Владимир Путин, Франсуа Олланд, Ангела Меркель, Петр Порошенко
Фото: Микола Лазаренко / AFP
“Нормандын дөрвөл” гэх орнуудын лидерүүд: Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Украины ерөнхийлөгч Петр Порошенко, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель нар утсаар Донбассын байдлыг авч хэлэлцжээ. Энэ тухай Францын лидерийн албан ёсны өргөө болох Елисейн ордны мэдэгдлийн дагуу РИА Новости дамжуулав.
Владимир Путин, Петр Порошенко, Франсуа Олланд, Ангела Меркель нар хоёрдугаар сарын 15-ны шөнө дундаас эхэлсэн гал зогсоох дэглэмийг хэрхэн хангаж буйг хэлэлцээд зарим нэг мөргөлдөөн гарсан ч шуурхай зохицуулсан байна. Талууд гал зогсоох дэглэм ерөнхийдөө сахигдаж байна гэж үзжээ. Хоёрдугаар сарын 12-нд Минскт тохиролцсон багц арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр тухайлбал, хүнд зэвсгийг галын шугамаас татах, эвлэрэлийн хяналтыг үргэлжлүүлэх, орон нутгийн сонгуулийг Украины хуулийн дагуу явуулах тухай хэлэлцээрийг эхлүүлэх зэрэг арга хэмжээг авах юм.
Украины ерөнхийлөгчийн сайтад “гал зогсоох ажиллагааг Дебальцевогийн районд мөрдөгдөх ёстой” гэж үзсэн талаар дурджээ. Өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Эдуард Басурин “гал зоох дэглэмийг зөрчсөн тохиолдол Дебальцевогийн бүслэлтийн районд Украины хүчнийхний талаас гарч байна” гэж мэдэгджээ.
Порошенкогийн аппаратын мэдэгдэлд лидерүүд OSCE-гийн тусгай шалгалтын ажиллагааны ажиглагчдыг Дебальцевод ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал гэж тэмдэглэсэн гэлээ. Үүний өмнө Украины Гадаад хэргийн сайд Павел Климкин, мөн Украин дахь ОSCE-гийн салбарын тэргүүн Эртугуль Апакан нар ажиглагчдыг Дебальцевод оруулаагүй гэсэн юм. Үүний хариуд нь ДАУ-ын төлөөлөгч Денис Пушилин ажиглагчид хүсэлтээ гаргаагүй гэж хэлсэн байв.
Украины ерөнхийлөгчийн сайтад бичсэнээр, лидерүүд “Нормандын дөрвөлийн” хэлэлцээрийг хоёрдугаар сарын 16-нд үргэлжлүүлнэ гэж тохиролцсон байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР