-Дээд лигийн эхний гурван байрт орсон тамирчид 2015 оны ганцаарчилсан төрлийн ДАШТ-д оролцох эрхээ авлаа-
Залуу тамирчин Б.Билэгт, Б.Должинзуу нар ангилалдаа түрүүлэв
Монголын ширээний теннисний холбооны Үндэсний IХ дээд лигийн тэмцээн нэгдүгээр сарын 9-нөөс хоёрдугаар сарын 15-ны хооронд “Оч” клуб дээр амжилттай болж, өндөрлөлөө. Ганцаарчилсан төрлөөр явагдсан лигийн тэмцээнд эрэгтэй 40, эмэгтэй 18 тамирчид гурван шатанд өрсөлдсөн юм. Сүүлийн гуравдугаар шатанд шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр найман тамирчин үлдсэн. Сондгой тоотой жилд болдог ганцаарчилсан төрлийн ДАШТ-ийг угтан энэхүү лигийн тэмцээнийг багийн төрлөөр явуулаагүй нь онцлог болж байна. Учир нь ирэх дөрөвдүгээр сард болох ДАШТ-д оролцох тамирчдыг тодруулахын тулд лигийн тэмцээнийг ганцаарчилсан төрлөөр зохион байгуулжээ. Мөн энэ удаа өнгөрсөн онд манай улсад ажилласан Хойд Солонгос улсын дасгалжуулагч багш Чү Ен Хогийн ур чадвар тамирчдад хэрхэн үр өгөөжөө өгсөнийг харуулсан тэмцээн боллоо. Учир нь энэ удаагийн лигийн тоглолт өрсөлдөөн дүүрэн болж, залуу тамирчид эцсийн дүнд түрүүлсэн нь гадны дасгалжуулагчийн сургуулилалт үр дүнтэй байсныг харууллаа гэж зохион байгуулагчид өгүүлсэн юм.
Ингээд шилдэг найман теннисчин хоёр тойрог өрсөлдөж, нийлбэр дүнгээр аваргуудыг тодрууллаа. Эрэгтэйчүүдийн ангилалд 2014 оны улсын аварга, спортын мастер Б.Билэгт тэргүүлж, IX дэх удаагийн лигийн аваргаар шалгарсан бол 2002, 2004 оны улсын аварга ОУХМ Я.Бэгз, 2005, 2013 оны улсын аварга, ОУХМ Э.Лхагвасүрэн нар удааллаа. Харин эмэгтэйчүүдийн ангилалд 16 настай, спортын дэд мастер Б.Должинзуу олон шилдэг тамирчдыг хожиж, түрүүлсэн бол улсын зургаан удаагийн аварга ОУХМ Б.Батхишиг, өсвөрийн улсын аварга, 2014 оны насанд хүрэгчдийн УАШТ-ийн хүрэл медальт М.Дэлгэрмаа нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Ийнхүү медалийн тавцанд зогссон тамирчдын хувьд 2015 оны ДАШТ-д оролцох эрхийг авч байна.
2014 оны насанд хүрэгчдийн улсын аварга Б.Билэгтийн аав Батхишиг агсан шилдэг теннисчдийн нэг байжээ. Тэрээр 1988 оны улсын аваргад түрүүлсэн бөгөөд аав, хүү хоёр энэхүү хүндтэй цолыг хүртсэн анхны тохиолдол өнгөрсөн онд тохиож байсан. Ийнхүү отгон аварга энэ жилийн лигийн тоглолтод ОУХМ Я.Бэгз, Э.Лхагвасүрэн нарын шилдэг тамирчдыг хожиж, аваргалсан юм. Гэхдээ үүнд залуу тамирчидтай хүч үзэн медалийн тавцанаас буугаагүй ОУХМ Я.Бэгзийн хувьд харих болоогүй гэдгээ харуулаад авлаа.
Эмэгтэйчүүдийн ангилалд залуу тамирчид хүч түрэн медалийн тавцанд зогссон юм. 16 настай Б.Должинзуу алтан медаль хүртсэн бол 17 настай, спорты мастер М.Дэлгэрмаа хүрэл медиалаар энгэрээ мялаасан. Тэдний хувьд хашир туршлагатай, улсын зургаан удаагийн аварга ОУХМ Б.Батхишиг буурь заан мөнгөн медаль хүртсэн юм.
Энэ удаагийн лигийн тэмцээний гол дуулианы эзэн бол залуу тамирчин Б.Должинзуу. БНХАУ-д бага насаа өнгөрүүлж, тэнд амьдарч байхдаа ширээний теннисний спортоор хичээллэж эхэлсэн Б.Должинзуугийн хувьд хоёр жилийн өмнө эх орондоо иржээ. Гэхдээ түүний амжилт арвин байна. Энэ хугацаанд тэрээр 2011 онд Хүүхдийн наадмаас алтан медаль хүртэж, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга цолыг хүртжээ. Өнгөрсөн оны насанд хүрэгчдийн улсын аваргаас хүрэл медаль хүртсэн тэрээр 2015 оны хоёрдугаар сарын дэлхийн чансаанд 422-т бичигдэж байна.
IX дээд лигийн дүнг танилцуулья:
ЭРЭГТЭЙ:
Алтан медаль: Спортын мастер Б.Билэгт (“Мон Лаа” компани) – Цом, 2 000 000 төг
Мөнгөн медаль: ОУХМ Я.Бэгз (“Төмөрт-Өргөө” компани) – 1 000 000 төг
Хүрэл медаль: ОУХМ Э.Лхагвасүрэн (ӨЕГ компани) – 500,000 төг
ЭМЭГТЭЙ:
Алтан медаль: Спортын дэд мастер Б.Должинзуу (АПУ компани) – Цом, 2 000 000 төг
Мөнгөн медаль: ОУХМ Б.Батхишиг (“Мон Лаа” компани) – 1 000 000 төг
Хүрэл медаль: Спортын мастер М.Дэлгэрмаа (“Бласт компани) – 500,000 төг
АНХДУГААР ХӨГЖЛИЙН ЛИГИЙН АВАРГААР “ЦЕСНА” БАГ ТОДОРЛОО
Монголын ширээний теннисний холбоо, "Шинэ эргэлт” клуб хамтран хоёрдугаар сарын 1-нээс 15-ны хооронд анхдугаар “Хөгжлийн лиг” тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд “Үлэмж Гросрес”, Олонлог, “Өег”, “Мон-Лаа”, Spinless, Dio, “Эрдэнэдрийлэнг”, ЦЕСНА болон New Spin, Бласт зэрэг 10 байгууллагын баг оролцсон юм.
"Хөгжлийн лиг"-т 18-с доош насны нэг, 18-с дээш насны 3 нийт 4 тамирчны бүрэлдэхүүнтэй эрэгтэй 10 баг өрсөлдсөнөөс хагас шигшээд дөрвөн баг шалгарсан. 10 багийн 40 гаруй тамирчид дунд ОУХМ Т.Энхтөр, спортын мастер Л.Баярмагнай нарын шилдэг тоглогч багтсан юм. Мөн лигийн тэмцээний хамгийн ахмад тамирчин спортын мастер Мөнхсайхан (“Олонлог”), хамгийн залуу 11 настай спортын III зэрэгтэй Э.Оргил (Spinless) нар өрсөлдсөн байна.
Ингээд дүн гарахад “Цесна” баг тэргүүлсэн бол “Мон Лаа”, “New Spin” багууд удаалав. Ганцаарчилсан төрлөөр шилдэг тоглогчоор ОУХМ Т.Энхтөр шалгарчээ.
Тэмцээний дүнг танилцуулья:
I байр: "ЦЕСНА" баг, цом, 1,200,000 төг
II байр: "МОН ЛАА” баг, 800,000 төг
III байр: "NEW SPIN" баг, 500,000 төг
Ганцаарчилсан ангилалд:
I байр: ОУХМ Т.Энхтөр (Дио баг)
II байр: О.Хүслэн (Newspin баг)
III байр: Л.Баярмагнай (Newspin баг)
IV байр: П.Билэгжаргал (Цесна баг) тус тус шалгарчээ.
Цаашид энэхүү Хөгжлийн лигийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна.
Дашрамд дуулгахад, Ширээний теннисний Монгол улсын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх гуравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд “Оч” клубт болно.
Ч.БОЛОР