Ашигт малтмалын газар /АМГ/-аас 20.9 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг цахимаар олгож байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас олгож эхэлсэн цахим бүртгэлээр 536 аж ахуй нэгж VPN төхөөрөмжийг худалдан авч 458 нь системд нэвтрэх эрхээ авснаас өнөөдрийн байдлаар 210 нь дугаар аваад байгаа юм.
Ашигт малтмалын газраас мэдэгдсэн тов ёсоор өнөөдөр 120 дугаар цахимаар олгох ёстой байсан ч өргөдлийн дугаарыг олгоогүй байна. Учрыг АМГ-ын Тусгай зөвшөөрөл бүртгэлийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Чинзоригоос тодруулахад “Өнөөдөр дугаар олгогдоогүй. Учир нь энэ долоо хоногт баярын өдрүүд тохиож байгаа тул өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болсон. Тиймээс цахим олголтыг энэ сарын 23-ны өдрийг хүртэл хойшлуулсан. 23-наас дугаар олголт хэвийн үргэлжилнэ” гэлээ.
Нутгийн баруун зүгт есөн сая гектар талбай олгоно
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг цахимаар хүлээн авч байгаа нь дугаар олгосон өдрөөс л маргаан, асуудлыг дагуулсан. Лиценз хүсэгчдийн зүгээс “Социализмын үед судлагдсан, нөөцөнд байсан бүхий л талбайг булхайгаар олгоод дууслаа. Геологчид өмнөх дугаар авсан компаниудын авсан талбайг илэрц сайтай улсын нөөцөнд байсан талбай гэж байсан. Монгол Улсын баруун зүгийн нутгийн лиценз олголт дуусахаар зүүн зүгт өгч эхлэх юм гэсэн. Үнэндээ одоо маргаан үүсгээд байгаа баруун хэсэгт нөөц сайтай жинхэнэ үүц тайлбайнууд байсан юмсан” гэж эсэргүүцлээ илэрхийлж байгаа.
Харин дээрх байр суурийг АМГ-ын Кадастрийн хэлтийнхэн үгүйсгэж “Нийт 20.9 сая гектар талбай олгогдохоор зарлагдсанаас Монгол орны баруун талд есөн сая гектар, зүүн талд 11.9 сая гектар талбайг олгоно. Яг өнөөдрийн байдлаар баруун зүгийн есөн сая гектар талбайгаас 900 мянган гектар нь олгогдоод байгаа. Үлдсэн талбай хэзээ олгогдож дуусах нь тодорхойгүй байна” гэх мэдээллийг өгөөд байгаа юм.
Өөр нэгэн маргаан дагуулсан асуудал бол цахим бүртгэлийн үед системд алдаа заадаг, интернэт тасардаг, сүлжээ нь доголддог гэх асуудал юм. Энэхүү доголдлоос үүдэн нэг өдөр дугаар олгогдоогүй билээ. Харин энэ маргааныг АМГ-ынхан Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газартай хяналтад системд өөрчлөлтүүдийг хийж, сайжруулсан байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас лицензийн дугаар олголттой холбоотой өнгөрсөн долоо хоног/02.11/-т дугаар олголтыг хууль бус гэж мэдээлэлсэн нь бас л олны анхаарлыг татсан сэдвүүдийн нэг болоод байгаа. Тус газрын дарга Т.Аюурсайхан “АМГ нь ямар нэгэн хуулийн зохицуулалтгүйгээр аж ахуй нэгжүүдэд төхөөрөмж 280 мянган төгрөгөөр, цахим системд нэвтрэх эрхийг 500 мянгаас хоёр сая төгрөгөөр худалдсан байсан. Тус газарт дээрх төлбөрийг хураан авах эрх олгосон хүчин төгөлдөр шийдвэр буюу эрх зүйн үндэслэл байхгүй. АМГ-ын дарга тушаал гаргаж, улмаар аж ахуй эрхлэгчдийн хуулиар олгогдсон өргөдөл гаргах эрхийг хязгаарласан болохыг шалгалтаар тогтоосон. Мөн аж ахуй нэгжүүдийн хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж, үйл ажиллагаа явуулах эрхийг ч зөрчсөн” гэж мэдэгдээд байгаа.
Энэхүү мэдэгдлийн хариу болгон АМГ-ын удирдлагууд “ШӨХТГ-ынхан ямар ч үндэслэлгүйгээр шалгалт явуулж, энэхүү шалгалтынхаа хариуг олон нийтэд мэдээлсэн. Энэ бол тун хариуцлагагүй үйлдэл. Лиценз хүсэгчдийн худалдан авч буй VPN төхөөрөмжийн төлбөр “Аксэнсэ Айти Суппорт” компанийн дансанд орж байгаа. VPN төхөөрөмж нь тус компанийн оюуны өмч тул төхөөрөмжийн мөнгийг тус компанийн дансанд оруулах нь зүйн хэрэг. Харин системд нэвтрэх эрхийн 500 мянгаас хоёр сая төгрөгийн төлбөр төрийн дансанд орж байгаа. АМГ-аас мөнгө авсан, хураасан зүйл байхгүй” гэж хариу мэдэгдсэн.
Д.ЖАРГАЛ