Олон нийтийн анхаарлыг татаад байгаа Гацууртын ордын Төрийн эзэмшлийн хувь тогтоох, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд Уул уурхайн сайд Р.Жигжидээс зарим асуултад хариулт авлаа.
-Гацууртын ордын Төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг лхагва гаригийн чуулганаар хэлэлцэх явцад гишүүдээс ихээхэн шүүмжлэл гарсан. Жишээ нь “Сентерра Гоулд" гэдэг компанид зориулж Ашигт малтмалын хуулиа өөрчлөх гэж байна гэх зэргээр?
-Аль нэг компанид зориулж хуулиа өөрлөх гэж байгаа юм биш. Өнгөрсөн жил орчим хугацаанд Ажлын хэсэг гараад цаад талтай яриа хэлэлцээ явуулсан. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд хувийн хэвшлийнхний зардлаар эрэл хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ордыг төр хамтарч ашиглахдаа 34 хүртэлх хувийг эзэмшинэ, түүнийхээ төлөө хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй байхаар заасан. Хуульд заасан 34 хувийг төр эзэмшихээр эрсдэл өндөр байсан. Ажлын хэсэг асуудлыг судлаад явж явж 20 хувь байх нь эрсдэл бага, Монголын талд ирэх ногдол ашиг, үр өгөөж нь 34 хувиасаа унахааргүй байх тооцоог гаргасан. Засгийн газраас өргөн бариад байгаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бол цоо шинэ хувилбар. Энэ хувилбараар стратегийн ордод төр хувь эзэмшээд авдаг байсан ногдол ашигтай дүйцэх хэмжээний орлогыг тусгай төлбөрөөр, татвараар авах аргыг сонгосон. Энэ хоёр асуудлыг зэрэг өргөн бариад хуульдаа нэмэлт оруулчихвал цаашдаа стратегийн ордод төр оролцохдоо хоёр хувилбараар яриа хэлэлцээ явуулах боломжтой болно гэсэн үг. Энэ үүднээс тохирсон нөхцлүүд байгаа юм. 20 хувь гэдэг нөгөө талыг илүү бодолцсон зүйл байхгүй.
-Гацууртын ордын 20 хувийг төр эзэмшихээр бидэнд ирэх үр өгөөжийг яаж тооцсон бэ?
-ТЭЗҮ дээр манай яам, Сангийн яам холбогдох бусад байгууллагууд ажиллаад нийтдээ төслийг хэрэгжүүлэх хугацаанд 660 тэрбум төгрөгийн төлбөр хураамж, 70 тэрбум төгрөгийн ногдол ашиг авах, гурван их наяд гаруй төгрөгийг борлуулалт хийх тооцоо бий. Энэ тооцоо бол алтны ханш харьцангуй доогуур тооцогдсон. Төслийг хэрэгжүүлэх явцад мөнгөн гүйлгээ, эдийн засагт үзүүлэх үр өгөөж нь нэлээд өндөр гарч байгаа.
-ТЭЗҮ бодитой байж чадах уу. Ер нь 10 жилийн дараа 200 сая ам.долларын ашиг хүртэхийн төлөө энэ ордыг ухах гэж улайрах шаардлагагүй гэж зарим гишүүд хэлж байсан?
-ТЭЗҮ-г мэргэжлийн байгууллагууд, шинжээчид дүгнэлт хийж гаргасан. Тэр дүгнэлтэд үндэслэж хийсэн тооцоонд бид итгэхээс аргагүй.
-Монголчуудын өөрсдийнх нь хүртэх ашиг бага биш үү?
-Үнэ ханшийн өөрчлөлт нөлөөлнө. Үүнийг эргэж харах л ёстой. Уул уурхайн олборлолт их хэмжээний хөрөнгө оруулалт, техник технологи шаарддаг ажил. Бидний хийж чадах, чадахгүй юм гэж байна.
-Монгол Улсын эдийн засагт шууд бусаар нөлөөлөх нөлөөлөл их бий гэж тайлбарлаад байна лээ. Шууд бус нөлөөлөл гэдэгт юуг хамааруулж ойлгох вэ?
-Ажлын байрны асуудал байна. Одоо “Бороо”-ийн уурхай үндсэндээ зогслоо. Тэндэхийн ажилчдыг шилжүүлж ажиллах, ажлын байрыг нь хадгалах, орон нутгаас нь ажиллах хүч татах гэх зэргээр нөлөө үзүүлэх зүйл бий. Төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллахаар 1000-аад ажлын байр бий болно гэсэн тооцоотой бий. Орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Орон нутгийг хөгжүүлэх сангаар дамжуулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлууд бий. Мөн “Орд ашиглах гэрээ”-нд тодорхой зүйлүүдийг тусгах, түүх соёлын дурсгалт зүйлсээ хадгалах хамгаалах гээд асуудлыг энэ гэрээнд тусгах юм. Цаашдаа хайгуулын зөвшөөрлийн талбайг өгөхдөө орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, түүх соёлын дурсгалт газруудыг ялгаж байгаа.
-Хөрөнгө оруулагч тал хугацаанаасаа өмнө олборлолтоо давуулан хийгээд биднийг ашгаа хүртэх гэсээр байтал нөөц нь шавхагдчихвал яах вэ. Компани 10-11 жилийн дараагаас л ашигтай ажиллана гэсэн тооцоо гараад байгаа шүү дээ?
-Жил жилийн орд ашиглах тухай уулын ажлын төлөвлөгөөнд хяналт тавиад явна. Энэ жил төдий хэмжээний алт олборлоно гэдэг төлөвлөгөөг нь батлаад, хүлээж аваад явах юм.
-Намрын чуулганд амжиж батлагдах уу?
-Тодорхой хэлж мэдэхгүй байна. УИХ, Засгийн газар, холбогдох нэгжүүдтэй ярилцана.
С.ОТГОНСҮРЭН