Аваргуудын аварга ”Барса”

Хуучирсан мэдээ: 2011.05.29-нд нийтлэгдсэн

Аваргуудын аварга ”Барса”


-“Барселона” “Манчестер Юнайтед”-ыг буулган авснаар Европын тавцан дахь хамгийн агуу шагналыг дөрөв дэхээ хүртлээ-

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн финалын тоглолт өнгөрсөн шөнө Английн алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд болж, “Барселона” 3:1 харьцаатай “Манчестер Юнайтед”-ыг буулган авснаар Европын тавцан дахь хамгийн том шагналыг дөрөв дэхээ хүртлээ. “Барселона” ийнхүү Аваргуудын лигийн финалын тоглолтод гурав дахь удаагаа Английн багийг хожиж байгаа юм. Өмнө нь 2006 онд “Арсенал”-ыг сөхрүүлж байсан бол хоёр жилийн өмнө Ром хотноо “Манчестер Юнайтед”-ыг буулган авч байлаа. Харин өчигдрийн тоглолтын тухайд талбайн “ноён” нь байж чадсан “Барса”-гаас Педро гоолын салхийг хагалж, багтаа тэргүүлэл авчирсан байна. Эхний хагас өндөрлөх мөчид “Улаан чөтгөрүүд”-ийн шилдэг довтлогч Уейн Рүүни гоолдож, тооны харьцааг тэнцүүлсэн бол хоёрдугаар хагаст дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси, Давид Вилья нар өрсөлдөгчийнхөө хаалганы торыг хөдөлгөжээ. Нутгийнхаа Ла лигт түрүүлсэн тэд ийнхүү энэ улирлыг хос цомтэй үдэж байна.

“Барса” анхны том шагналаа 1992 онд авсан. Тухайн үед өнөөгийн Аваргуудын лигийн тэмцээн Европын цом нэртэйгээр сүүлийн удаа зохиогдсоноос гадна финалын тоглолт мөн л Будант Албионы “Уэмбли” цэнгэлдэхэд болж байв. Гэхдээ тэр үед Английн шигшээ багийн үндсэн талбай хуучнаараа буюу шинэчлэн засварлаагүй байснаараа л ялгаатай.

Манчестерийн “Улаан чөтгөрүүд”-ийн босс Сэр Алекс Фергусон Аваргуудын лигт гурвантаа түрүүлсэн түүхэн дэх анхны менежер болох итгэл, хүсэл эрмэлзэл дүүрэн, “хөвгүүдээ” талбайд гаргасан. Харамсалтай нь, тэд энэ улирлыг зөвхөн дотоодын лигийн цомтой үдэх хувьтай байж. Гэхдээ чамлах юм биш, тэд Премьер лигийн түүхэнд 19 дэх түрүүгээ авч, рекорд амжилтын эзэд болсон билээ.

Тоглолтын дараа Сэр Алекс “Эцсийн өдөр ирэхэд бид сайн тоглоно гэж бодож байлаа. Гэхдээ бид өөрсдөөсөө илүү сайн багт ялагдлаа. “Барса” бол бидэнтэй учирч байсан хамгийн шилдэг баг. Яг одоо тэд оргил үедээ ирээд байна. Бид Европын сайн баг. Гэхдээ бид Европын хамгийн шилдэг багт ялагдчихлаа. Үүнд харамсах зүйлгүй” хэмээжээ.

Дасгалжуулагчийн замналынхаа 25 жилийг “Олд Траффорд”-д үдсэн 69 настай шотланд мэргэжилтэн тоглолтын 27 дахь минутаас эхлээд л түгшиж эхэлсэн. Хагас хамгаалагчийн байрлалд маэстро гэгдэх болсон Шави “Юнайтед”-ын галын шугамд Педрог сонгон дамжуулалт өгснөөр тэрбээр ахмад, туршлагатай хаалгач Эдвин ван дер Саарын хаалганд тоглолтын эхний гоолыг оруулсан. Гэхдээ тэдний давамгайлал тийм ч удаан үргэлжлээгүй. Гоолоос хойш долоон минутын дараа “Шрек” хочит Рүүни, Рьян Гиггзийн дамжуулалтаар баруун хөлөөрөө хүчтэй цохилт гүйцэтгэж, Виктор Валдезийн хаалганы торыг хөдөлгөв. Тооны харьцаа 1:1. Өрсөлдөгчийнхөө нутагт зочилсон “Барса” эхний хагас өндөрлөхөөс өмнө амжиж тооны харьцааг өөрчлөхөөр хичээж байсан ч тэдний оролдлого амжилтгүй болсоор байв. Харин хоёрдугаар хагас эхлээд 54 дэх минутад Аргентиний супер од, дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лио Месси алсын зайнаас гайхалтай цохилт гүйцэтгэж, багтаа тэргүүлэл авчирсан юм. Месси ийнхүү улирлын 53 дахь гоолоо оруулсан. Харин Аваргуудын лигт оруулсан энэ улирлын 12 дахь гоол нь байсан бөгөөд тэрбээр энэ амжилтаараа “МанЮ”-гийн экс-довтлогч Рүүд ван Нистелроойн 1992 оны рекорд амжилтыг давтсан юм.

Өдгөө 40 настай Эдвин ван дер Саарын хувьд энэ тоглолт хөлбөмбөгчийн замналынх нь эцсийн тоглолт байсан. Тоглолтын туршид Мессигийн хоёр ч хурц цохилтыг аюулгүй болгосон тэрбээр тоглолт өндөрлөхөөс 21 минутын өмнө Вильягийн “ялалтын” цохилтыг алдсан. Испани довтлогчийн гоолын “бэлтгэгч” нь Месси байв.

Ийнхүү “Барселона” Пеп Гуардиолагийн удирдлага дор Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэхэд “МанЮ”-г 3:1 харьцаатай буулган авч, түүхэндээ дөрөв дэх удаагаа Аваргуудын лигийн цом өргөв. Яг л 1992 оны адилаар "Уэмбли" цэнгэлдэх “Барса”-гийн баяр хөөрөөр бялхаж байв.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж