Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Мэдэгдэл

АРДЧИЛСАН НАМЫН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ,
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ ГИШҮҮДИЙН СОНОРТ

Эрхэм журмын нөхөд өө…
Монгол орон даяр улс төр хөдөлгөөнд орж, нийгэм улс төрийн олон нарийн төвөгтэй асуудлууд сөхөн тавигдаж шил шилээ даран шийдлээ хүлээж байгаа энэ эгзэгтэй үед АН-ын ҮЗХ-ны хуралдаан болох гэж байна. Улс орны өмнө тулгамдсан олон асуудал байгаа шиг АН-ын өмнө ч түүнээс дутуугүй олон асуудлууд  хуримтлагдаад байна.
АН-ын дүрэм журмууд хэрэгжихээ больж, эрх мэдлийн төлөө улайрсан хэсэг бүлэг хүмүүс төвийн болон нийслэлийн нам, зарим аймаг дүүргүүдийн намыг хувьчлан авч эрхшээн, өөрийн дур зоргоороо авирлан жирийн ардчилсан намын гишүүд дэмжигчдийг хуваан талцуулж, намыг хүчгүйдүүлэх, намыг сонгуульд ялагдуулах зорилтыг “маш амжилттай” хэрэгжүүлж байна.
Ялангуяа Нийслэлийн намын хороо, түүнийг толгойлж буй С. Эрдэнийн хортой уваагүй үйл ажиллагааг энд шууд нэрлэх нь зүйтэй. Тэрээр Баянгол дүүргийн намыг өмчлөн  даргын суудлыг ээлж солиогүй эзэгнэж, түүнчлэн нийслэлийн намын даргын суудлыг ч мөн давхар эзэгнэж байна. Түүний даргалсан дүүрэг, нийслэлийн нам нь тухайн шатны орон нутгийн сонгуульд ямар “амжилт” гаргасныг бид бүгд мэднэ. Яагаад энэ хүн улс төрийн хариуцлага хүлээдэггүй юм бэ?
Улсын Их Хурлын сонгуульд ч яаж их хэл ам татлан, хор найруулж, хүмүүсийг золиослон байж гарсныг бид бүгд мэднэ. Энэ хүний хэт өрөөсгөл, нэг талыг барьсан, түрэмгий үйл ажиллагааны шууд үр дагавар болж өнөөдөр нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүд хоёр намтай болж, Сонгинохайрхан, Баянгол, Багануур дүүргийн намууд хагарал зөрчилдөөнд татагдан орж байна.
Өчигдөр болсон Нийслэлийн намын хорооны хурал нь хүчин төгөлдөр бус будилаантай сонгогдсон нийслэлийн намын хорооны гишүүдээр ирцээ  бүрдүүлсэн байсан ч С.Эрдэнэд итгэл үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэх эсэх тухай саналыг ил санал хураан шийдвэрлэхэд нийт 110 орчим хүн гараа өргөснөөс 47 хүн нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн нь жирийн гишүүд түүний ажлыг хэрхэн дүгнэдэгийг харуулсан хэрэг юм.
Энэхүү мэдэгдлийг гаргагч Нийслэлийн намын хорооны хэсэг гишүүд бид Нийслэлийн намыг шинэчлэх түр хороог санаачлан байгуулж байгаагаа та бүхэнд зарлан мэдэгдэж байна.
Ер нь АН дотоод зөрчилтэй асуудлуудаа шийдвэрлэхгүй, дураараа авирлагч хүмүүсийн аяыг харж, мөлийлгөн ужигруулж явах нь яавч зүйтэй зүйл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Дархан-Уул зэрэг аймгийн ардчилсан намуудад гарч  байгаа маргаан зөрчлүүд бас үүнийг давхар нотолж байгаа юм.
Ийм учраас бид ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулан маргаан зөрчилтөй асуудал бүхий нийслэл, дүүрэг, аймгийн асуудлуудыг нэг мөр эцэслэн  шийдвэрлэсний дараа хуралдаанаа хийх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлж байна.
Нам бол олон хүний сайн дураараа үзэл бодлыхоо үндсэн дээр нэгдсэн улс төрийн байгууллага. Энд хэн нэгэн эрхтэн дархтаны үг шийдвэр, тулган шаардалтаар хол явахгүй нь ойлгомжтой билээ. Энэ саналыг маань олон талаас нь нухацтай хэлэлцэн хүлээн авахыг та бүхнээс хүсье.

Сайн үйлс дэлгэртүгэй.
Нийслэлийн АН-ыг шинэчлэх түр хорооны санаачлагчид
Улаанбаатар хот
2010 оны 4 дүгээр сарын 15 –ний өдөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж