-“Арван мянган төгрөг солиулбал мянган төгрөг нэмэгдэлтэй” гэнэ. 10 хувийн ашигтай наймаа. Боломжийн унацтай энэ наймаа шударга наймаа мөн үү. Арилжааны банкууд нь хуучин дэвсгэртийг шинээр солиод өгчихдөг бол хүмүүс ингэж 10 хувийн алдагдалд орох байсан уу-
Энэ сар шинээр хүүхнүүд ээмэг гоёлгүй, эрчүүд нь хэт хутга, мөнгөн аяга, үнэтэй хөөрөггүйгээр золгож мэдэх нь. Энэ бүх үнэт эдлэлээ хэр тааруухан үнээр барьцаалж, зарим бараа бүтээгдэхүүнийг зээлээр авч буй хүмүүс олон байгаа болохоор ийн таамаглаж буй хэрэг. Нарантуул, Барс, Бөмбөгөр худалдааны төвийн хүнсний лангууныханд бусад нь атаархаастай. Өргөн хэрэглээний бараа, тэр дундаа бэлэн хувцасны худалдагч нар хүний мөрөөс болж, бараа бүтээгдэхүүний үнээ навс унагаад ч худалдан авагчид хүнсний лангуу руу л нүүдэллэж байна. Бүүр ломбард маягаар үнэт эдлэлийг нь барьцаанд авч, бараа бүтээгдэхүүнийг зээлээр олгодог лангуу ч нээгдсэн гээд бод доо.
Нийтээрээ бүсээ чангалж, тансаг хэрэглээгээ татсан энэ цаг дор хамгийн эрэлттэй бөгөөд ашигтай нэгэн бизнес дэлгэрсэн нь шинэ дэвсгэртийн наймаа. Зочин гийчдийнхээ алган дээр тавьсан ч, хөгшид буурлууддаа хүндэтгэн барьсан ч билэгдлийг нь бодоод шинэ мөнгө өгөх сонирхол хэн бүхэнд бий. Үрчийж үнгэгдсэн, хир даг болсон мөнгөөр золгох нь сар шинийн сайхан өдрүүдийг гутаах мэт сэтгэдэг бидний нэрэлхүү занг овжин наймаачид олзлох болжээ. Худалдаа үйлчилгээний төвүүд, автобусны буудал гээд хүн олноор хөлхдөг газруудад гартаа шинэ дэвсгэртүүд сагсайтал барьсан залуус “Шинэ мөнгөө аваарай, шинэ мөнгөө аваарай” хэмээн чанга дуугаар нийтэд зарлана. Өөрийн эрхгүй чих соронздох тэдний наймааг сонирхон асуувал “Арван мянган төгрөг солиулбал мянган төгрөг нэмэгдэлтэй” гэнэ. 10 хувийн ашигтай наймаа. Боломжийн унацтай энэ наймаа шударга наймаа мөн үү. Арилжааны банкууд нь хуучин дэвсгэртийг шинээр солиод өгчихдөг бол хүмүүс ингэж 10 хувийн алдагдалд орох байсан уу.
Ганц нэг банкаар орж шинэ дэвсгэрт сураглалаа. Бараа нь ч алга. “Байхгүй” гэдэг үгээр халхавч хийсэн теллерүүд “Гадаа зогсоо наймаачдаас авахгүй юү” гэх шиг тохуутай сонсогдоно. Банкинд байхгүй шинэ дэвсгэрт ямар замаар наймаачдын гарт орчихдог хэрэг вэ. Тэд шууд Монголбанкнаас шинэ дэвсгэрт солиулна гэж байх уу. Шинэ дэвсгэртийн наймаа эрхлэгчдийн хамгийн гүйлгээтэй “бараа” нь 500, 1000, 5000-тын дэвсгэрт гэнэ. Арван мянга, хорин мянгатыг тун цөөн сольж байгаа гэж аманцар наймаачин өгүүлж байна. “Та өнөөдөр солихгүй бол маргааш, нөгөөдөр, за битүүний өдөр бол бүр ч олдохгүй дээ. Аягүй бол ханш өснө” хэмээн сайрхах түүнээс харамлан байж, хэд гурван шинэ дэвсгэрт алваа. Надтай зэрэгцэн нэг эмээ, хоёр бүсгүй шинэ дэвсгэрт авч байлаа. “Хүүхдүүдэд өгвөл олон ширхэг болохоор баярладаг юм. 50,100-тын дэвсгэрт байна уу” гэж нэг нь сураглав. “Өө бага дэвсгэртийг олноор нь өгдөггүй юм. Нэг хэсэг хятадууд жижиг дэвсгэртийг боодол, боодлоор нь урагшаа авч гараад, түүнээс болж олноор нь өгөхөө больсон” хэмээн өнөөх аманцар залуу айлдаж байна. Ийм л эрэлттэй шинэ наймаа сар шинийн өмнө бий болжээ. Ноднин ч байсан, хойтон ч байх нь гарцаагүй.
Эрэлтийг дагаж нийлүүлэлт үүсдэг нь зах зээлийн жам. Хаана ашигтай наймаа байна, түүн рүү хүмүүс хөрөнгө оруулдаг гэж тайлбарлах хүн таарах биз. Гэвч эрэлтийг зохиомлоор үүсгэж, нийлүүлэлтийг албаар хомсдуулах нь шударга явдал гэж харагдахгүй байна. Төв банк болоод арилжааны банкныхан цагаан сар дөхөхөөр шинэ дэвсгэртийн эрэлт нэмэгддэгийг мэдэхгүй байна гэж түүхэнд хазгай. Хэрвээ хэрэглэгчээ гэх сэтгэлтэй газар бол эртнээс захиалж байгаад шинэ дэвсгэртээр үйлчлэх байсан биз. Гэтэл хамаарал бүхий цөөн хэдэн хүнд шинэ дэвсгэртийн нийлүүлэлт хийж, өргөн олны халааснаас 10 хувийг ашиг олох боломжоор хангаж байгаа нь шударга хэрэг яавч биш. Үйлдвэрлэл эрхлэгчид шиг хөлс, хүчээ урсгахгүй, улсад татвар төлөхгүй, богинохон хугацаанд боломжийн ашиг олж буй шинэ дэвсгэртийн наймаа ил хүчээ авч, шилдэг бизнес болоод байна.
М.СУРА