УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Ноён уулаа аврахаар өлсгөлөн зарлаад байгаа иргэдтэй өчигдөр орой уулзжээ. Сэлэнгэ аймгийн нутагт байрлах Гацууртын ордыг ашиглуулахгүй хэмээн эсэргүүцэж, есөн хүн өлсгөлөн зарлаад 60 гаруй цаг болж байгаа.
УИХ-аар хэлэлцэж буй “Урт нэртэй” гэгдэх хуулийг санаачлагчдын нэг нь экс гишүүн Ш.Сайхансамбуу юм байна. Тэрбээр “Ноён уулаа аврая” хөдөлгөөнийхнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, санаачилсан хуулиа хамгаалахын төлөө байгаагаа хэлжээ. Гол мөрний урсац, бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахын хориглох тухай хуулийн заалтад Гацууртын орд яах аргагүй хамаарна гэж хөдөлгөөнийхөн үзэж байгаа. “Урт нэртэй” хуулийн өөрчлөлт, ашигт малтмалын хуулийг хамтад нь хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвсэл завсарлага авснаар ирэх хаврын чуулганд шилжих нь тодорхой болоод байгаа юм.
С.ОТГОН