Монгол-Японы эрдэмтэд Чингай балгасыг олжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.16-нд нийтлэгдсэн

Монгол-Японы эрдэмтэд Чингай балгасыг олжээ

Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн багийнхан Говь-Алтай аймгийн Шарга сумын нутгаас архелогийн сорилын малтлага хийсэн талаараа өнөөдөр(II.16) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд төслийн багийн гишүүд болох Монголын талаас ШУТИС-ийн багш, дэд профессор Л.Эрдэнэболд, Японы талаас 13-р зууны үеийн судлаач, профессор К.Мацуда, профессор Т.Мураока, монголч эрдэмтэн, профессор Т.Мацукава нар байв.

 

ЧИНГАС ХААНЫ ЦЭРГИЙН ТҮШИЦ ХОТ ЧИНГАЙ БАЛГАСЫГ ОЛСОН НЬ

Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг 2014 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 10-ны хооронд Монгол улсын Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Халзан ширэг хэмээх газарт археологийн сорилын малтлага хийжээ. Халзан ширэг балгас нь Шарга сумын төвийн баруун өмнө зүгт 10 км-т, Шаргын цагаан нуурын зүүн зүгт 15 км-т, Шаргын голын өмнө хөвөөнд буй зуйвандуу дөрвөлжин шороо хэрэм бүхүй, багашаархан балгас юм. Энэхүү 15 хоногийн хугацаанд Халзан ширэг балгаст архелогийн сорилын малтлага хийж, он цаг тогтоох лабориторийн шинжилгээний дээжийг авчээ. Малтлага судалгаараа олон тооны ахуйн хэрэглээний ваар савны хагархай, бод, бог малын яс, төмөр хайлуулж байсан бололтой төмрийн баасны үлдэгдэл болон ясан эдлэлүүд илэрч олджээ. Олдвороос өнгөрсөн оны сүүлээр Японы улсад нарийн судалгаанд оруулж, 13-р зууны Монголын эзэнт гүрний үед Чингис хаан төв азид довтлон явахын төлөө замдаа байгуулаад ашиглаж байсан цэргийн түшиц хот Чингай балгас мөн болохыг тодорхойлсон байна.

Энэхүү судалгааг анх 2004 оны үед хийж явахад үүнтэй ижил олон тооны ваар савны хагархайнууд илэрч олдсоноос гадна эртний уламжлалт Хэ Ци, Бай ци, Ци жоу, Жүн яао гэм тэр төрлийн цагаан, хөх шаазангийн хагархай цөөнгүй илэрч байжээ.

ЧИНГАЙ БАЛГАСЫГ ЯАГААД СУДЛАХ БОЛСОН БЭ?

13-р зуунд монголчууд яагаад хүчирхэг болсон бэ? Тухайн үед тийм өргөн уудам тал нутгийг эзэлсэн бэ гэдэг асуулт гарч ирж байна. Тиймээс үүний цаана цэргийн жижиг хотууд, мөн үйлдвэрийн түшиц газар байдаг тухай судлаачид үздэг. Судлаачдын хэлж байгаагаар Чингай балгас бол Монголын хамгийн баруун хэсэгт байгаа хот. Судалгаагаар энэ нь монголчуудыг баруун тийш тэлж, томорсоныг харуулж байна. Уг хотыг монголчуудыг хүчирхэгжиж, баруун тийш гарахад хамгийн гол нөлөө үзүүлсэн. Мөн тэр орчимд тариалан эрхэлдэг байсан байна. Чингис хаан өөрийн эзэлсэн газар орон нутагтаа техник технолигт ур чадвартай хүмүүсийг цуглуулж, үйлдвэрлэл бий болгож, түүнийхээ үр дүнд байлдан дагууллыг хийсэн байна. Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулж, улмаар цааш улам хүчирхэгжих үйл явц нь маш нарийн төлөвлөгөөтэй шат дараатайгаар хийсэн. Түүний нэг гол үндэс нь бол Чингай балгас юм. Үүнээс үндэслээд судалгааны баг Говь-Алтай аймгийн Шарга сумын нутгаас олдсон олдворууд 13-р зууны үеийнх гэдгийг баталжээ. Тиймээс өнгөрсөн оны 12 дугаар сард Японд хийсэн шинжилгээний нарийн судалгааны үр дүнд, газар зүйн байрлал нь Чингай балгас мөн болохыг тогтоогоод байна.

Чингай балгасыг чухам хаана байгаа талаар гадаадын олон эрдэмтдийн судалгаа байдаг аж. Гэхдээ тэдний хувьд бичгэн судалгаан дээр үндэслээд судалгааг хийхэд таван газар байгаа гэж үзжээ. Харин Монгол-Японы “Бичээс” төслийн багийнхны хувьд газар дээр нь очиж, бүрэн судалгааг хийсний үр дүнд Чингай балгас мөн болохыг тогтоожээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард хийсэн судалгааны үр дүнд гарсан яс болон модны хэлтэрхийг Монгол улсын зохих газрын зөвшөөрөлтэйгээр Японд нарийн шинжилгээ хийж, олдворууд 13-р зууны үеийнх мөн байна гэдгийг баталсныг Японы эрдэмтэд дуулгалаа.

Баруун гар талаас 13-р зууны үеийн судлаач, профессор К.Мацуда, профессор Т.Мураока.

Судалгааны багийнхний хэлж байгаагаар олдсон олдворууд Нүүдлийн соёл иргэншлийн олон улсын судалгааны лабораторид хадгалагдаж байгаа бөгөөд нарийвчилсан судалгааны дараа улсын музейд хүлээлгэн өгөх юм байна.

Түүхэн сурвалж бичгийн баримт болоод архелогийн малтлагын дүнд одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт буй Халзан ширэг балгас нь эртний Чингай балгас байсан хэмээн болж болохыг “Бичээс” төслийн багийнхан хэлсэн юм.

Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн багт Монголын талаас профессор А.Очир, дэд профессор Л.Эрдэнэболд, Японы талаас 13-р зууны үеийн судлаач, профессор К.Мацуда, профессор Т.Мураока, монголч эрдэмтэн, профессор Т.Мацукава нар багтжээ.

Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж