УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 83 хувийн саналаар “Тогтоолыг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Төсөлд эрчим хүч, шуудан холбооны салбарт гадаадын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, төрийн оролцоог бууруулах шаардлага тавигдаж байгаатай холбогдуулан нэмэлт хувьцаа гаргаж, тэдгээрийг нийтэд санал болгох замаар хувийн хөрөнгө оруулалтыг татах аргыг голлож баримталсан бөгөөд зах зээлийн шаардлагад нийцсэн бүтцийн өөрчлөлт хийхийг зорилго болгож үндсэн чиглэлийг боловсруулжээ. Нийгмийн салбарын төрийн өмчийн зарим байгууллагуудын бие даасан байдлыг хангах зорилгоор тэдгээрийн засаглалын орчинг боловсронгуй болгож төрийн өмчит эмнэлэг болон төрийн өмчийн их, дээд сургууль, зарим бололцоот соёл, урлагийн байгууллагыг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлэн удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдөх зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн тогтолцоотой болгохоор тусгасан аж. Ийм зохицуулалт хийж өгсөн нь Засгийн газар өөрчлөгдөх бүрийд сургууль, эмнэлгийн удирдлага өөрчлөгддөг тогтворгүй байдлыг зогсоох оролдлого гэнэ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “2015 оны төсвийн тодотголыг УИХ-аар батлахдаа өмч хувьчлалаас 180 тэрбум төгрөг олж, төсвийн орлого бүрдүүлнэ гэж тусгасан. Гэтэл төсөвт бодитой орлого оруулах хэчнээн төрийн өмчит компани байна вэ гэхээр харагдахгүй байна. Хоёрдугаарт, хувьчлах шаардлагагүй обьектын жагсаалтыг багтааса байна. Жишээ нь, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хөдөө аж ахуйн бирж, Мэдээлэл харилцаа холбооны сүлжээ компани. Энийг хувьчлах нь хэр зөв юм бол оо. Эрсдэл үүсэх вий. Нийгмийн салбарын хувьчлал, СЭЗДС-ийг хувьчилсантай адил нөхцөл байдал үүснэ. МУИС, ШУТИС гээд цаашаа явах нь. Ийм байдалтай өмч хувьчлалыг явуулж болохгүй. Өмч хувьчлалын орлогооос орлого олох нь уу гэтэл бодитой орлого олохгүй, тэгсэн хэрнээ чоно хонины арьс нөмрөөд ороод ирсэн юм шиг аргаар үзэх гээд байна уу, үгүй юу. Эдгээрийг хувьчилж авах бололцоотой үндэсний компани одоо байхгүй, ийм үед төрийн өмчийг үнэгүйдүүлж, тодорхой хүмүүс авах гэж байгааг дэмжихгүй” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг батлах ёстой гэж хуулийн төслийг дэмжүүлчихээд нийгмийн салбар дахь хувьчлалыг дэмжихгүй гээд байгаа С.Бямбацогтын байр суурийг ойлгохгүй байна” гэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хувьчлалын дараа сургууль яах вэ, эмнэлэг яах вэ гэдгийг ярилцах ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуультай зөрчилдсөн төсөл оруулж ирлээ. Нийгмийн салбарын хувьчлалын асуудал дээр С.Бямбацогтын хэлээд байгаатай санал нэг байна. 1996-2000 оны хувьчлал юу боллоо, энийг мэдэж байгаа улстөрийн хүчний хувьд зөв байр суурь. Хэдэн иргэдээ дуртай эмнэлэгтээ очоод үзүүлэх боломжтой байлгах ёстой.
Удахгүй бид сонгогчидтойгоо уулзана, эмнэлэг үнэтэй болчихвол яах вэ үзүүлж чадах уу. Гуравдугаар шатны эмнэлэгт хөдөөгийн иргэд ирж үзүүлдэг. Хэлэлцэх эсэхийг нь дэмжээд хойшлуулж, сайн ажиллах ёстой болов уу” гэсэн юм.
Саналаа илэрхийлсэн гишүүдийн олонхи нь “Хувьчлалын асуудлыг нухацтай хэлэлцэх ёстой” гэсэн байр суурь барьсан тул УИХ-ын дарга уг асуудлыг ирэх долоо хоногийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаахгүй гэдгээ хэллээ. Чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд сонгогчидтойгоо уулзах үеэрээ эмнэлгийг хувьчлахыг дэмжих үү гэдэг асуудлыг тавьж саналыг нь сонсохоор болов.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.
Г.ДАРЬ