“Самбар түрээслүүлнэ”

Хуучирсан мэдээ: 2015.02.13-нд нийтлэгдсэн

“Самбар түрээслүүлнэ”

-Энэ самбарууд ийм бичигтэй болоод удаж байна. Эдийн засгийн хямралыг илтгэн харуулах төмөр сараалжнууд эзэнгүй мэт болоод хэдэн сар болж байна-

Чингисийн талбайг тойрсон шилэн барилгууд, тэдгээрийн өнгө өнгийн гэрэл хараа булаана. Сайн анзаарвал тэр олон байшин, гэрэл, үй олон машины хөдөлгөөн дундаас нэг зүйл энэ хавьд их содон харагдана.

Зарын самбарууд зар тавих эзэнгүй болжээ. Төв талбайгаас арав гаруйхан метрийн зайтай, Засгийн газрын ордны зэргэлдээ байрладаг, хотын хамгийн супер байрлалтай сурталчилгааны самбарууд дампуурал зарлажээ. Самбарын нилээн хэд дээр нь “Яаралтай түрээслүүлнэ”, “Самбар түрээслүүлнэ” гэж томоос том бичжээ. Энэ самбарууд ийм бичигтэй болоод удаж байна. Эдийн засгийн хямралыг илтгэн харуулах төмөр сараалжнууд эзэнгүй мэт болоод хэдэн сар болж байна.

Байгууллагууд сар, жилээр нь түрээсэлчихсэн байдаг, дугаар дараалал нь олддоггүй байсан самбарууд хоосорсон шалтгаан мэдээж тодорхой. Монголд эдийн засгийн идэвхи суларсны хамгийн бодит жишээг энэ самбарууд харуулж байна. Ямар ч байгууллага, компани санхүүгийн хэмнэлтээ маркетингийн зардлаа хэмнэхээс эхэлдэг энэ бичигдээгүй хувилбар Монголын компаниудыг Зар сурталчилгаа гэдэг үгийг мартахад хүргэж байгаа бололтой.

Хоёр жилийн өмнө Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр хотын төв гудамжууд дахь тулгууртай болон гүүрэн зар сурталчилгааны самбаруудыг буулгасан юм. Тэр үед дүүргүүдийн удирдлагуудын зүгээс болон самбар түрээслэгчид “Энэ самбар нийслэлийн төсөвт багагүй мөнгө төвлөрүүлдэг. Иргэд, аж ахуй нэгжүүдэд ч бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа сурталчилахад хамгийн том хувь нэмэр оруулдаг. Битгий багасгаж өгөөч” гэж гуйх шахам учирлаж байсан санагдаж байна. Одоо харин цөөлж, үлдээсэн хэд нь шүдгүй хүн шиг онгорхой, цоорхой, уранхай, тасархай болж, олигтой самбар бараг үлдээгүй харагдана лээ.

Яг өнөөдрийн байдлаар бол Засгийн газрын ордны зүүн талд байрлах 6х12 метр квадратын хэмжээтэй, 12 ширхэг самбарын долоод нь “Түрээслүүлнэ” гэсэн зар хаджээ.

Энэ хэсгийн самбарыг түрээслүүлэх ажлыг хариуцдаг компанийн борлуулалт хариуцсан менежерийн хэлснээр самбар түрээслэх эрхийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа дүүргээс авдаг бөгөөд нэг самбарт зар сурталчилгаа байршуулахад өдрийн 100 мянган төгрөг. Сараас дээш хугацаагаар байрлуулвал хямдардаг эд аж.

Хуучнаар Ленин клубын ханан дээр байрлах самбар ч мөн л “Самбар түрээслүүлнэ” гэх бичигтэй болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Холбогдох утсаар нь тодруулахад, “Өдрийн 300 мянган төгрөг. Удаан хугацаагаар сурталчилгаа байршуулахад хямдарна” гэлээ.

Ер нь бол “Эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ үед ажилчдынхаа цалинг арай ядан олгож байгаа газрууд зар сурталчилгаанд илүүчлэх мөнгөгүй байна” гэдгийг ихэнх самбар түрээслэгчид хэлж байна.  Ямартай ч хотын төвийн самбаруудын үнэ ханшийг аж ахуй нэгж, байгууллагууд хүчрэхгүйгээс болж ийн хоосроход хүрчээ. Монголын эдийн засаг модоо барьсны нэг илрэл нь эзэнгүй болсон энэ хэдэн самбар гээд хэлчихэд хол зөрөхгүй байх. 

Нөгөө талаар сурталчилгааны самбарын түрээсийн үнэ өндөр байдаг байж болох юм.  “Самбар түрээсэлсэн мөнгө харьяа дүүргийн төсөвт орох ёстой. Төлбөрийг хоёр зэрэглэлээр авдаг. Тодруулбал, хотын төвд буюу нэгдүгээр зэрэглэлд байрлах самбараас нэг метр квадрат тутмаас 160 мянган төгрөг, төвөөс зайтай бол 80 мянган төгрөг байдаг. Илүү гарсан ашгийг самбар байрлуулж, ажиллуулж байгаа байгууллагууд авдаг” гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн Реклам мэдээллийн байгууламж хариуцсан мэргэжилтэн Э.Даваахатан хэлэв.

 Нэгэнт аж ахуй нэгжүүдэд сурталчилгаанд илүүчлэх мөнгө байхгүй байгаа энэ үед сурталчилгаа байршуулах төлбөрийг бууруулах боломж байна уу гэвэл хангалттай байна. Нэг тоо бодоод үзье. Хотын төвийн самбаруудын дундаж хэмжээ нь 60 метр квадрат. Дүүрэгт тушаах ёстой мөнгө жилийн 9.6 сая төгрөг. Энэ мөнгийг 365 хоногт хуваагаад тооцоход өдрийн 26 мянган төгрөг болж байна. Эндээс үзэхэд, самбар түрээслэгчид нэг өдрийн 52 мянган төгрөгөөр самбараа түрээлслэхэд нэг дахин их ашиг олно гэсэн үг. Хэт их ашиг олохыг хичээж, өндөр үнээр буюу 100-450 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа нь магадгүй энэ бизнесийг туших бас нэгэн шалтгаан болж байгааг анхаарахад илүүдэхгүй биз.

Хотын төвийн самбарыг эзэд нь өндөр үнээр түрээслэдэг, аж ахуй нэгжүүд түрээсэнд зарцуулах төсөвгүйгээс ингээд хоосорчихож гэж хэлэхэд болно. Харин хотын төвөөс зайдуу захын хорооллын зам дагуух зар сурталчилгааны самбаруудын зурагт хуудсыг хэдэн сар жилээр сольдоггүй бололтой, энд тэндээсээ урагдаж, бичиг зураг нь ч харагдахаа больсон самбар цөөнгүй харагддаг.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Г.Даваадорж “Хайлаастын зам дагуух бүх самбарууд хоосон болоод удаж байна. Зар сурталчилгаа нь олддоггүй юм бол “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо бүү барь, Хурдаа битгий хэтрүүлээрэй” гэдэг ч юм уу, олон нийтэд хандсан анхааруулга бичээд, хадаж болдоггүй юм байх даа” гэж саналаа хуваалцав. Түүний хэлдэг ч бас зөв л санаа.

Цаашид дүнхгэр том төмөр самбар хадаж, төлж дийлэхэд бэрх мөнгийг аж ахуй нэгж байгууллагаас нэхэж, зовлон тоочиж суухаар зар сурталчилгааны хэлбэрээ өөрчлөн, дэлгэц бүхий хөдөлгөөнт, дүрст реклам түгээдэг самбаруудыг байршуулж хэвшүүлэх нь зөв гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байна. Ингэвэл хотын өнгө үзэмж сайжирч, олон давтамжтай, солигдолттой сурталчилгаа байршуулах боломж бүрдсэнээр сурталчилгааны үнэ буурах ч боломжтой юм.

Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг байсан үе өнгөрч. Хотын төвийн хоосон самбарууд Шаргал ордноос ямар харагддаг бол?

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: “NEWS WEEK” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж