Э.Гантөгөлдөр: Би тийм гоц гойд, онцгой төрчихсөн хүн биш

Хуучирсан мэдээ: 2015.02.16-нд нийтлэгдсэн

Э.Гантөгөлдөр: Би тийм гоц гойд, онцгой төрчихсөн хүн биш

Ерөнхийлөгчийн зарлигаар дэлхийн шилдэг 100 их сургуульд шалгалт өгч тэнцсэн залуусын сургалтын зардлыг төр хариуцахаар болсон. Энэ жил Боловсрол, шинжлэх ухааны яаманд дэлхийн шилдэг их сургуулиудад тэнцсэн 101 хүүхэд бүртгүүлсэнээс 85 нь сонгон шалгаруулалтыг давж гараад байгаа юм. Тэдний нэг нь Э.Гантөгөлдөр. Архангай аймагт эмээ, өвөөгийн гар дээр өссөн энэ хүү дэлхийд чансаагаараа гуравдугаарт жагсдаг Калифорни мужийн Berkeley их сургуульд шалгалт өгч тэнцжээ. Монгол хүний оюун ухааныг дэлхийд таниулсан Э.Гантөгөлдөртэй багахан хугацаанд хөөрөлдсөнөө уншигч танд хүргэе.

  • Сайн байна уу? Юун түрүүнд дэлхийн топ их сургуульд тэнцсэнд тань баяр хүргэе.

  • Баярлалаа

  • Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

  • Намайг Э.Гантөгөлдөр гэдэг. Улаанбаатар хотод төрсөн. Гэхдээ Архангай аймагт өвөө эмээ дээрээ өссөн. Нэгээс дөрөвдүгээр ангиа аймагтаа сураад таваас наймдугаар ангиа нийслэлийн 18-р сургуульд сурч, төгссөн. Аравдугаар ангиа Америкт төгссөн.

  • Хэзээ, яаж анх Америк руу сургуульд явсан юм бэ?

  • Би өөрийгөө ерөөсөө Америк явна гэж бодож, төсөөлж байгаагүй. Аав маань Гадаад хэргийн яаманд жолооч хийдэг. Намайг наймдугаар ангиа төгсдөг жил аав маань Америкт консулын газар ажиллах болоод тэгээд аавыгаа дагаж явсан. Гэнэт л Америкт сурах болчихсон.

  • Тэгээд аль хотын сургуульд оров? Гэнэт явсан бол эхэндээ хэцүү байсан байх даа?

  • Сан франциско хотод очсон. Ямар ч хэл мэдэхгүй эхэндээ хэцүү байсан. Сайн байна уу, намайг Гантөгөлдөр гэдэг…гэхээс цаашгүй байсан/инээв/. Тэгээд сургуульдаа орохоос өмнө эхний нэг сар Англи хэлээ бэлдсэн. Гэхдээ багшаар заалгаагүй. Зүгээр үлгэрийн номноос авахуулаад маш их ном уншсан. Уншаад, хуулж бичээд, аль болох өөрийнхөөрөө орчуулдаг байлаа. Тэгээд бага багаар тогтоосоор нэг сар өнгөрсөн. Ийм маягаар нэг сар бэлдээд сургуульдаа ороход ямар ч байсан бичгийн чадвар маань их өссөн байсан. Би багадаа математикийн хичээлдээ их дуртай, сайн байсан. Тэр маань надад хэл сурахад их нөлөөлсөн байх. Маш олон цагаар сууж, хичээллэж байсны дүнд харьцангуй хурдан хугацаанд хэл маань сайжирсан. Миний сурч байсан сургуульд орон орноос маш олон хүүхэд сурдаг байсан. Тийм болохоор одоо бодоход тэд ч бас хэлний хүндрэлийг тойрч гараагүй байх. Тэгээд сургуулиа маш сайн дүнтэй төгссөн.

  • Дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцвэл тэтгэлэг олгоно гэж яаж мэдсэн бэ?

  • Америкт байхдаа фэйсбүүкээр дамжуулж мэдсэн. Боловсролын яамны хуудсанд тийм мэдээлэл гарсан байсан.

  • Тэгээд?

  • Тэгээд би ерөөсөө энэ тэтгэлгийг авч суралцана гэсэн зорилго өмнөө тавьсан. Дэлхийн шилдэг 11 сургуультай холбоо тогтоож, шалгалт өгөөд гуравт нь тэнцсэн. Тэрний нэг нь одоо миний сурах гэж байгаа Калифорн мужийн Berkeley их сургууль. Дэлхийд чансаагаараа гуравт жагсдаг юм билээ.

  • Дэлхийн шилдэг их сургуулиудын шалгалт гэхээр хүнд л байх даа?

  • Мэдээж амаргүй. Дунд сургуульд авсан дүн маш чухал. Гэхдээ хамгийн гол нь тухайн хүүхдийн чадвар, зорилгыг их хардаг юм билээ.

  • Яамны сонгон шалгаруулалт хэр шударга болсон гэж бодож байна?

  • Би л лав энд ийм булхай орчихлоо гэсэн юм сонсоогүй. Шалгаруулалт ч гэсэн их нээлттэй ил тод болдог юм билээ. Чиний хэлний мэдлэг сайн, зорилго тодорхой л бол ямар ч булхай байхгүй. Шударга л болдог юм билээ.

  • Ямар чиглэлээр сурах вэ?

  • Улс төр судлал.

  • Яагаад улс төр судлал гэж?

  • Одоо Монголд шинэ залуу үе түрэн гарч ирж байна. Манай улс ардчилсан зарчмаар цаашид явна. Улс оронд маань залуу чадварлаг боловсон хүчин их хэрэгтэй шүү дээ. Улс эх орноо илүү сайн, сайхан болоход хувь нэмрээ оруулахын тулд энэ чиглэлээр сурч байна.

  • Яг ямар болгохыг хүсч байна гэж?

  • Монголын боловсролын системд өөрчлөлт хийхийг хүсдэг. Улс орон хөгжихөд боловсролын салбар маш том үүрэг гүйцэтгэнэ. Боловсрол муутай улс хөгжихгүй гэж боддог. Би наймдугаар ангидаа Америкт очсон. Тэгэхэд тэс өөр боловсролын тогтолцоо намайг угтсан. Багш нар нь их элэгсэг. Сурагчдаа үргэлж дэмжиж, аль болох илүү сурахад нь тусалдаг туслагчид байсан. Хичээллэх арга барил нь л гэхэд тэс өөр. Жишээ нь математикийн хичээл орж, нэг теором заалаа гэж бодъё. Манайд бол энэ тоог энэ теоромын дагуу тэгэж бодно гэж тулгадаг. Харин Америкт ийм нэг теором байна. Чи үүнийг юу гэж бодож байна? гэж хүүхдүүдээс асуудаг. Үүгээр маш том ялгаа харагдаж байгаа юм. Ямар нэг юм заахдаа шууд энэ бол энэ гэж шууд тулгадаггүй. Хүүхдүүдээс бодлыг нь сонсч, ярилцаж ойлгуулдаг. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт байна. Манайд жилд нэг удаа шалгалт өгөөд оноондоо таарсан сургуульдаа элсэж, суралцдаг. Тэгэхээр тухайн хүүхдийн хүсэл, сонирхол яах вэ? Манай нэг найз хуульч болохыг хүсч мөрөөддөг байсан гэтэл ЭЕШ өгөөд оноо нь МУИС-ийн Хуулийн ангид тэнцээгүй. Тэгээд өөр хувийн сургуульд өөр чиглэлээр сураад явчих жишээтэй. Америкт бол элсэлтийн ерөнхий шалгалтыг маш олон удаа өгч болдог. Хүүхэд нэг удаа бага оноо авсан бол дахиад бэлдэж байгаад дахин дахин өгч оноогоо ахиулдаг. Тэгээд хүссэн сургуульдаа ороод эхний хоёр жил ерөнхий мэдлэгт суралцдаг. Шууд мэргэжлээрээ сурна гэсэн ойлголт байхгүй. Гуравдугаар курсээсээ л мэрэгжлийнхээ дагуу нарийн судалж эхэлдэг. Гэхдээ ирэх намраас манай Монголын сургуулиуд яг ийм зарчим руу шилжиж байгаа гэсэн. Энэ бол маш зөв гэж боддог. Энэ мэтчилэн сайжруулж, Монголын боловсролыг дэлхийн түвшинд хүргэхийг би мөрөөддөг.

  • Чи сурч ирээд хамгийн түрүүнд юу хийх вэ?

  • Би ирээд юун түрүүнд хувийн байгууллагатай болно. Зорилго нь Америк Монголын хооронд оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх. Ингэснээр маш олон чадварлаг залууст өндөр боловсрол эзэмших боломжийг нь нээж өгнө. Миний одоо сурах сургуульд оюутнууд нэг удаа бусад орнуудтай оюутан солилцооны хөтөлбөрт хамрагддаг юм билээ. Би Оросын Санктпетербургийн их сургуульд очихоор шийдсэн. Учир нь солилцооны хөтөлбөрт Монгол гэж байхгүй байсан.

  • Чи их олон орны хүүхдүүдтэй хамт олон жил сурсан. Америк Монгол хүүхдүүд хоорондоо ямар ялгаатай байна?

  • Монгол хүүхдүүд оюуны чадвар маш өндөр. Яагаад гэвэл энд дунд сургуульд үздэг хичээл, математикийг Америкт их сургуульд үздэг. Эндээс очсон ямар ч хүүхэд хэлний бэрхшээлгүй л бол хичээлээрээ илүү гарна уу гэхээс хоцорно гэж байхгүй. Монгол сургуулиуд хичээлээ их шахуу үздэг юм билээ. Америкт бол их сунжруулж, бага багаар үздэг. Тийм болохоор Монгол хүүхдийн оюуны чадвар маш өндөр гэж харагддаг.

  • Чи спортоор хичээллэдэг үү? Их өндөр юм.

  • Энд байхдаа ямар ч спортоор хичээллэж байгаагүй. Харин Америкт очоод дунд сургуульд байхдаа усан завины спортоор хичээллэсэн. Угаасаа сурлагын дүнд нь хичээлээс гадуур ажил хүртэл нөлөөлдөг юм билээ. Бас тэнд сагсан бөмбөг тоглож сурсан.

  • Ном уншдаг уу?

  • Уншдаг. Америкт анх очоод хэл сурахын тулд янз бүрийн ном уншсаар байгаад номонд дуртай болчихсон. Тэнд угаасаа хүмүүс үргэлж ном уншиж байдаг. Цэцэрлэгт хүрээлэн, сургууль, метронд бүгд л ном шагайгаад явж байдаг.

  • “PC” тоглодог уу?

  • …/инээв/. Архангайд байхдаа дота гэж тоглоомыг найзуудтайгаа маш их тоглодог байсан. Хичээлийн хоёрдугаар цаг дээр худгийн ус ирдэг. Тэр үеэр хичээлээ таслаад усаа авчихна. Учир нь хичээлээ тараад “PC” тоглох цаг гаргахын тулд шүү дээ/инээв/.

  • Чам шиг дэлхийн шилдэг сургуульд сурахыг хүсдэг маш олон хүүхэд байгаа. Тэдэнд юу гэж зөвлөх вэ?

  • Би тийм гоц гойд, онцгой төрчихсөн хүүхэд биш шүү дээ. Би бусадтай л адил хөдөө, хотгүй сурч сургуулиа төгссөн хүн. Тийм болохоор гадагшаа зөвхөн онцгой хүүхдүүд л явдаг гэж бодох хэрэггүй. Хамгийн чухал нь чи өөрөө хүсхэд л хангалттай. Чи дэлхийн шилдэг сургуульд сурна гэсэн зорилго тавиад түүнийхээ төлөө тууштай зүтгэж чадвал энэ тийм ч хэцүү зүйл биш шүү л гэж чин сэтгэлээсээ хэлье дээ.

  • Ярилцсанд баярлалаа. Сурлагад нь өндрөөс өндөр амжилт хүсье. Эх орондоо хэрэгтэй хүн болоод, их юм сураад ирээрэй

  • Баярлалаа. Дэмжиж, тэтгэж байгаа төр засгийнхаа итгэлийг алдахгүй сайн сураад ирнэ ээ.        

Л.ЦОГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж