Украины талууд хүнд зэвсгээ татсангүй

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

Украины талууд хүнд зэвсгээ татсангүй

 

Украины зүүн хязгаарт гал зогсоох гэрээний нөхцлийн дагуу мягмар /II.16/ сөргөлдөгч талууд хүнд зэвсэг, техникээ тулааны бүсээс татах байсан ч аль аль нь биелүүлсэнгүй. Украины Засгийн газрын арми болон Оросыг дэмжигч салан тусгаарлагчид өнгөрсөн даваа гаригт /II.15/ “Минск 2” гал зогсоох гэрээний дагуу тулаанаа зогсоосон юм. Гал зогсоох гэрээ хэрэгжиж эхэлсэн хоёр дахь өдрөөс талууд хүнд зэвсэг, техникээ тулааны бүсээс  татаж, 50-140 км өргөн зэвсэггүй бүс тогтоох ёстой байв. Гэвч Украины Засгийн газрын зүгээс бүслэлтэнд орсон Дебальцево хотод тулаан зогсохоос нааш зүүн хязгаараас хүнд зэвсэг, техникээ эргүүлэн татахгүй гэж мэдэгдсэн байна. Харин Оросыг дэмжигчид эхлээд Украины арми хүнд зэвсэг, техникээ татах ёстой хэмээжээ. Дебальцево хотод Киевийн Засгийн газрын армийн 8000 цэрэг салан тусгаарлагчдын бүслэлтэнд байгаа аж. Оросыг дэмжигч салан тусгаарлагчид тусгайлан Дебальцево хотод гал зогсоох гэрээ үйлчлэхгүй хэмээн мэдэгджээ.

 

Үүний зэрэгцээ Украины зүүн хязгаарт дахин гал зогсоох гэрээ хэрэгжихгүй бол Европын холбооноос ОХУ-ны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг Беларуст болсон уулзалтын үеэр мэдэгдсэн билээ. “Нормандын дөрвөл” өнгөрсөн пүрэв гаригт / II.12/ Беларусын Минск хотод уулзан Украинд гал зогсоох хэлэлцээрийг байгуулсан юм. Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Киевийн ерөнхийлөгч Пётр Порошенко нар Беларуст уулзан, Украины зүүн хязгаарт гал зогсоох хэлэлцээрийг дахин байгуулсан юм. Өмнө нь өнгөрсөн есдүгээр сард Украины зүүн хязгаарт гал зогсоох гэрээг байгуулж байсан ч хэрэгжээгүй билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж