“Өвөрмонголд байдал үнэхээр хүнд байна”

Хуучирсан мэдээ: 2011.05.29-нд нийтлэгдсэн

“Өвөрмонголд байдал үнэхээр хүнд байна”

Байгаль орчныхоо төлөө уул уурхайн компаниудын эсрэг тэмцлийг Өвөрмонголд эхлүүлсэн малчин залуу Мэргэнийг автомашинаар дайрч амь насыг нь хөнөөсөн хэрэгтэнд хуулийн хариуцлага  хүлээлгэхийг шаардан Монгол Улсад ажиллаж амьдарч буй Өвөрмонголчууд, үндэсний үзэлтэй бүлгэмийн гишүүд Улаанбаатар дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны гадаа жагслаа. Жагсаалд оролцсон Өвөрмонголын дунд сургуулийн багш  Н.Нoминагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Та Монгол Улсад ямар ажил эрхэлж байна. Яагаад энэ жагсаалд оролцох болов?

 
-Өвөрмонголд нөхцөл байдал айдастай, тайван бус байгаа учир би улс төрийн орогнол хүсч Монголд ирээд байна. Гэхдээ дан ганц хар амиа бодолгүй тэнд эрх нь ноцтой зөрчигдөж байгаа ахан дүүсийнхээ эрх ашгийн төлөө тэмцэх болно. Газар нутгийг цөлмөн ухаж байгаа уул уурхайн компаниудыг эсэргүүцсэн хүн бүрийг нухчин дарах ажиллагаа тэнд явагдаж байна.

-Чухам ямархуу байдлаар эсэргүүцлийг дараад байгаа юм бэ?

-Үнэхээр шударга бус байдлын эсрэг тэмцэхийг хүсч байна. Би тэнд дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан. Энэ сарын 11-нд  Шилийн голын дунд сургуулийн 2000 гаруй сурагч малчдын эрх ашгийг хамгаалахын төлөө жагссан. Энэ үеэр нэг сурагчийг машинаар дайрч хөлийг нь хугалсан. Гэтэл  Өвөрмонголын Засгийн газраас төрийн албанд ажиллаж буй  хүн бүрт нэг сурагчийг даалгаж өгсөн. Хэрэв чиний дааж авсан хүүхэд жагсаал тэмцэлд оролцох юм бол ажлаас нь хална гэсэн чанга тушаал өгөөд байна. Тэмцлийг дарахын тулд эмнэлэг сургууль бүрийг цагдаа манаж, багш сурагчийг цагдаж, хяналтдаа авсан. Байдал үнэхээр хүнд байна гэв.

Жагсагчид БНХАУ-ын Элчин сайдын яам байдлыг анхааралдаа авахгүй бол тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгсэн юм.

С.Отгон

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж