаа тэргүүлсэн бол Арын сайхан хангайгаар овоглосон хамгийн олон буюу 8 малчин дуудах нэрийнхээ өмнө “УЛСЫН САЙН МАЛЧИН” хэмээх эрхэм алдрыг хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимээр залжээ.  Монгол Улсын Засгийн газрын  уг шагналыг УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат нараар ахлуулсан төлөөлөл малч өрхүүдийн хотонд хүрч, хүндэтгэл үзүүлэн, олгосон байна.

Өнөө жил Архангай аймаг улсын хэмжээнд Хамгийн олон мал буюу 6.8 сая толгойг тоолуулж, тэр дундаа Хамгийн олон хоньтой, Хамгийн олон үхэртэй аймгаар шалгарснаас гадна тус аймгийн Эрдэнэмандал сум “Улсын тэргүүний сум”, “Монгол Улсын хамгийн олон хоньтой сум”-аар, Өндөр-Улаан “Монгол Улсын хамгийн олон үхэртэй сум”-аар тус тус тодорсон юм. Түүнчлэн Монгол Улсын 3 сая дахь иргэний үе чацуутан 8 иргэн Архангай нутгийн харьяат болон мэндэлснийг зон олон бахархан бэлгэшээж байна.

С.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж