Хуучирсан мэдээ: 2011.05.29-нд нийтлэгдсэн

Шинэ хуваарилалт

Same copper belt as Ivanhoe Mines’s world-class Oyu Tolgoi copper mine…гэсэн сурталчилгааны хэллэг моодонд оржээ. Монгол орны баялаг орд газруудад хувьцаа гаргах аян дэлхийн хөрөнгийн биржүүдэд яг одоо хүчээ авч байна. Өөрөөр хэлбэл, Монголын баялгийг хуваах ажлууд эрчимтэй өрнөснийг үйл явдлын салхи эх орны зэлүүд талд шивнэх болжээ. Энд бид нутгийнхаа олигархиудыг нэг нэгээр нь шоронд хийх нэрс гарган морьтойгоо жагсч байгаа бол тэнд Монголын ордууд тэгшхэн хуваагдаж байна. 2011 онд ба ирэх жил хувьцаагаа олон улсын бирж дээр арилжих компаниудын тоо гарын арван хуруунд багтахаа болив. Өдөр тутам шинэ мэдээ нэмэгдэн ирсээр байна. Бид яг дэлгүүрийн лангуун дээрх дэлгээтэй тэрлэг шиг. Ялангуяа хайгуулын лиценз олголтыг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа энэ үед хайгуул хийх эрхийг өмнө нь олж авсан хүмүүс лицензээ өндөр үнээр худалдах, дамжуулан шилжүүлэх явдал газар авлаа. Нүүрсний лиценз зарах хүн олох юмсан гэх ч шиг утас цохидог хүн олширчээ. Хонконг, Торонтогийн биржүүд дээр арилжигдах Монгол ордын жагсаалт хөвөрлөө. Дэлхийн биржүүдэд Монголын баялгийн хуваарилалт хийгдэж байна. Санхүүгийн хямралын дараа дэлхийн бизнес мөнгөтэй болж, хаана хамгийн богино хугацаанд хөрөнгө босгож болохыг илүү соргог мэдэрч байна. Биржүүд уул уурхайн хувьцааны арилжаанд хошуурав. Биржээр тогтохгүй, биллионерүүдийн дайн эхэлжээ. Одоо Оросоос эхлээд сонирхъё.

Сибирийг Монголтой хамтатган эзлэн суух биллионер хэн бэ

Олег Дерипаска явж, оронд нь монголчууд Якунин хэмээх янхигар эртэй нөхөрлөх болсон түүх сонин. Оросын олигархиудын шинэ зууны тэмцлийн үзүүр сэжүүр Монгол нутагт бага сага мэдрэгдсэн нь энэ. Шинэ зууны тэмцлийн сэдэв нь зэс. Удоканы зэсийн орд, Сухой логийн алтны арвин нөөц, Элгагийн их нүүрс, дээр нь Норилскийн никелийн үйлдвэрийн хүчин чадлыг хамтатгаж чадсан хүн Оросын шинэ зууны тэргүүн баян, уудам Сибирийн эзэн болох юм. Тэр эзний улс төрийн “крыша” нь Путин байна уу, Медведев гэнэ үү, ялгаагүй мөнөөх хүн Оросын шинэ зууныг, Хятад дахь нөлөөтэй нь хамт атгах этгээд болно. Уг эзнийг тодруулах олигархиудын дайн Тавантолгой орд газрын тендерийн дугтуй завсар жаал жуул цухалзсан. Гэхдээ ганц Тавантолгой Оросын шинэ цагийн олигархиудад юу ч биш. Жинхэнэ “ертөнцийн эзэн” бол Сибирь ба Монголын баялгийг Хятадын зах зээлд хүрэх дэд бүтцийн сүлжээтэй нь, эрчим хүчний эх үүсвэртэй нь эзэмших ёстой. Улмаар Азийн зах зээлтэй учир ургах эдийн засгийн шинэ судсыг барина. Оросын том компаниуд өнгөрсөн жилээс Хонконгийн бирж рүү хошуураад байгаа шалтгаан ийм. Олигархиудын дайны утаа Монголд ирэхдээ дандаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынх нь хувцаснаас хиншүү ханхийх маягаар мэдрэгдддэг.

2008 оны наадмын өмнөхөн В. Путин 1052 тоот зарлиг гарган, хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг “Ростехнологий” компанид шилжүүлсэн юм. Тэр ганцаарчилсан шийдвэр гаргасан. Хамтарсан үйлдвэрийн Гэрээний заалтыг тоогоогүй. Путин ийм “жижиг” зүйлд толгой гашилгаагүй ба түүний тохиролцох гол субъект нь хамтарсан үйлдвэрийн 51 хувийн эзэн Монголын Засгийн газар бус, харин Оросын олигархиуд байлаа. Хэний талд шийдэхээ өөрөө мэд хэмээн Оросын баячууд Путинд занга хаясан юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Ростехнологий” компанидаа өгвөл нь Удоканы зэсийн ордтой нийлүүлж , дээр нь Норильскийг хачирлаж, Сухой логтой хамтатгаад энэ дэлхийн зэс алтны үйлдвэрлэлийн 10 хувийг атгасан уул уурхайн мангас болгож чадна хэмээн Сергей Чемезов  В.Путинд захидал бичжээ. Ноён Чемезов бол “Ростехнологий” хэмээх төрийн өмчийн, Оросын стратегийн компанийн захирал. Тийм учраас л захирал Чемезов Засгийн газрын тэргүүндээ зоригтой захиа явуулаад байсан юм. 2008 оны дөрөвдүгээр сард шүү дээ. Өмнөхөн нь буюу 2008 оны гуравдугаар сард “Эрдэнэт”-ийн 49 хувийг Газпром банкинд өгнө хэмээн Засгийн газрын тэргүүн В. Путин тооцоолж байлаа.

Путин Оросын олигархиудын өмнөх дайныг дарж зогсоосон гэх боловч одоо шинэ хуваарилалтад өөрөө ийнхүү “крыша” болоод явж байна. С.Чемезовын ашиг сонирхлын бүсэд “Эрдэнэт” ба “Монголросцветмет”-ийг үлдээж, Тавантолгойн тендерт Оросын төмөр замуудын нэгдлийг зүтгүүлжээ. Энэ хуваалтаас сугарсан хүн нь мөнөөх Дерипаска. Тэр Монголын сэдвээр дөрвөн жил идэвхтэй ажилласан боловч олигархиуд түүнийг шахсан юм. Тавантолгойн тендерт орох Орос компаниудын нэгдэл байн байн өөрчлөгдөөд байсан учир ийм. Монгол улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчлах бэлтгэл ажлууд өнөөдөр хийгдэж байна.  Айлчлалын наана “Эрдэнэт”-ийн өөрийн мэдлийн 49 хувиа бирж дээр борлуулах төлөвлөгөөг шинэ оросууд Советийн хурал дээр манай талд илэрхийлсэн юм. Оросууд нэг л тулгах шинжтэй. Тэд хатуу байр суурьтай байна. Биржүүд дээр Монголын ордоор санхүүжилт босгох, дэлхийн уул уурхайн үйлдвэрлэлд цагийг нь олж нөлөөгөө тогтоохоор тэд яарч байгаа юм. Тиймээс Оросын олигархиудын дайны мөн чанарыг ажиглаж байхад гэмгүй.

“Эрдэнэт”-ийн 49 хувийн эзэн Сергей Чемезов хэнтэй найзалдаг вэ? Потанин, Усманов хэмээх биллионерүүдтэй тэрбээр нэг баг болж, “Оросын зэс” нэртэй мөрөөдлийн төслөө гүйцэлдүүлэх гэнэ. Тавантолгой ордын олон улсын тендерийн өрсөлдөөний мэдээний дунд монголчууд Потанин, Усманов  нарын нэрийг сонсч, компанийг нь цээжилсэн. Дерипаскагийн оронд В. Якунин Тавантолгойн локомотив болоод хүрээд иржээ. Тэр төмөр зам барьж өгнө хэмээн хөрөнгө оруулаад, хариуд нь Тавантолгойн лицензийг авах сонирхолтой гэдгээ сүүлийн гурван жилийн турш ярьж явна. Лицензээ Потанин, Усманов нарт өгөх юм байх. Зөөлөн хэлэхэд наймаа, үнэн хэрэгтээ олигархиудын дайн болж байна. Уг дайны оргил үе Норилскийн никелийн үйлдвэрийн хувьцааны хяналтын багц дээр яг одоо өрнөж байгаа. Дерипаска, Потанин хоёр Норильскийн ТУЗ-ийн хурал дээр ээлжилж бөмбөг тэсэлнэ гэсэн үг.

Сибирь, Монголын баялаг, түүнийг зөөх зам, түүхий эд авах Хятадын зах зээл, санхүүжилт босгох Хонконгийн бирж гэсэн алтан гурвалжин дунд Оросын баячууд зодолдсоор. Энэ зодоон манайд хамаагүй гэж мангартаад яахав,  морьтой жагсч байх хооронд  баялгийг маань хилийн чанадад хуваарилаад эхэлжээ. Оросын төрийн өмчийн компаниудыг хувьчлах жагсаалт ч сонирхол татдаг. Лав нүүрсний боомтуудаа Оросын төр хувьчлаад эхэллээ. Хойшоо барих төмөр зам маань хэн гэдэг эзний боомт дээр очиж гацах бол. Орос орон ороо бусгаа, ойлгомжгүй хэвээрээ. Бэлэн мөнгөтэй биллионерүүд олон.

Жижигхэн Винсвэй томорсон түүх

Биллионерууд бэлэн мөнгөөр үзэлцэж байгаа бол биржүүд дээр компаниуд чимээгүй мөнгө босгож эхэлжээ. Хятадын Винсвэй компанийн хувьцаа өнгөрсөн жилийн аравдугаар сард Хонконгийн бирж дээр даруухан үнэтэйгээр зарагдаж эхэлснийг санаж буй хүн бий болов уу. Тэгвэл ганцхан жилийн дараа Винсвэй хэрхэн томорсныг сонирхоорой. Тавантолгой ордын олон улсын тендерт шалгарах хамгийн өндөр магадлалтай Пийбодитой хамтран Винсвэй Монголд нүүрсний хайгуул хийх гэнэ. “Пийбоди Винсвэй Монгол” гэдэг охин компани байгуулсан ба тэр нь Монголд хайгуулын 47, ашиглалтын 3 лицензтэй.  Винсвэйгийн зах зээлийн үнэ өссөөр байгаа шалтгаан энэ.

Түүнчлэн энэ жил ба ирэх онд Винсвэй дэд бүтцийн ажилд маш их хөрөнгө хаяна. Монголын хилийн дагуу төмөр замын 7 өртөө, 6 угаах үйлдвэр ашиглалт оруулах бизнес төлөвлөгөөтэй. Улмаар бүр томорч оросуудаас нүүрс авч, Хятадын үйлдвэрүүдэд зарах аж. Винсвэйг Монголд анх орж ирэхэд хэн ч мэддэггүй байсан бол өдгөө тэр нь нүүрсийг зах зээлтэй холбогч стратегийн түнш болтлоо өсөн томорсон байх юм. Монгол орны баялгийн өгөөж тэднийг ийнхүү томруулжээ. Давуу тал нь Хөх хотын Төмөр замын газартай гэрээ хийсэн, Хятадын төмөр замын сүлжээнд нэвтрээд сурчихсан. Ийм давуу талтай учир Пийбоди нь Винсвэйтэй гэрлэж, охин төрүүлсэн билээ. Хэрвээ Монголын компаниуд өөрсдөө нүүрсээ угаагаад, ган үйлдвэрлэгчид рүү өөрөө хүрч чадвал Винсвэйн үнэ цэн унана. Ингэж гадаадын мангасуудтай өрсөлдөж чадах үндэсний компани одоохондоо Монголд “Энержи ресурс”-ээс өөр  алга. Тавантолгой ХК, South Gobi Sands, МАК гээд бүгдээрээ Винсвэйг хөлсөлж нүүрсээ зөөлгөдөг. Өнгөрсөн жилийн аравдугаар сард хувьцаагаа 3.60 хонконг доллараар гаргасан Винсвэй өнөөдрийн (05.27) арилжаанд 3.71 хонконг доллараар үнэт цаасаа зарж байна. Сүүлийн нэг сарын турш нүүрсний компаниудын хувьцаа бирж дээр унасныг тооцвол бас муугүй үзүүлэлт. Цаашид тус компанийн зах зээлийн үнэлгээ өснө гэсэн судалгааг MICC гаргажээ.

Оюутолгойн  дараах баян орд

Баянхонгорын Хөвийн хар хэмээх газар мөдхөн дэлхийн уул уурхайн мэдээг өнгөлөх буй за. Энд их хэмжээний зэсийн нөөц бий гэсэн урьдчилсан таамаг бий. Эрдэнэ Монгол Девелопмент гэдэг компани Монгол улсад тун хэцүү цагт анх орж ирсэн юм. 68 хувийн татвараас болоод улс амьтан гараад явж байх үед эрсдэл үүрээд зөрж орж ирсэн гадаадын цөөн компани бий. Яг өнөөдөр тэдгээр компаниуд Монголд махаа зулгаан хэдэн жил тэссэн ажлынхаа үр дүнг үзэх гэж байна. Эрдэнэ Монгол төдийгүй Алтан Рио Монгол, Gobi Coal & Energy Limited зэрэг нь манай улсад 4-6 жил үйл ажиллагаа явуулсан. Ихэнх орд газрынхаа нөөцийг Эрдэс баялгийн зөвлөлөөр баталгаажуулсан. Улмаар ордуудынхаа хувьцааг олон улсын бирж дээр гаргах бэлтгэлдээ шамдсан байна. Алтан Рио компани нь Монгол нутгийн дөрвөн зүгт дөрвөн сайн ордтой агаад, гурвынх нь ашиглалт мөд эхлэх юм. Чандманий зэс алтны, Онон ба Хавчуугийн алтны ордтой. Тэд Торонтогийн бирж дээр гарах бэлтгэлээ базааж байна. Тэгвэл Gobi Coal нь Баянхонгорт төвхнөсөн. Нүүрсний “Шинэжинст” төслөө энэ жил хэрэгжүүлнэ. “Зээгт” төслөө 2014 оноос ашиглана. Ирэх оны эхний улиралд Хонконгийн бирж дээр санхүүжилт босгох төлөвлөгөөтэй. Уул уурхайн том төсөл бүр асар санхүүжилт шаарддагийн учир Монголын ордуудаар хөрөнгө босгох аян ийн хурдаа нэмж байна.

Оюутолгойтой зэс- алтны нэгэн судалд багтдаг хэмээн рекламдсан өөр нэг ордыг Хүрэл үнэгт гэдэг. Оюутолгойгоос ялимгүй зүүн хойш байрладаг. Энэхүү ордыг эзэмшигч нь өөрөө бирж дээр гараагүй. Харин Торонтогийн биржид бүртгэлтэй Бразилийн алтны компанид хувьцаагаа эзэмшүүлэх замаар Хүрэл үнэгээр мөнгө босгох хэлбэрийг сонгожээ. Хүрэл үнэг ордын шинэ эзний нэрийг Торонтогийн биржийн мэдээнээс Kincora copper limited хэмээн хайгаарай.  Монголын ордуудын лиценз эзэмшигчид эхлээд монголчууд өөрсдөө  байсан бол эдүгээ ийнхүү цааш цаашаа эрэлт нь өндөрсөн “дамлагдсаар” “эзэн холбогдогчийнх нь” учрыг олоход төвөгтэй болтлоо эрлийзжижээ. Хууль журам зөрчсөн зүйлгүй. Явдаг л арилжаа наймаа. Гэхдээ аалзны шүлс шиг дэндүү эрчимтэй торлож байна. Манай хилийн өмнөд этгээдийг даган сунасан нүүрс ба зэс-алтны судлыг тойрон  мөнгө босгох ажлууд ийн өрнөв. Мөдхөн олборлолт бүрэн хүчин чадлаараа явах юм.

Баянхонгор аймгийн нутагт байрлах зэсийн Хөвийн Хар ордыг зүгээр нэг дурдсангүй. Зуун Модны молибдений баялаг ордоос 2.2  километрийн зайд орших уг газарт их хэмжээний зэс, мөнгөний нөөц бийг тандаад байна. Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр энд өрөмдлөг хийж эхэлжээ. Эрдэнэ Монгол Девелопмент нь дэлхийн хэмжээний өөр хоёр орд газарт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн мэргэжлийн компани. Зуун Мод ба Хөвийн хар төслөөрөө тэд Торонтогийн бирж дээр ихээхэн хөрөнгө босгоно гэдэгт эргэлзэх зүйл алга.

Арван оны IPO-нууд

Монголд эзэмшдэг орд газрынхаа хувьцааг гаргах аян энэ оны туршид үргэлжилнэ. Хүннү Коул компани аравдугаар сард Хонконгийн бирж дээр листинг хийх бол араас нь Болд Төмөр Ерөө гол, Жамп зэрэг туршлага судлах бололтой. Австралийн биржийн өнгөрсөн жилийн шилдэг үнэт цаасаар Хүннүгийн HUN симболтой хувьцаа тодорч байсан бол тэд энэ жил мөнгө сайтайгаар нь Хонконг дээр дахин IPO хийх гэж байна. Харанга Ресорсиз, Gobi Coal гэхчлэн Хонконгийг зорих компанийн цуваа үргэлжилнэ. Энэ бүхний араас “Эрдэнэс Тавантолгой” маань бас явна. Арван онд Монгол дахь ордуудаас босгосон мөнгөөрөө Хонконг ба Торонтогийн бирж дэлхийд тэргүүлэх юм. Арваннэгэн онд өрсөлдөөн бүр нэмэгдэх биз ээ. Дэлхийн биржүүдэд баялгийн хуваарилалт ийнхүү явагдаж байна. О. Дерипаска ч EuroSibEnergo компанийхаа хувьцааг Хонконгод энэ оны сүүлээр гаргана гэжээ. Оросын нефтийн хэд хэдэн компани хувьцаагаа Хонконгод борлуулах бэлтгэлдээ орсон. Санхүүгийн хямралын дараа дампуурч явсан Дерипаска өөрийн хөдөлмөр ба Хонконгийн бирж дээр “Русал”-ийнхаа 53 хувийг зарсны хүчинд хөл дээрээ босч чадсан билээ. Тэрбээр нэг зүйлд туйлаас итгэдэг. “Bloomberg Markets”-т өгсөн ярицлагадаа Дерипаска “Хятад, Энэтхэг, Латин Америк, Африкийн 3 тэрбум хүн эдийн засгийн хамгийн идэвхтэй амьдралд оролцож байна. Тэдний эрэлт нь дэд бүтэц, тоног төхөөрөмж, шинэ орон зайг шаардсаар байх болно” гэжээ.

Хувьцаа ав

Орд газруудынхаа хувьцааг худалдаж авахыг зөвлөе. Санхүүгийн зах дээр өрнөж буй, тэр бүү хэл улс төрийн үйл явц болгоноос энгийн гаргалгаа хийх чадвар монголчуудад бий. Олон улсын биржийн арилжаанд оролцох нь одоо шинэ зүйл биш болсон. Ашигтай ирээдүйтэй төслүүдийнхээ хувьцааг монголчууд өөрсдөө авч богино хугацаанд ашиг олж сурах цаг болжээ. Халуун мөнгө Монголоос гадагшлах бус, гэртээ шингэвэл эдийн засгийн хөл гар найдвартай болно.  

Л.Болормаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж