Ж.Түмэн-Аюуш: Олсон хэдийгээ олонтойгоо хуваалцаад явахад болдог л юм
“Хасу Мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, зөвлөх инженер Жамьянсүрэнгийн Түмэн-Аюуштай ярилцлаа. Тэрбээр Олон улсын софт теннисний холбооны тэргүүлэгч гишүүн, Монголын софт теннисний холбооны ерөнхийлөгч, Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, чөлөөт бөх, волейбол, хөлбөмбөг, ширээний теннис, даамын “Мегастарс” клүб, сагсан бөмбөгийн “Чингис Сити” багийн эзэн, Монголын спортын нэрт зүтгэлтэн юм.
Өөрийнхөө үзүүлээгүй амжилтыг хүүхдүүдээр дамжуулж гаргах хүсэлдээ хөтлөгдөж явна
-Та Дарханых уу?
-Би Хэнтий аймгийн Галшар суманд 1965 оны гуравдугаар сарын 8-нд төрсөн. Сумынхаа найман жилийн сургуулийг 1981, аймгийнхаа төвийн 10 жилийн дунд сургуулийг 1983, Дарханы Политехникумыг дулааны техникч мэргэжлээр 1986 онд төгссөн. Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай оюутан байсан болохоор Политехникийн дээд сургууль (Одоогийн ШУТИС)-д уригдаж, 1986 онд Улаанбаатарт ирсэн. Намайг Дарханаас ирсэн болохоор хүмүүс тэндхийнх гэж ойлгодог. Би Дарханд төрж, өсөөгүй ч хүндэт иргэн нь. Манай “Мегастарс” клүбийн тамирчдын 60-70 хувь нь эндхийнх.
-Политехникийн дээд сургуулийг хэдэн онд төгсөв?
-Дулааны инженер мэргэжлээр таван жил суралцаж, 1991 онд 26 настайдаа төгссөн. Сургуулиа төгсөөд “ДЦС-III”-т томилогдож ажилласан. Найман жил суралцсан дулааны инженер мэргэжлээрээ хоолондоо хүрсэн.
-Спортоор хичээлэх цаг гараагүй юм байна …
-Би багаасаа сагсан бөмбөг, үндэсний бөх болон чөлөөт бөхөөр олон жил хичээллэсэн. Хэдий тийм ч боловсролыг нэгдүгээрт тавьсан болохоор өндөр амжилт гаргаж чадаагүй. Гэхдээ өөрийнхөө үзүүлж чадаагүй амжилтыг хүүхдүүдээр дамжуулж гаргах хүсэлдээ хөтлөгдөж явна. Таван төгрөг илүү гарсан цагаас эхлэн спортыг дэмжсэн.
-Энэ ажлаа хэрхэн эхлүүлэв?
-Нийслэлийн 20 дугаар сургуулийн волейбол, 52 дугаар сургуулийн хөлбөмбөг, 10 дугаар сургуулийн софт теннисний баг тамирчдыг ивээн тэтгэснээр эхэлсэн. Энэ олон хүсэл сонирхлоо нэгтгэж, “Мегастарс” клүбээ 2009 онд байгуулсан. Олон улын жишигт хүрсэн клүб болгох зорилготой. Зорилго минь өдрөөс өдөрт биелж байгаад баярладаг.
-Танай клүбийн нэрийг янз янзаар ярьж, бичдэг. Албан ёсны хариултыг танаас хүсч байна?
-Албан ёсны нэр нь “Мегастарс” юм шүү дээ. Тайлбарлагч, сурвалжлагч нар л янз бүрээр нэрлээд сурчихсан болохоос биш.
Ц.Баярсайхан бид хоёрын амьдрал огтлолцох учиртай байж
-Спорт сонирхогчид “Мегастарс”-ын чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Баярсайхан та хоёрыг нэг ангид суралцаж байсан тухай ярьдаг. Тэгэхээр та хоёр Дарханы Политехникумд танилцжээ?
-Тийм ээ. 1983 онд нэг ангид орж, богино хугацаанд спортын сонирхлоороо дотно нөхөрлөсөн. Баяраа маань 1984 оны хавар цэрэгт явсан тул бид хоёр хамтдаа нэг жил л суралцсан. Гэхдээ бурхны зурсан зураг юм уу, бидний амьдрал олон зүйл дээр огтлолцсон.
-Найзынхаа чөлөөт бөхийн баг тамирчдыг дэмжих болсон нь хэдэн он бэ?
-2007 он. Манай “Хасу Мегаватт” компанид болохоосоо болохгүй нь их, хүнд үе байсан. Гэсэн ч болдог л юм билээ.
-“Мегастарс”-ын чөлөөт бөхийн тамирчдын дийлэнх нь Дарханых. Тэд Улаанбаатарт ирээд хаана байрлаж байна вэ?
-Би 2008 оны үед мөнгө муутай байсан ч гэсэн чөлөөт бөхийнхөндөө III хорооллын эцэст хоёр давхар дэлгүүртэй, гурван өрөө байр худалдаж авч өгсөн. Манайхан тэндээ байрлаж, дэлгүүрийнхээ түрээсийн мөнгөөр хоол, унаагаа залгуулаад явж байна. Би чинь бас их муу захирал биш шүү дээ. Д.Отгонцэцэгийгээ 2011 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд ирэхэд нь хоёр өрөө байр өгсөн.
-“Мегастарс” насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийнхний ангилалд бүгдэд нь жигд өрсөлддөг …
-Тийм шүү. Манайх өсвөр үеийнхнээ ерөөсөө хаядаггүй. Зөвхөн насанд хүрэгчдээ бариад явбал бидэнд ч, тэдэнд ч амар. Гэхдээ ирээдүй болсон өсвөр үеийнхнээ орхиж яаж болох вэ. Та бүхэн манай дараагийн үе гараад ирснийг анзаарсан биз дээ. Өнгөрсөн хавар насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн залуучууд одоо медалийнхаа өнгийг хувиргахаар дайрна шүү дээ. Харин насанд хүрэгчдийнхээ дунд нэлээн сайн ангилал хийж, заримыг нь авч үлдэнэ. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн багаа япончуудтай, эрэгтэйчүүдийн багаа оросуудтай хамтарч ажиллуулах сонирхолтой. Ц.Баярсайханы маань ажилд зөвлөх, туслах дасгалжуулагчийг ОХУ-аас авчрах санаа байна.
-Та МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Удирдах зөвлөлийн гишүүнээр хэзээнээс ажиллав?
-“Гацуурт”-ын Л.Чинбатыг 2009 онд МЧБХ-ны ерөнхийлөгч болсноос хойш ажиллаж байна.
Хэнтийнхний хүсэлтээр сагсан бөмбөгийн багийнхаа нэрийг сольсон
-Сагсан бөмбөгийн сонирхогчдын анхны лиг 2007 онд “Гоё лиг” нэртэй болсон. “Хасу Мегаватт” багийг тэр үеэс мэдэх юм …
-Анхны партизаны нэг юм шүү. Политехникийн дээд сургуульд миний багш байсан, Монголын сагсан бөмбөгийн шилдэг дасгалжуулагчийн нэг Б.Дамба багийг маань бүрдүүлж өгсөн. Манай баг 2007 оны бүрэлдэхүүнээ хадгалж, УАШТ-ээс тасралтгүй медаль хүртэж (Ингэхдээ Монголын бүх ард түмний спортын наадамд түрүүлсэн), сонирхогчдын “Спрайт лиг”-ийн шигшээ тоглолтод гурав дөрвөн ч удаа үлдэж, хоёрт нь түрүүлсэн. Манай багийн 15 хүүхэд спортын мастер цолтой. Цөөнгүй амжилт гаргасан болохоор хөгшин юм шиг харагдаж байж магадгүй. Гэхдээ тэд залуу.
-Танай багийг М.Гантөмөр дасгалжуулагч хэзээнээс удирдах болов?
-Гурван жил болж байна. Б.Дамба багш заал байгуулах гээд их завгүй яваа тул ажлаа М.Гантөмөр дасгалжуулагчид шилжүүлсэн. Манайх сайн багш нараар удирдуулсан азтай баг.
-Сонирхогчдын ангилалд олон жил тоглосон багаа энэ жил “Үндэсний сүпер лиг”-т орууллаа …
-Тийм ээ. Би дээд лигт тоглуулахыг хүссэн юм. Манай хэд энэ намар “Бэлтгэл жаахан дутуу байна” гэж байсан ч зориг шулуудаад орсон. Эхний хагаст 50-иас дээш хувийн амжилт үзүүлчихвэл учиртай.
-Нэрээ яагаад өөрчлөх болов?
-“Хасу Мегаватт”-аараа бус “Чингис Сити” нэртэй тоглож байна. Хэнтийнхэн надад санал тавьсан юм. Манай аймгийн төв Өндөрхаан байснаа Чингис болсон нь олон хүний чихэнд наалдаж өгөхгүй байгаа. Тиймээс нэрээ сольсон.
-“Чингис Сити” багт хоёр америк легионер тоглож байна. Тэд сард хэдэн төгрөгийн цалин авч байна вэ?
-Байр, хоолыг нь даахын хажуугаар сард 1500-2500 ам.долларын цалин өгч байна. Анхнаасаа жаахан өндөр тогтоосон юм билээ.
-Монгол тамирчиддаа хэдийг өгч байна вэ?
-Ихэнх тоглогч нь манай компанийн үндсэн ажилтан. Тэднийг лиг үргэлжлэх хугацаанд ажлаас нь чөлөөлж, цалинг нь бүтэн олгож байгаа. Манай үндсэн ажилтан биш монгол тоглогчдод сард 400-800 мянган төгрөг өгч байна.
-Нийт зардал хэд болох уу?
-Саяхан хоёр ээлжийн өмсгөл хийлгэлээ. “Үндэсний сүпер лиг” үргэлжлэх таван сарын хугацаанд 80 гаруй сая төгрөг гаргах тооцоо бий. Би 2007 оноос хойш тоглогч бүртээ жил бүр АНУ-аас пүүз авчирч өгч байна.
Софт теннис олимпийн хөтөлбөрт багтах боломжтой
-Теннис, софт теннис хоёр юугаараа ялгаатай вэ?
-Үндсэн ялгаа нь бөмбөг. Софт теннисний бөмбөг зөөлөн, ойлт багатай болохоор тамирчнаас хүчтэй цохилт, их хурд шаарддаг. Мөн тоолохдоо ялгаатай. Теннис 15, 30, 40 гэж бөөн тоогоор, софт теннис дан тоогоор тоолдог. Теннисийн тоглолт шороон, зүлгэн, хатуу хучилттай талбай дээр болдог. Харин софт теннисний шигшээ тоглолтууд шороон талбай дээр болдог. Би өөрөө Олон улсын софт теннисний холбооны тэргүүлэгч гишүүн. Анзаараад байхад сүүлийн дөрвөн жил софт теннисний олон зүйл теннисийнхтэй адилхан болсон. Талбайн зураас, торны хэмжээ адилхан болж, теннисний цохиур хэрэглэж, хоёр гараараа барихыг зөвшөөрсөн.
-Энэ спорт манай улсад хэзээ орж ирсэн юм бэ?
-БТСГ-ын дарга байсан Ч.Наранбаатар 1990 онд оруулж ирж, суурийг нь маш сайхан тавьсан. Манай улсын софт теннисний тамирчдын багш. Ч.Наранбаатар дарга өдгөө 30 нас гарсан залуучуудыг бараг бүгдийг нь Японд сургасан байдаг. Манай баг тамирчид 1999 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
-Та Монголын софт теннисний холбооны ерөнхийлөгчөөр хэзээнээс ажиллаж байна вэ?
-2010 оноос. Би МСТХ-ны ерөнхийлөгч болсноор Японоос дасгалжуулагч, илээч урьж, баг тамирчдаа олон улсын бүх тэмцээнд оролцуулсан. 2011 онд манай эрэгтэйчүүдийн баг БНСУ-ын Мүнгён хотод болсон ДАШТ-ээс хүрэл, хүүхдүүд маань өсвөр үеийнхний ДАШТ-ий хосын төрөлд мөнгөн медаль хүртсэн. Хоёр тамирчин маань сая Инчёнд болсон Азийн наадамд медалийн төлөө өрсөлдсөн ч харамсалтай нь хүртэж чадсангүй. Бидэнд нөөц бололцоо их бий.
-Софт теннис 2020 оны Токиогийн олимпийн наадмын хөтөлбөрт багтах болов уу?
-Япончууд их хичээж байна. Би дээрх өөрчлөлтүүдийг япончууд софт теннисийг 2020 оны олимпийн наадамд оруулах ажлын нэг хэсэг гэж харж байна. Софт теннис нэг, хоёрдугаар шатаа амжилттай давчихсан. Одоо гуравдугаар шатны санал асуулга бүхнийг шийднэ. Гайгүй байх аа. Би үүнд зориулж теннисний олон улсын стантдартад нийцсэн талбай хийж байгаа. Хойтон жил төв талбайгаа янзална. Битүү дээвэртэй хоёр ордонтой болчих санаа байна.
Миний уянгын халил хэтэрсэн байж магадгүй
-Танай волейболын эрэгтэйчүүдийн баг энэ жил яагаад түрүүлж чадсангүй вэ?
-Уг нь “Хаврын тэргүүн”-д түрүүлж, “Эрчим” удаалсан. Харин манайх “Намрын тэргүүн”-ийн нэгдүгээр тойрогт муу тоглосноос болж, гуравдугаар байрт орж, “Эрчим” тэргүүлсэн. Ингээд хоёр тэмцээний нийлбэр дүнгээр “Эрчим” түрүүлж, манайх хоёрдугаар байрт орлоо. Манай улсад ирэх 2015 онд волейболын ЗААШТ болно. Үүнд манай гурван тамирчин оролцохоор бэлтгэл хийж байна. А.Даваажаргал манай компанийн нягтлан бодогч шүү дээ. Өглөө 06:00 цагт бэлтгэлтэй байсан, арай ирээгүй байх шиг байна.
-“Хасу Мегаватт”-ын ширээний теннисчид 2012-2013 оны улиралд лигийн аварга болсныг санаж байна?
-Тийм ээ. Манайхан лиг, шилдэг 10 тамирчны тэмцээн, УАШТ-д түрүүлсэн. Хариуд нь би гурван хүнийг ДАШТ-д явуулах зардлаар “шатсан” (инээв). Монголын ширээний теннисний шилдэг тамирчин, ОУХМ Л.Алтантулгын ээж Дэлгэрмаа спортын мастер, манай компанийн ерөнхий нягтлан бодогч.
-Монгол Улсаас даамын гурав дахь их мастер төрөхөд таны дэмжлэг их байсан …
-Би өөрийн компанийн ажилтан Д.Баттулгыгаа дэмжиж ажиллаж, их мастер болоход нь байр өгсөн. Польшийн Дабки хотод болж буй залуучуудын ДАШТ-д манай хоёр тамирчин өрсөлдөж байна.
-Танай клүбээс М.Одгэрэл гэж мундаг даамчин охин гараад ирлээ …
-Д.Баттулгын маань шавь М.Одгэрэл энэ жил 15 настай. Өнгөрсөн жил манай улсад болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д хоёр ч их мастерыг ялж шуугиан тарьсаныг та бүхэн санаж байгаа байх. Энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, сая ААШТ-д оролцсон. Мөнгөн медаль хүртэж, ОУХМ-ын болзол хангалаа. Хэрвээ түрүүлсэн бол их мастер болж, дээд амжилт тогтоох байв. Гэхдээ ирэх жил түрүүлнэ ээ.
-Та хурдны нутгийн хүн. Морь хурдан, уяа эвтэй юү?
-Морь хурдан, уяа эвтэй байна. Би энэ нутгийн хүн болохоор морийг орхиж болохгүй. Галшар сумынхаа алдарт уяач. Улс, бүсийн анхныхаа айргийг 2011 онд хүртсэн. Янзага хул маань соёолон насандаа улсын наадамд 18 дугаарт, Тамирын хурдад айргийн дөрөвт хурдалсан. Түүнээс хойш морь олигтой уяж чадахгүй байж байгаад энэ жил их анхаарсан. Манай Галшар сумын 90 жилийн түүхт ой болсон юм. Өнгөрсөн өвлөөс хойш аймаг, сумын уралдаанаас 12 айраг, түрүү хүртсэн байна билээ. Сүүлийн үед Хэнтий рүүгээ их очдог болж. Монгол Улсынхаа зүүн бүсээс, ялангуяа Хэнтий аймгаасаа тамирчин төрүүлэх тал дээр маш их анхаарч ажиллана.
-Үндэсний бөх хэр үздэг вэ?
-Сайлахаасаа муулах нь их болсон ч үзэхгүй байж чаддаггүй. Миний аав Ж.Жамьянсүрэн Хэнтий аймгийн наадам хоёр удаа дөрөв давж байсан.
-Та ингэхэд спортын хэдэн төрөлтэй холбогдоод байна вэ?
-Найм. Манай гэр бүлийн хүн “Чиний уянгын халил хэтэрч байна шүү” гэж хошигнодог юм. Магадгүй.
Спорт цогцолборын маань үйл ажиллагаа удахгүй жигдэрнэ
-Таныг МҮОХ-ны “Бөртэ чоно” наадмаас 2012 онд спортын шилдэг зүтгэлтэн болж байсныг санаж байна. Харин “Бөртэ чоно”-ын нөгөө цомыг нь хэзээ хүртсэн юм бэ?
-Манай “Мегастарс” 2011 оны шилдэг клүбээр шалгарсан. Тэр жил софт теннисний эрэгтэйчүүдийн баг ДАШТ-ээс хүрэл, Д.Отгонцэцэг чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Манайхан үүнээс гадна олон улсын тэмцээн, УАШТ-ээс 120 гаруй медаль хүртсэний 69 хувь нь алт, мөнгө байсан. Би 2011 онд спортод 450 гаруй сая төгрөг зарцуулсан тооцоо байдаг. Тэгэхээр их үнэтэй олдсон цом байгаа биз дээ (инээв).
-Биокомбинатад байгуулсан “Эко” нэртэй спортын цогцолборынхоо тухай ярихгүй бол болохгүй байх?
-Олон улсын жишигт хүрсэн спорт клүбтээ болохын тулд спорт цогцолбороо байгуулсан. Барууны орнуудад клүбүүд нь хувийнх байдаг. Харин манайд хувь, хувьсгал нь холилдсон. Манай “Мегастарс” клүб дандаа л төрийн дэмжлэгтэй спорт хороо, клүбтэй өрсөлддөг. Үүний ард мөн ч их хүч хөдөлмөр, мөнгө байгаа юм шүү. Клүбээ баазтай болгож, хэдэн дасгалжуулагчаа нэгтгэж ажиллах юмсан гэж бодсондоо спорт цогцолбор байгуулсан. 20мх36м хэмжээтэй спорт заал, бялдаржуулах танхим, 50 хүн байрлуулах байр, 60 хүн зэрэг хооллох зоогийн газар, хурлын танхим, саун, эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувцас солих өрөөтэй, гаднаа хөлбөмбөг, теннисний талбайтай. Сонгинохайрхан уулынхаа энгэрт, хатан Туулынхаа эрэгт сайхан газар байгуулсандаа бэлэгшээдэг.
-Үйл ажиллагаа нь хэзээ жигдрэх вэ?
-Шалны болон жаахан заслын ажил үлдсэн. Халаалтаа бэлтгэчихсэн байгаа. Гуравдугаар сарын 1-нд бүх зүйл жигдэрнэ. Энэ жил л юмаа амжуулахгүй бол болохгүй байсан. Тэгэхгүй 2015 онд хийгээд байвал Рио-де-Жанейрогийн олимпийн наадам тулчихна.
-Нэлээн хэмнэлттэй горимоор хийж байгаа тухай дуулсан?
-Тийм ээ. Спортын цогцолбороо барихад 850 гаруй сая төгрөг гаргаад байна. Одоо 300 гаруй сая төгрөг хэрэгтэй. Гэхдээ бид хамгийн хэмнэлттэйгээр хийсэн. Түүнээс биш зардал тэрбум хол гарна.
-Улаанбаатараас хэдэн км-ийн зайтай вэ?
-“Буянт-Ухаа” спортын ордноос цааш 13 км. Түгжрээгүй болохоор дорхноо давхиад орчихно. Манайх руу явах замын хатуу хучилтыг нь хийгээд янзын гоё болгосон.
Манай хамт олон их спортлог
-Та хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?
-“Хасу Мегаватт” компани 600 гаруй ажилтантай. Миний хөрөнгө оруулалсан болон хамтарч ажилладаг найман компани бий. Нийлээд 1000 хүн байна.
-Танай хамт олон их спортлог юм аа?
-Тэгэлгүй яах вэ. Манайхны ихэнх нь спортын зэрэг, цолтой. “ДЦС-III”-т надтай хамт ажиллаж байсан манай үеийнхэн хувийн хэвшилд анх орж ирсэн. “ДЦС-III”-т ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ах нар маань манай компанид ирэх боллоо.
-“Хасу Мегаватт” компани ажилтнуудынхаа дунд спортын олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ тухай дэлгэрүүлж ярихгүй юу?
-Тийм ээ. “Хасу лиг”-ийг гурав дахь жилдээ, спортын 12 төрөлд зохион байгууллаа. Долоон баг өрсөлдсөнөөс 20 хүнтэй манай захиргааны баг 400 хүнтэй багтай хоёрдугаар байрын төлөө ширүүн өрсөлдлөө. Бильярдын тэмцээнд би өрсөлдөгчөө ганцхан онооны зөрүүтэй ялснаар манайх хоёрдугаар байрт орсон. Түрүүлсэн баг 10 сая төгрөгийн шагнал хүртсэн. Ийм байгууллага байдаг ч юм уу, үгүй ч юм уу.
-Спортыг их дэмжиж, хөрөнгө мөнгө зарцуулдаг компаниудыг төрөөс хэрхэн дэмжиж байна вэ?
-2010-2012 он манай улсын эдийн засгийн хувьд тааламжтай цаг үе байжээ. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа гуай олон улсын том хурлын үеэр надад нэг батламж өгч байсан. Спортод зориулсан мөнгөнийх нь хэмжээгээр татварын хөнгөлөлт үзүүлэх тухай байсан. Гэхдээ хэрэгжээгүй.
-Та спортыг олон төрлийг олон жил дэмжлээ. Энэ хугацаанд нийт хэдэн төгрөг зарцуулсан байна вэ?
-Би дотроо л тооцож явдаг болохоос биш гэр бүлийн хүндээ хүртэл хэлдэггүй юм. Сонсвол цочно биз дээ (инээв). Би тамирчиддаа “Би айхтар баяндаа энэ мөнгийг гаргаж байгаа юм биш. Энэ бол хөлстэй хэдэн ажилчин ах нарын чинь бий болгосон мөнгө шүү. Үүнийг их зөв зарцуулж байгаарай” гэж захьдаг, тамирчдаас эргээд амжилт хүсдэг.
-Нууц биш бол тоо хэлэхгүй юу?
-Хэдэн тэрбумаар яригдана. Олсон хэдийгээ олонтойгоо хуваалцаад явж байхад болдог л юм.
Д.НАНЖИД, С.ШИЖИРБАТ (“Спортын өнгө” сонин)