"Урт нэртэй" хуулийн дагаж мөрдөх журманд өөрчлөлт оруулахгүй байх нь цөөн хүнд ашигтай
Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболдтой ярилцлаа.
-Алтны холбооны компаниуд 2014 онд нийтдээ яг хэдэн тонн алт тушаасан бэ?
-Манай холбооны гишүүнчлэлтэй, алтны дотоодын компаниудын Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 13 тонн хүрсэн. Энэ нь Оюутолгой, Бороо гоулд компаниуд ороогүй дүн. Оны эхэнд тав орчим тоннын хүлээлттэй байсан. Харин оны төгсгөлд 13 тонн хүрсэн нь алтны татвартай холбоотой хуулийн эерэг өөрчлөлт, эрхзүйн таатай орчин бүрдсэний шууд үр дүн л дээ.
-Мөнгөн дүнгээр илэрхийлбэл…?
–13 тонн алт гэдэг маань 520 орчим сая доллар. Ийм хэжээний валютын дотоодын нөөцийг алтны компаниуд бий болгож чадлаа.
-2.5 хувийн хөнгөлөлтийн хууль гараагүй байхад Монголбанкинд жилд хэдэн тонн алт тушаадаг байсан бэ?
-Хуулийн энэ өөрчлөлтөөс өмнө жилд зургаа орчим тонныг л тушаадаг байсан.
-Хэрвээ 2.5 хувийн хөнгөлөлтийн энэ хуулийг батлаагүй, эрхзүйн таатай орчин бүрдүүлээгүй байсан бол 2014 онд ингэж 13 тонныг тушааж чадах байсан болов уу?
-Чадахгүй, чадахгүй. Өмнөх онуудынхаа жишгээр л явах байсан. Гэтэл өнгөрсөн онд яагаад нэмэгдэж байна вэ гэхээр далд эдийн засагт, ченжүүдийн гараар явдаг байсан алтны хэмжээ нь эрхзүйн таатай орчны нөлөөгөөр ил гараад ирж байгаа энэ юм. Ченжүүдийн гараар алддаг байсан мөнгөө Монгол банк өөрөө авч, улсынхаа валютынхаа нөөцийг нэмэгдүүлэх боломжтой болсон. Энэ нь аливаа зах зээлийг хориглож хатуурхах биш, боломж бололцоог нь нээж өгвөл аль аль талдаа эерэг тусдагийг харуулж байгаа юм.
-Тэгвэл Монгол банкинд тушаадаг алт тушаалт нэмэгдсэн байхад валютын нөөц багасч, долларын ханш өсөөд байдаг нь ямар учиртай юм бэ?
–Алтны компаниуд 520 сая доллар бий болгож өглөө. Гэтэл энэнээс давсан их хэмжээний төгрөгийг зах зээл дээр үнэ тогтворжуулах болон бусад нэрээр гаргачихсан байсан. 4 орчим их наяд төгрөг гэдэг байхаа. Гэхдээ алтны компаниудын бий болгож өгсөн 520 сая доллар бол долларын ханшийг магадгүй 2500-3000 төгрөг болохоос хамгаалахад том хувь нэмэр оруулж чадсан.
-Та өмнө нь манай холбооны компаниуд хэрвээ энэ хуулийг батлаад өгвөл төдөн тонн алт тушаана гэж ам гарч байсан. Тэгвэл одоо та 2015 онд, хэрвээ “Урт нэртэй” хуулиа батлаад өгвөл төдийг, баталж өгч чадахгүй бол төдийг тушаана гэж амлаж чадах уу, багцаагаар?
-Ерөнхийдөө Монголын шороон ордын алтны нөөц дуусч байгаа гэж ярьдаг. Тийм учраас шинээр болон ашиглаж байгаа орд дээрээ геологи уул уурхайн эрэл хайгуул хийсэн тооцоон дээр үндэслэж байж багцаа тоо гарч ирнэ. “Урт нэртэй” хуулийн тухайд бол хэн ч ойлгохоор энгийн хэдхэн тоо байгаа. Энэ хуулийн үйлчлэлд алттай холбоотой 218 орчим лиценз хоригт орчихоод байгаа юм. Эдгээр лицензит талбайд 130 орчим тонн алт байгаа. Энийг өнөөдрийн ханшаар бодвол таван тэрбум орчим долларын боломж бололцоо бидэнд бодитой байна гэсэн үг.
-Энэ нь нэг жилд олборлох алтны хэмжээ биш биз дээ?
-Биш л дээ. Гэхдээ уул уурхайн бусад салбар зогсонги байдалд орчихсон, техник, хүн хүчний илүүдэл үүсчихсэн өнөөдрийн нөхцөл байдлыг ашиглаж чадвал 3 жилийн дотор олборлож болно. Өөрөөр хэлбэл, 3 жилийн хугацаанд бид таван тэрбум доллараар эдийн засгаа өөрийн эх үүсвэрээр тэтгэх бололцоотой.
-Олон хүн хэлж байна л даа. Зэс, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уналаа. Ганц аврах найдвар нь бол алт боллоо. Тийм учраас “Урт нэртэй” хуулийг зайлшгүй батлах ёстой гэж. Та бас тийм бодолтой байгаа юу?
-“Урт нэртэй” хуулийг их л удаан хэлэлцэж байна. Өнгөрсөн оны намрын чуулганаас эхлээд бүтэн тойроод одоо дахиад намрын чуулган дээр ирээд он гараад явж байна. Үндсэндээ УИХ дээр очоод энэ хуулийг хэлэлцэх, батлах эсэх маргаан мэтгэлцээн хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Уг хууль маань батлагдсанаас хойш таван жил болж байна. Тэгсэн хэрнээ амьдрал дээр хэрэгжилтээ олоогүй, хэрэгжиж болдоггүй, “санаа сайхантай” боловч бодит байдалд огт нийцээгүй тийм л хууль. Ийм учраас энэ хуулиа хэрэгжүүлье, тэгэхдээ амьдрал, бодит байдалд нь нийцүүлж, дагаж мөрдөх журамд нь өөрчлөлт оруулъя гэсэн санаа л яваад байгаа юм. Түүнээс бус,” урт нэртэй хууль”-ийг хүчингүй болгоё, байхгүй болгоё гэж хэн ч хэлээгүй.
-Одоо тэгээд батлах найдвар, эсвэл батлахгүй байх бодитой шалтгаан байна уу?
-Яаж шийдэх эцсийн шийдвэрийг УИХ-ын гишүүд л гаргана. Харин бодит байдал дээр гэвэл өнөөдөр энэ хуулиас үүдэлтэйгээр хоёр салаа замын уулзвар дээр л ирчихээд байна. Энэ хоёр сонголтын аль ч тохиолдолд алт олборлолт хийгддэгээрээ хийгдэнэ. Хэрвээ энэ хуулийн дагаж мөрдөх журмыг батлахгүй гээд явбал цөөхөн хэдэн хүнд л ашгаа өгнө. Олборлолт хууль бусаар явна, үүнээс хууль хяналт, шалгалтын хүмүүсийн “ашиг орлого” л нэмэгдэнэ. Бас баялаг бүтээгч гээд байгаа хүмүүсээ гэмт хэргийн замруу түлхэж өгнө. Мөн уул уурхайн эрсдэл рүү орж зовж байхаар нөхөн олговроор баяжихыг санаархагчдад ашигтай. Хариуцах, хянах эзэн байхгүй учраас байгаль орчин сүйднэ. Үүний нөгөө талд, хэрвээ энэ хуулийн дагаж мөрдөх журмыг батлах юм бол, нийгэмд, Монголын эдийн засагт үр ашгаа өгнө. Байгаль орчноо нөхөн сэргээнэ, төр өөрөө нөхөн олговор гэх хиймэл өрнөөсөө сална. Бид ийм л хоёр замын уулзвар дээр байна. Өөрөөр хэлбэл, энэ журмыг баталж өгөөжийг нь нийтээрээ хүртэж, эдийн засгаа тэтгэх үү? эсвэл батлахгүй орхиж цөөн хэдэн хүний ашиг орлогыг хангах уу?
-Одоо тэгээд таны харж буйгаар батлахад юу нь болохгүй байна вэ?
-Бүх юмаа хольж хутгаад будлиад байх юм. Энэ чинь тус тусдаа асуудал. Сүүлийн үед хамгийн их хөндөгдөж байгаа сэдэв бол Гацууртын ордын тухай яриа байна. Ноён уулаа, дараа нь Бурхан Халдунаа ухах нь гэж УИХ-ын гишүүд мэдэгдэл хийж байна. Нэг ёсондоо нийгэмд ямар ойлголт төрүүлээд байна вэ гэхээр, Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмыг баталчихвал Ноён уул ч, Бурхан Халдунаа ч ухах нь гэж ялгаж салгахгүйгээр нөгөө л популизмаа хийж, нийгмийг турхирч байна. Үүнийг алсуур нь, томоор нь харвал Монгол Улсыг сул дорой, хагархай бутархай, хөгжүүлэхгүй байлгах бусдын бодлого явж байгаа юм биш биз ч гэж хардахад хүргэж байна. Энэ олон популизм хийдэг зарим улстөрчид санаатай санаандгүйгээр бусдын гар хөл болоод байгаа юм биш байгаа даа гэж заримдаа бодогдох юм. Хүнд жаргал, зовлон, амжилт, ер нь юу ч тохиолдсон бай мэдээллийн доор явж байгаа комментууд нь нэгнийгээ доромжилсон, хараасан “менежмент” яваад байна уу даа. Бас зохион байгуулалттай ийм хатгалгад хэвлэлийнхэн өртчих вий гэж санаа зовдог. Бид улс орон хөгжихгүй байна, улстөрчид, эдийн засагчид ажлаа хийхгүй байна гэж шүүмжилдэг нь зөв. Тэгвэл улс орны хөгжилд, эдийн засаг өсч босоход хэвлэлийнхэн ямар үүрэг гүйцэтгэх ёстойг огт ярихгүй байгаа. Монголчууд бид зовсон нэгнээ ч, жаргаж яваа нэгнээ ч адилхан хараадаг, зүхдэг, эв нэгдэлгүйгээр эвгүй муухайгаар ханддаг энэ зангаа одоо болимоор байгаа юм. Хүн, нийгмийг хариуцлагажуулж, хүн төрөлхтнийг иргэншүүлэх хөшүүрэг бол “шилэн данс” гэдэгтэй адил хүн өөрөө ил тод байх явдал. Бид иргэншсэн нийгэмд амьдарч байгаа л бол ил тодоор, эрүүлээр шүүмжлэх ёстой. Тэгэхгүйгээр ямар нэгэн нэр хаяггүйгээр, нуугдаж байгаад бусдыг гүтгэж доромжилдог бохир технологийг хамгийн түрүүнд хэвлэл мэдээлийнхэн та нар өөрсдөө зогсоох хэрэгтэй! Яагаад гэвэл хэвлэл мэдээлэл бол нийгмийн өнгө төрх, хэв маягийг тодорхойлж, нийгмийг залж явдаг салбар. Гэтэл зарим нь өнөөдөр харин ч ийм бохир технологийг өдөөн турхирч, хүний нийгмийг зэрлэгшүүлж байна. Энэ тал дээр анхаарч нийгмээ зөв төлөвшүүлж, иргэншүүлэх дээр хэвлэл мэдээллийн салбар маш том ажил хийх хэрэгтэй. Энэ бол Монгол Улсын эдийн засгийн өсөлт амжилтанд хэвлэлийнхний оруулах гол хувь нэмэр, гүйцэтгэх үүрэг.
-Хэрвээ “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмыг батлахгүй бол эдийн засаг илүү хүндрэх үү? Эсрэг талд нь баталчихвал одоо байгаа хүндрэлийг зөөллөөд илүү сайжрах уу?
-Үндсэндээ таван тэрбум гаруй ам.долларын нөөц бодитой байгаа. Ингэхээр 2015 онд багадаа 1.5 тэрбум ам.доллар улсын төсөвт ороод ирэх боломжтой. Магадгүй, Чингис бондын хэмжээний мөнгийг зээлээр биш өөрсдөөсөө бий болгочих боломж байна шүү дээ. Энэ бол хамгийн энгийн жишээ. Үүний төлөө л бид зүтгээд байгаа юм. Хэрвээ “Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журмыг баталж чадахгүй бол одоо байгаа темпээрээ 10 орчим тонн алттайгаа л энэ оныг гаргах байх. Гэтэл түүнээс 3-4 дахин илүү орлого олох дотоод нөөц боломж байгаа юм.
-Гацууртын орд дээр нэг асуудал байна. Стратегийн орд дээр 34 хүртэлх хувийг төр эзэмшинэ гэж байгаа. Одоо төслөөр 20 гээд байх юм аа. Яагаад төрийн эзэмшил буурчихаж байгаа юм бэ?
-Хууль дээр 34 хүртэлх гэж байгаа. Тэгэхээр 0.1 байсан ч болно гэсэн үг. Харин 20 гэдэг бол хөрөнгө оруулагч нартайгаа тохиролцож байгаад өгсөн дүн байх, нэг талдаа. Нөгөө талдаа, мэдээж хэрэг 34 байсан ч нийгмийн зүгээс сөрөг юм үүснэ л дээ. 34 байвал яагаад 35 биш байгаа юм гэнэ, 35 байвал яагаад 51 биш юм гэж турхирна. Ийм хэсэг бүлэг байна л даа. Гацууртын орд гээд ярих юм бол, барууны хөгжсөн том компаниудын бизнесийн гол философи бол бүртгэлтэй, олон нийтэд хувьцаагаа гаргасан компаниуд учраас манай алтыг олборлож байж гол ашгаа олдоггүй юм. Хувьцааны зах зээл дээрээс гол ашгаа олдог. Алтаа олборлох нь том компаниудын тогтвортой үйл ажиллагаагаа харуулж байгаа, хувьцааны зах зээлийг өсгөж байгаа хөшүүрэг. Гацууртын тухайд, манай холбооны гишүүнд ордоггүй. Олон жил дархлагдсан, өөрсдийгөө тусгай V.I.P гээд ойлгочихсон байдаг юм. Тэд бодит байдлаа нийгэмд ойлгуулна гэхээсээ илүүтэйгээр, дээгүүр улс төрчидтэй яриад ойлголцож, тохиролцчихно гэсэн хэв маягаар хандаад явдаг юм болов уу.
-Тэнд 70 орчим тонн алт байгаа шүү дээ?
-Тийм гэсэн.
-Гацууртын лиценз нь “Урт нэртэй” хуулиар цуцлагдсан байх ёстой. Яагаад Сентерра Гоулдын нэр дээр оччихсон байгаа юм гэсэн мэдээлэл байна л даа?
-Нөхөн олговор олгогдоогүй тохиолдолд бол “Урт нэртэй” хуулийн лицензүүд үйл ажиллагаа явуулж болохгүй. Хориотой, түдгэлзчихсэн. Ийм боловч эзэмшил нь өөрсдөд нь компаниудад байгаа л даа. Сентерра Гоулдын тухайд ямар байгааг би мэдэхгүй байна.
-Ноён уулын орчмын түүхийн үнэт олдворуудыг хөндөхгүйгээр ухах бололцоотой, бололцоогүй гээд хөдөлгөөн гарчихсан, өлсгөлөн гарчихсан сууж байна шүү дээ?
-Тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан янз янзын л байр суурь яваад байна.
-Алтны холбоо чинь тэр тал бас алтны зах зээл, нөөцөө анхаарах ёстой биз дээ?
-Төр засаг, нийгэмд салбараа ойлгуулах гээд явж байгаа Алтны холбооны үйл ажиллагаатай нэгдэхгүй байгаа хүмүүсийн өмнөөс нь явж ажил хийдэг сайн дурын улсууд гэж байхгүй л дээ. Алт гэдэг нэрэн доороо алттай холбоотой бүх зүйлийг зөвтгөнө гэдэг буруу. Бид эдийн засгийн үр ашиг гэдгээс гадна нийгэмд өгч байгаа өгөөж, байгаль орчинд нөлөөлж байгаа нөлөөлөл гэсэн олон зүйлүүдийн эерэг нэгдлийг хангахын тулд уул уурхайн, байгаль орчины яамдууд болон Мэргэжлийн хяналтын байгууллагуудтай санамж бичгүүд байгуулан ажиллаж ирлээ. Тэрнээс биш алт хаанаас ч гэсэн ухаж болно оо, алттай л холбоотой юм байвал дэмжинэ гэсэн буруу ойлголт байх ёсгүй л дээ.
-Өнгөрсөн онд Монгол банкинд 13 тонн алт тушаасан гэж байна. Энэ нь нэг талдаа ухаад гаргасан хэмжээ. Нөгөө талд нь нөхөн сэргээх ажил хэр сайн хийгдсэн бэ?
-Уулын ажлын төлөвлөгөөтэй хамт нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг баталдаг. 2014 оны нөхөн сэргээлтийн ажил 100 хувь биелсэн. Ер нь нөхөн сэргээлтийн ажил уул уурхай, тэр дундаа алтны компаниудын хувьд дээд зэргээр сайн гүйцэтгэлтэй хийж байгаа. Сүүлийн таван жилийн турш нөхөн сэргээлтийн талаар маш олон удаа шалгалт, хяналт тавьж, ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Тиймээс нөхөн сэргээлтийн ажил дээр маргах зүйл байхгүй.
-Энэ жилийн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын прогнозыг харахад ашигт малтмалын ямар баялгаараа төсвийн орлогоо түлхүү төвлөрүүлэх боломж харагдаж байна вэ?
-Одоо бол ганц алт л харагдаж байна.
-Нүүрс, зэсэн дээр боломж байхгүй юу?
-Хэцүү л дээ. Зэсийн үнэ мөн л унасан байгаа. “Эрдэнэт” үйлдвэр хүртэл онцгой байдал зарлачихаад ажиллаж байна.
-Энэ уналт дэлхийн зах зээлээс болж байна уу?
–Дэлхийн зах зээлд нэг гол түүхий эд хэрэглэгч Хятадын эдийн засгийн “тайвширал” нөлөөлж байна.
-Гэтэл манай зарим эдийн засагчид гадаад хөрөнгө оруулагчдыг үргээснээс болж зэс, нүүрсний экспорт сэргэхгүй, том төслүүд урагшлахгүй байна гэж яриад байгаа шүү дээ.
-Тэгж туйлширч болохгүй. Гадаадын хөрөнгө оруулагч нар нэг талаасаа манай хууль эрх зүйн орчны алдаа дутагдалтай үйл ажиллагаанаас болж дайжсан нь үнэн. Гэхдээ нөгөө талаас ямар ч эрэлт байхгүй болсон. Эрэлт байхгүй байхад хөрөнгө оруулагчдад энд диваажин үүсгээд ч нэмэргүй. Бизнес нь байхгүй, борлуулалт байхгүй, үнэ унаж байхад хэн энд байх вэ дээ?
-Ер нь бүх бурууг л монголчууддаа өгөөд байх юм. Жишээ нь, “Саусгоби сэндс” компанийнхныг татвараар төлөөгүй гэж шүүхээс шийтгэсэн. Гэтэл тэр нь гадаадын хөрөнгө оруулагчдад бас л таагүй хандсан хэрэг болоод явчихлаа.
-“Саусгоби сэндс” дээр үүсээд байгаа байдал, шүүхийн шийдвэр дээр би арай өөр байр суурьтай байгаа. Мэдээж дэлхийн чөлөөт эдийн засгийн орчинд, зах зээл дээр оршин тогтнож, амьдарч байгаа хэнд ч үндэстэн угсаа гарал хамаарахгүйгээр хууль ижил тэгш үйлчлэх ёстой. Нөгөө талаасаа монголчуудын хэн нэгэн нь Америкийн зах зээл дээр ийм асуудалд орвол яах вэ? Та төсөөлөөд үзээрэй. Том гүрний биенесмэн жижиг гүрний хуулийг зөрчиж болох юм уу? Бас шүүхийг буруутгавал мөн л сонин зүйл болно. Шүүхийн шийдвэрийг хоёр улсын харилцаагаар далайлгаж, оруулсан хөрөнгийн хэмжээг харгалзаж шүүдэггүй. Хэрвээ тэгдэг болох гээд байгаа бол бид шүүхийн системээ өөрчилж, шүүгчид дээрээ эрүү үүсгэх хэрэгтэй болно. Шүүхийн шийдвэр таалагдаагүй байж болно. Тийм бол давж заалдах боломж нээлттэй бий. Аль ч улс орны хувьд бүх зүйлээ нээлттэй, бүх зүйл нь зөөлөн, бүх зүйл нь гаднын хөрөнгө оруулагчдад таатай болчихвол, уучлаарай бидэн шиг мэдлэг, туршлага боловсролтой ард түмэнд бол зах зээл дээр тоглох орчин нь гуравдугаар эгнээнд орчихож байгаа юм. Ер нь аль ч улс оронд хөрөнгө оруулагчдыг 100 хувь гэж үзвэл бодитой нь 0.1 хувийг эзэлдэг юм. Үлдсэн 99.9 хувь том хөрөнгө оруулагч нар дээр тоглож байгаа дараагийн шатны тоглогч нар. Тиймээс бүх зүйлээ зөөлрүүлж, найр тавих юм бол та бидэнд тэр хүмүүсийн хоол ундыг бэлдэх, хонийг нь хариулахаас өөр ажил үлдэхгүй. Тэгэхээр манай эдийн засгийн орчин тодорхой хэмжээний хязгаартай байх хэрэгтэй. Бүх зүйлээ нээлттэй, замбараагүй болгож болохгүй. Ямарваа нэг зүйл чинь бэрхшээл, онцлогтой байж л том тоглогчид орж ирнэ. Та нар санаж байгаа бол 2009-2012 онд Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэмжээ хамгийн өндөр хувиар өссөн. Тэгэхэд жишээ нь жинхэнэ бодит хөрөнгө оруулагчид буюу Роберт Фрийдланд, Японы Хидео Савадай нар тийм их тааламжтай нөхцөл үүсэхээс өмнө хөрөнгө оруулалт хийж байсан. Бодит хөрөнгө оруулагч нар бол орчин нь хүндрэлтэй, онцлогтой байх тусам хөрөнгө оруулдаг. Тийм учраас бид зөвхөн 0.1 хувийн эрсдэл гаргаад 99.9 хувийн ашиг олох гэж байгаа тоглогч нарт зориулсан тааламжтай орчныг тэдний хүссэнээр хамаагүй үүсгэж болохгүй. Аль болох дотоодын компаниуддаа боломжийг олгох хэрэгтэй!
-Сая хоригддог Капла аль төвшинд нь орох вэ?
-Мэдэхгүй. Тэр бол зүгээр л компаний цалин авдаг, хөлсөөр ажилладаг сайн менежер болов уу. Түүнээс бус хөрөнгө оруулагч, эзэн, компанийн хувь эзэмшигч биш. Хуулийн дагуу ажиллаж бусадтай л адил татвараа төлөөд л явах ёстой. Харин тодорхой албан тушаалтан алдаа гаргасан бол, уучлаарай. Хүлээн зөвшөөрөөд үйл ажиллагаа явуулж байсан улс орныхоо хууль дүрэмд л захирагдана. Энд гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын компани, бүр цаашлаад АНУ-ын Засгийн газрын эсрэг юм боллоо гэж хадуурч ярьж болохгүй.Түүнийг уучилхаар бол Монголчуудаа ч бас уучлах хэрэгтэй.
Г.ОТГОНБАЯР
Эх сурвалж: www.itoim.mn