Архив EPA/ANASTASIA VLASOVA
Украины “Баруун сектор” гэх радикал хөдөлгөөн Минскийн тохиролцоог зөвшөөрөхгүй байлдааны ажиллагааг үргэлжлүүлнэ гэж уг байгууллагын лидер Дмитрий Ярош Facebook дэх хуудсандаа баасан гаригт бичжээ.
“Салан тусгаарлагчидтай хийсэн ямар ч тохиролцоо хүчингүй. Украины Үндсэн хуулийг зөрчиж байгаа учраас иргэд биелүүлэх албагүй” гэж Ярош хэлж байна. “Баруун сектор” нь өөрийн оператив төлөвлөгөөний дагуу Украины газар нутгийг бүрэн чөлөөлөх хүртэл цэргийн идэвхитэй ажиллагааг явуулах болно” гэж тэр бичжээ.
"Баруун секторын тухай"
"Баруун сектор" албан бус барууны хэт даврагч бүлэглэл юм. Өнгөрсөн оны гуравдугаар сард "Украины үндэсний ассамблей (УНА-УНСО) гэх намын хуулийн болон боловсон хүчний бааз дээр үндэслэн улс төрийн нам болжээ.
Тус намын лидер Дмитрий Ярош өнгөрсөн оны аравдугаар сард болсон Дээд радын ээлжит бус сонгуулиар Днепропетровск мужийн нэг мандаттай тойргоос Дээд радад сонгогдсон байна.
Ярош өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-нд Чеченийн салан тусгаарлагчдийн лидер Доку Умаровт хандан Украин дахь Оросын хүчний эсрэг тэмцэхийг уриалсан учир Орос түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Шамиль Басаев, Хаттаб нарын дайчдын хамт тэрээр Чеченьд тулалдаж байсан гэдэг. Хамгийн сүүлд Ярош гар бөмбөгтэй Дээд Радын хуралд орон дэлбэлнэ гэж сүрдүүлэв.
Минскийн тохиролцоог үүний өмнө Киевийн нэгдсэн командлалд захирагддаггүй сайн дурынхнаас бүрэлдсэн “Азов” сумангийн орлогч дарга асан Радикал намын депутат Игорь Мосийчук шүүмжилсэн юм. “Урвалт. Үндэсний хэмжээний урвалт. Үндэсний сонирхлыг хөсөрдүүлсэн урвалт. Зөвхөн ингэж ДАУ, ЛАУ-тай Украины нэрийн өмнөөс Леонид Кучмагийн гарын үсгээ тавьсан Минскийн гэрээний агуулгыг хэлж болно” хэмээн Игорь Мосийчук мэдэгдсэн байв. Тэрээр Минскийн гэрээг хэрэгжүүлэх талын бүх асуудлыг Дээд радад хэлэлцэхэд бүхий л хүчээрээ эсэргүүцнэ гэжээ.
Шинэ тохиролцоо
Минскийн тохиролцооны дагуу хоёрдугаар сарын 15-ны шөнө дундаас Донбасст гал зогсоох дэглэм үйлчилж эхэлнэ. Энэ тохиролцоог “нормандын дөрвөл” буюу ОХУ, Украин, Франц, Германы лидерүүдийн саммитаар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт хийсэн юм.
© Николай Петров/БелТА/ТАСС
Бэлтгэсэн Ш.МЯГМАР