Намрын чуулган үүргээ гүйцэтгэсэн үү?

Хуучирсан мэдээ: 2015.02.16-нд нийтлэгдсэн

Намрын чуулган үүргээ гүйцэтгэсэн үү?

Парламентад суудалтай улс төрийн хүчнүүд Засгийн газрыг хамтран байгуулснаар эвлэж нэгдэн, ажлыг яралзуулахаа амласан ч шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байсаар намрын чуулган өндөрлүүлэх болов.

 

Ард түмнээ хямралаас гаргахын тулд ачаа үүрч, Засгийн газарт хамтарлаа гэх амлалт өгч байсан МАН-ынхан “Засгийн газраас гарсан ч яадаг юм” гэх үг байсхийгээд чулуудах. Ардчилсан намын бүлэг ч бас зүгээр суусангүй, эсрэг дүрд тоглодог болов. Ийн хоёр тал болон сөрөг хүчний дүр бүтээж суутал намрын чуулган өндөрлөх болж, энэ өвөлдөө батлагдчих болов уу хэмээн хүлээлт үүсгээд байсан Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай, Өрийн удирдлагын тухай хуулийн төслүүд хаврын чуулган руу шилжих нь тодорхой боллоо. Улс төрийн намын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай, Сонгуулийн нэгдсэн хуулиуд ч хаврын чуулган руу шилжлээ. Хэдийгээр УИХ өнгөрсөн гурван сарын хугацаанд хууль тогтоох ажлаа тасалдуулаагүй боловч нэн тэргүүнд батлах шаардлагатай хуулиудыг дараагийн чуулган руу шилжүүлсэнээр бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагч нар хүлээхээс аргагүй болж байна. Нөгөө талдаа УИХ Өрийн удирдлагын тухай хуулийг батлаагүй болохоор хөрөнгө оруулалтыг яаж татах ч бас ойлгомжгүй болов. Дахиад л хүлээлт үргэлжлэх нь. Ирэх дөрөвдүгээр сард УИХ-ын хаврын чуулган эхэлтэл хүлээнэ. Дараа нь бас УИХ-аар хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэхээс батлагдах хүртэл хүлээнэ л гэсэн үг.

Уг нь улс төрийн намууд амласандаа байж, дээрх хуулиудыг УИХ-аар баталчихсан бол эдийн засагт дутагдаж байгаа хөрөнгө оруулалтуудыг бизнес эрхлэгчид “гуяд”-аад оруулаад ирэх боломж бүрэн байлаа. УИХ-аас 2008 онд Татварын өршөөлийн тухай хуулийг батлахад 5.6 их наяд төгрөг ил гарч, түүний үр дүнд 2009 оны эдийн засгийн хямралыг төвөггүй давсан тухай эдийн засагчид тодотгох нь бий. Ийм л боломжийг УИХ алдаж, хойш нь тавьж байна. Одоо эдийн засгийг сэргээх боломж нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл л болох нь. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэснээр сар шинийн битүүний өдөр багтааж, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахаар төлөвлөөд байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтоолд нийт 74 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан юм. Тоймтой том ажлаас нь дурдвал Тавантолгой, Оюутолгой төслүүдийг хөдөлгөх асуудал багтаж байна.

Крил бичгийг халах уу?

УИХ намрын чуулганаа өндөрлүүлэхээс урьтаж Монгол хэлний тухай хуулийн төслийг баталсан нь даяаршиж байгаа нийгэмд эх хэлээ хамгаалах чухал бодлогын нэг болов. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Эдийн засгийн хүндрэлийг бид 2-3 жилд даван туулчих бол соёлын хүндрэлийг 20-30 жил зарцуулаад ч давахгүй” гэж хэлснээс нь үзвэл энэ хуулийн ач холбогдол, үнэ цэнийг тодорхойлоод өгнө. Хуульд монгол бичгийн хэрэглээг хэрхэн өргөжүүлэх талаар тусгасаныг тайлбарлая.

Кирил бичгийг халах уу?, ийм асуулт тавих хүн олон байна.

Монгол хэлний тухай хуульд кирил бичгийг халах тухай заалт байхгүй бөгөөд алгуураар төрийн хэрэгт монгол бичгийн хэрэглээг өргөжүүлэх заалт л “шигтгэжээ”. Энэ ажил 2025 оноос ажил хэрэг болох учиртай. Цаад агуулгаараа энэ нь даяаршиж байгаа нийгэмд үндэсний хэл бичгийн дархлаагаа хамгаалж үлдэх төрийн хар хайрцагны л бодлого аж. Түүнээс гадна төрийн албанд ажиллах бол монгол бичгийн шалгалт авна гэж заасан нь төрийн хэлний хэрэглээнд монгол бичгийн хэрэглээ нэмэгдэхээр түүнийг ядаж уншаад ойлгочих хэмжээний хүн төрийн алба хаших ёстой гэж үзсэнтэй холбоотой юм байна.

Гадаад хэлийг 11 наснаас заана

Монгол хэлний тухай хуульд ерөнхий боловсролын дунд сургуулийн тавдугаар ангиас эхэлж гадаад хэлийг заана гэж тусгажээ. Энэ бол өнөөдөр ч хэрэгжиж байгаа, Боловсролын тухай хуулиар мөрдөж буй заалтын нэг юм. Нөгөө талдаа олон улсын төвшинд ч дунд сургуульд элссэн үеэс нь буюу 11 настайгаас нь эхэлж гадаад хэл заадаг жишиг нэгэнт тогтсон байна. Ийм жишиг баримталдаг нь, хүүхэд бага наснаасаа үндэстнийхээ хэл соёл, сэтгэхгүйг сайн сурах ёстой гэсэн зарчим баримталж байгаатай холбоотой. Хэрвээ та хүүхэддээ гадаад хэл сургана гэж үзвэл төлбартэй сургуульд сургах боломж бүрэн нээлттэй. Түүнийг хуулиар хориглож, хаасан заалт байхгүй аж.

Хаяг зөвхөн монгол бичгээр байх ёстой юу?

Дэлгүүр, супер маркетуудаас эхлээд аж ахуйн нэгж хаягаа гадаад хэлээр бичих нь олширсон. Энэ асуудлыг цэгцтэй болгохын тулд дээрх хуулийн хүрээнд хаягаа гадаад хэлээр бичсэн бол дагалдуулж монгол бичиг, кирил бичиг хоёрын аль нэгээр хаягаа давхар бичих ёстой гэж зааж өгчээ. Харин энэ заалтыг хэрэгжүүлэхгүй бол захиргааны хариуцлага хүлээлгэхээр тусгаад байна. УИХ-аар баталсан хуулиудын 70 шахам хувийг эдийн засгийн агуулгатай төслүүд эзэлдэг гэх нь бий. Харин энэ удаад УИХ соёлын салбарт хамаарах чухал хуулийг ийн эв зүйг нь олж баталлаа.

Төмөр замын царигийг шийдэв

УИХ-ын намрын чуулганаар батлагдсан чухал хуульд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл юм. Хууль батлагдсанаар Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар болж, байна. Гэхдээ Тавантолгой стратегийн ордыг ашиглах гэрээ хэрхэн байгуулагдахаас төмөр замын хувь заяа бас давхар яригдана.

Төлөвлөсөн асуудлынхаа 60 гаруй хувийг баталжээ

УИХ-ын намрын ээлжит чуулганаар 21 хууль, УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Үүнээс 60 гаруй хувь нь батлагдсан гэх мэдээллийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга өгөөд байна. Мөн УИХ-д өргөн мэдүүлэгдсэн 119 хууль тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 68, хэлэлцэж эхлээгүй 51 төсөл хүлээгдэж байгаа ажээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж