Москвагийн “Их дуулга”-д дэлхийн 63 орны эрэгтэй 276, эмэгтэй 183, нийт 459 жүдоч хүч сорьж байна. Түрүүлсэн тамирчин олимпийн эрхийн гол “бай” гэж болох чансааны оноогоо 300-гаар ахиулах боломжтой мөн тэмцээний шагналын сан өндөр, аваргын алтан медалийг 5000 ам.доллар дагалдах учир олон орны тамирчид “Их дуулга”-ыг зорьдог юм.
Монголын баг тамирчдын тухайд эрэгтэй 10, эмэгтэй есөн тамирчны бүрэлдэхүүнтэй хойд хөршийг зорьсноос тэмцээний хуваарь ёсоор өчигдөр 13 нь Москвагийн татамид барилдлаа. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж, эдгээр жинд Г.Болдбаатар /60 кг/, Д.Төмөрхүлэг /60 кг/, Х.Цагаанбаатар /66 кг/, С.Мияарагчаа /66 кг/, Г.Одбаяр /73 кг/, С.Ням-Очир /73 кг/, М.Уранцэцэг /48 кг/, Б.Солонго /52 кг/, М.Бундмаа /52 кг/, Д.Сумъяа /57 кг/, Т.Баттөгс /57 кг/, С.Энхзаяа /63 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/ нар хүч үзсэнээс М.Бундмаа аваргын алтан медаль, Ц.Мөнхзаяа мөнгө, Д.Төмөрхүлэг хүрэл медаль тус тус хүртэв.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд нийт 33 жүдоч барилдсан. Монгол Улсын Гавьяат тамирчин М.Бундмаа эхний тойргийн барилдааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Румыны Моника Унгуреануг цэвэр, дараа нь Финляндын Жаана Сандберг, Хятадын Хө Хунмей нарыг мөн цэвэр ялснаар зооны аварга болжээ. Улмаар ОХУ-ын бөх Наталья Кузютинаг цэвэр ялснаар хэсгийн аварга болж, аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон байна. Шийдвэрлэх барилдаанд М.Бундмаа Японы Юүка Нишидаг буулган авснаар алтан медалийн эзэн болжээ.
Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Ц.Мөнхзаяа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Унгарын Ештер Гаспарыг цэвэр, удаахь барилдаандаа Германы жүдоч Клаудия Малзанныг мөн цэвэр, улмаар Хятадын бөх Сью Лилиг вазари үнэлгээгээр ялсан боловч аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд тэрбээр Словенийн бөх Урска Золнирт цэвэр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 60 кг-д барилдсан залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Саудын Арабын бөх Эйса Мажрашиг цэвэр, дараа нь Хятадын А Ламусиг юүко үнэлгээгээр, Германы Тобиас Энглмайерийг цэвэр ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын Софиан Милуд цэвэр ялагдаж, хүрэл медаль зүүсэн байна.
Мөн өчигдөр барилдсан манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ М.Уранцэцэг нар шагналт тавдугаар байрт шалгарчээ.
Ийнхүү Москвагийн “Их дуулга”-ын эхний өдөр Монголын жүдочид нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, хоёр тамирчин тавдугаар байрт шалгарснаар багийн амжилтаар Япон, ОХУ-ын багийн дараа гуравдугаарт эрэмбэлэгдээд байна.
Өнөөдөр үлдсэн жин буюу эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болно. Эдгээр жинд Монголын баг тамирчдаас Г.Түвшинжаргал /81 кг/, Э.Энхбат /90 кг/, Б.Тэмүүлэн /-100 кг/, Б.Сугаржаргал /+100 кг/, Ц.Наранжаргал /70 кг/, П.Лхамдэгд /-78 кг/ нар барилдана.
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ