“Ханжин”-ы эзний охиныг шийтгэв

Хуучирсан мэдээ: 2015.02.13-нд нийтлэгдсэн

“Ханжин”-ы эзний охиныг шийтгэв

Өмнөд Солонгосын толгой группуудын нэг “Ханжин”-ий эзний охин Хитер Чо дураараа аашилсныхаа горыг амсаж, нэг жил шоронд хорих ял эдлэхээр боллоо. Хөөрөх зурвас руу явж байсан дүүрэн зорчигчтой нисэх онгоцыг буцааж, нислэгийн аюулгүй байдал, олон хүний амь насанд заналхийлсэн Хитер Чогийн үйлдэл Өмнөд Солонгос төдийгүй олон улсад шуугиан тарьсан юм. Эзний охины нэр сүрээрээ далайлгаж, ажилчдынхаа эрхийг зөрчсөнийхөө төлөөсөнд Хитер Чо “Korean Air” компанийн дэд захирлын суудлаас бууж, “Ханжин” групп дэх бусад эрх мэдлээ ч алджээ. Мөн нэр алдартай том группын захирал хөгшин настай эцэг Чо Ян Хо нь охиныхоо ёсгүй аашилсны өмнөөс Хитер Чогийн хамт олон нийтийн өмнө толгой бөхийн уучлал гуйсан юм.

 

 Хитер Чо буюу Чо Хён А

 

Хитер Чо буюу Чо Хён А нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд АНУ-ын Нью-Йорк хотоос Сөүл рүү буцахдаа “Korean Air” компанийнхаа нэгдүгээр зэрэглэлээр зорчсон аж. Гэвч түүнийг дөнгөж суудлаа эзлээд байтал онгоцны үйлчлэгч ууттай самар авчирч өгснөөс бүх хэрэг манджээ. Хитер Чо “Korean Air” компанийн дэд захирлын хувиар онгоцны үйлчлэгч бүсгүйд зүй ёсны шаардлага тавихдаа хэт дорд үзсэн хандлага гаргасан байна. Тэрээр онгоцны үйлчлэгч бүсгүйд зорчигч хүсээгүй бол самар авчирч өгөх хэрэггүй байсныг сануулаад өгөхөөр бол ууттай нь биш тавганд хийх ёстой байсан хэмээн ундууцжээ. Хитер Чо зорчигчоос эхлээд заавал асууж байж үйлчлэх ёстой гэдэг дүрмийг мэдэх үү хэмээн онгоцны үйлчлэгчээс асуухад “мэдэхгүй” гэж хариулсан аж. Үүнээс болж Хитер Чо хөлгийн багийн ахлагчийг дуудаж загнаад, хоёр үйлчлэгчийг өвдөг сөгдүүлж уучлал гуйлгажээ. Үүгээр ч зогсохгүй үйлчлэгчийг онгоцноос хөөж гарга хэмээн хашгирч, ахмадыг шахаж шаардсанаар хөөрөх зурвас руу явж байсан онгоц эргээд нисэх буудал руу буцсан аж. Ийнхүү Жон Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх буудлаас “Korean Air”-ийн нислэг товлосон хугацаанаасаа 11 минутаар хоцорч хөөрчээ. Инчонд газардсаныхаа дараа Хитер Чо нисэх компанийн ахлах менежерд хандан энэ хэргийг задруулахгүй байх арга хэмжээ авахыг үүрэгдсэн гэнэ. Прокуророос “Korean Air”-ийн ахлах менежер Ёо овогтныг онгоцны үйлчлэгчдийг худал мэдүүлэг өгүүлэхээр дарамталж, хэргийг нуун дарагдуулахыг оролдсон хэрэгт буруутган баривчилжээ.

 

Гэвч энэ хэрэг хэвлэлийнхний сонорт хүрснээр нийтэд ил болж, олон улсын анхааралд өртсөн юм. Өмнөд Солонгосын прокурорууд Хитер Чог шинэ жилийн баярын өмнөх өдөр баривчилсан билээ. Прокуророос түүнийг хуваарьт нислэгийг саатуулж, онгоцны хоёр үйлчлэгчийг хэл амаар доромжилж, албан үүрэгт нь саад учруулсан зэрэг хэрэгт буруутгасан юм. Энэ бүх хэрэгт Хитер Чо 10 хүртэл жил шоронд хорих ял авч магадгүй байв.

 

Б.АНХТУЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж