Японы Нагано мужийн Иияма хотын оршин суугчид даваа гаригт /II.16/ хамгийн олон цасан хүн хийж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. Нэг цагийн дотор тус бүр нь 90 см өндөртэй 1585 ширхэг цасан хүн хийхийн тулд 600 гаруй хүн оролцсон байна. Иияма хотын албаныхан хамгийн олон цасан хүн хийж, Геннисийн номонд бичигдэхийн тулд бүтэн жил бэлтгэж, сургуулилсан гэнэ. Тус хотод өнгөрсөн хоногт 23 см зузаан цас орсноор цасан хүн хийх ажил амжилттай болжээ.
Өмнө нь 2011 онд АНУ-д 306 цасан хүн хийснээр дэлхийн дээд амжилтаар бүртгэгдэж байжээ.
Ерөнхийдөө энэ өвөл Японы хойд хэсэгт ахиу цас унажээ. Хоккайдо аралд энэ хоёрдугаар сарын эхээр нэгхэн өдрийн дотор 180 см зузаан хунгарласан аж. Үүний зэрэгцээ өнгөрсөн нэгдүгээр сард дөрвөн хүн цасан нурангид даруулан амь насаа алдсан байна. Японд цасан шуурганы улмаас энэ өвөл 11 хүн амь үрэгджээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: France 24