БХЯ-ныхан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.02.13-нд нийтлэгдсэн

БХЯ-ныхан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй батлан хамгаалах салбарын удирдлагууд өнөөдөр сар шинийг угтан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Батлан хамгаалах яам болон түүний харъяа байгууллагад ажиллаж байсан 400 гаруй буурай энэ хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон юм. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Ц.Цолмон сайд "Эрхэм хүндэт ахмадууд та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгахын ялдамд угтан золгож буй хонь  жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт өөрийн залуу нас, ухамсарт бүх амьдралаа зориулсан та бүхэнтэй уулзан учирч, хамтран ажиллах болсондоо баяртай байна. БХЯ-ны хувьд бол ахмадуудыг сар шинээр хүлээж авах, хөнгөлттэй үнээр амруулах, амралт сувилал, аялал жуулчлалаар явуулах, буцалтгүй тусламж үзүүлэх, урлаг соёлын арга хэмжээг үзэж сонирхуулах зэрэг ажлыг Ахмадын хороогоор дамжуулан гүйцэтгэж ирлээ. Гэхдээ эдгээр ажлын жилүүдэд нь ахмадуудыг нэг бүрчлэн хамруулан оролцуулж хараахан чадахгүй байгаа нь санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй холбоотой.  Энэ хүндрэл бэрхшээл мөнхийн юм биш, улс орон нийгмээрээ энэ бэрхшээлийг даван туулна. Угтаж буй хонь жилдээ салбарын хэмжээнд бүтээн байгуулалт, ололт дүүрэн байхаар төлөвлөж байна. Миний хувьд Батлан хамгаалах салбарын бодлогын баримт бичгийг боловсруулаад Ерөнхийлөгчид өргөн барилаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ төслийг УИХ-д өргөн мэдүүлэх байх. Нөгөө талаас ахлагч нараа чадавхижуулах, орон сууцжуулах гээд нийгмийн асуудал дагасан олон асуудал байна.  Өнөөдөр манай салбарын залуус албан хаагчдын орон сууцанд амьдарч байгаад ажлаас чөлөөлөгдөхөөрөө гудамжинд гарах шахам байна. Ийм байж таарахгүй. Үүнийг нь шийдэх учиртай. Энэ талын төлөвлөсөн ажлууд бий" гэсэн юм. Мөн тэрээр "Эх орны төлөө", "Ахмад дайчин" медалиар  бэлтгэл офицер Д.Алтанхуяг, н.Пүрэвжил нарыг шагнаж, ахмадууддаа эрүүл энх байж, батлан хамгаалах салбарынхаа залууст сургаалиа айлдаж, заавар зөвөлгөөг харамгүй өгч байхыг хүсээд дурсгалын зүйл болон гарын бэлгээ гардуулсан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж