Азийн хөлбөмбөгийн холбоог тэргүүлдэг Мохаммед Бин Хамман FIFA-гийн Ёс зүйн хороонд өнөөдөр мэдүүлэг өгөх ёстой. Эдүгээ 62 настай Мохаммед Бин Хамман Карибын булангийн орнуудын төлөөлөгчдөд 1000 ам.долларын хахууль санал болгосон хэрэгт буруутгагдаад байгаа. Катарын бизнесмен 1998 оноос FIFA-г толгойлж буй Зепп Блаттерийг мөн хахууль авсан хэрэгт буруутгасан бөгөөд Блаттер өнөөдөр Ёс зүйн хороонд бас дуудагдаад байгаа.
Өчигдөр орой хийсэн мэдэгдэлдээ Хамман FIFA-гийн нэр хүнд унаж байгаад харамсч байгаагаа илэрхийлээд Блаттертай хийх тэмцэл нь FIFA-д ихээхэн “үнэтэй” тусч байгаа гэлээ. “Хоёр хүний тэмцлээс болоод миний хайртай байгууллагын нэр хог шаартай холилдохыг хүсэхгүй” байна хэмээн мэдэгджээ. Хэдийгээр нэрээ татсан ч FIFA-гийн өөрчлөлт шинэчлэлтийн төлөөх тэмцлээ үргэлжлүүлэх болно хэмээн Хамман хэллээ.
FIFA-гийн удирдлагын хээл хахуулийн асуудлаас болоод Английн Хөлбөмбөгийн холбоо ирэх гурав дахь өдөр болох холбооны тэргүүний сонгуульд оролцохоос түдгэлзэж байгаагаа мэдэгдээд байна.