Ардын намынхны шоу хэтэрлээ

Хуучирсан мэдээ: 2015.02.16-нд нийтлэгдсэн

Ардын намынхны шоу хэтэрлээ

Ардын намынхны шоу арай л хэтрээд байна уу даа. Шинэчлэлийн Засгийн газрыг муу ажиллаж байна гэж  бөмбөгдсөөр огцруулсан.

Араас нь Ардын нам Засгийн газарт орохгүй гэж хэсэг шоудсан ч эцэстээ хэлснээсээ буцсанаар өнөөдөр эрх баригчийн дүрд “амжилттай” тоглож байгаа.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “МАН  хямралыг зогсоох гэж, ард түмнийхээ амьдралыг өөд нь татах гэж Засагт хамтарсан. 2011 онд 17 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 6-7 хувьд хүрлээ. МАН өр нэмээгүй. АН өрийг  хуулиас хэтрүүлчихээд нууж байсныг бид ил болгосон” гэх зэргээр улиг болтол ярьж байгаа.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт МАН-ын генсек Ж.Мөнхбат  “Улс төрийн шийдвэрээ эргэж харж болзошгүй” гэх утгатай мэдэгдэл хийж, АН-ынхныг шантаажлаад авав.

Өнгөн дээрээ “МАН Засгийн газарт хамтарч их эрсдэл хүлээлээ, бидэнд ирэх 2016 оны сонгууль чухал биш,  улс орноо хямралаас гаргах л  чухал гэх”  уриа  лоозонгийн шинжтэй сайхан үг хэлнэ. Үнэн хэрэгтээ тэд Засгийн газарт орж ажиллаж буйгаа давуу тал болгон, сонгуулийн сурталчилгаа хийж байгаа нь хэнд ч ойлгомжтой байна.

Хэдэн жишээ хэлье.  Улс орны төсөв санхүү хүнд байгаа гэж ам уралдан ярих мөртлөө  тэтгэвэр нэм, тэтгэврийн  зээлийн хүүг бууруул, ач санах агуулгатай ахмадуудын  нийгмийн баталгааг хангах хуулийн төсөл санаачиллаа гэх зэргээр ахмадуудад чиглэсэн чихэнд чимэгтэй мэдээллийг  байсхийгээд л чулуудах боллоо. Сар шинэ хаяанд ирсэн энэ өдрүүдэд ахмадууд тэдний оновчтой бай байх нь мэдээж. 90 хувь нь банкинд тэтгэврийн зээлтэй ахмадууд өнөөх үгэнд хөөрөн хөхөө өвлийн хүйтэнд жагсаж хүртэл үзэв.

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх явцад “Н.Алтанхуягийн үед гаргасан хөтөлбөрийг үргэлжлүүлэхгүй” гэх тамын тогооны үлгэрээ ярьж, нөгөө л хэдэн үгсээ чуулганы  танхимын индэрт улиглах нь тэр.

Ирэх сонгуулийн PR-аа эртнээс хийж эхэлсэн Ардын намынханд эдийн засгийн хүндрэлийг  даван туулах чин хүсэл байгаа гэдэгт үнэхээр эргэлзэж байна. Үлдсэн нэг жил, зургаан сарын хугацаанд АН-ыг өр нэмсэн, ард түмнээ хуурсан, эдийн засгийг дампууруулсан, хүүхэд хөгшдийн халаасанд гараа дүрсэн гэх хар муугаар будах л төлөвлөгөөтэй байх шиг.

А.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж