Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл, цахим ертөнцөөр “Хорлоо эмээ байшингаа зарах гэж байна” гэсэн мэдээлэл гарах болсон билээ. Энэ талаар Хорлоо эмээд туслах аянг зохион байгуулсан “Монгол тусгал” ТББ-ын ажилтан н.Ням-Эрдэнэ “Хаанаас, яагаад  ийм яриа гараад байгааг ойлгохгүй байна. Хорлоо эмээ яасан гэж байшингаа зарах юм бэ. Тэгээд ч айлын хашаанд байдаг байшин нь одоохондоо манай байгууллагын нэр дээр байдаг” гэсэн тайлбар өгчээ.

Хорлоо эмээ ч энэ тухай “Эмээ нь үхэхийн хооронд их юм үзэх нь. Яасан ч үхэж өгдөггүй зөнөг вэ гэж өөрийгөө харааж сууна. Би юу гэж энэ сайхан байшингаа зарах юм бэ? Намайг байшингаа зарах гэж байна гээд хэн тэр интернет гэдэг юманд биччихсэн юм бол? Тэр интернет гэдэг газар нь очиж, даргатай нь уулзмаар байна. Хөлдөж унамаар онгорхой муу амбаарыг минь олон түмний буянаар ийм сайхан байшин болгож өгөхөд яаж баярлах учраа олж ядан л суулаа, эмээ нь. Одоо харин яая даа гээд уйлж суух үе  байх юм. Уржигдар би хөрш Баярынд орсон юм. Гэтэл Баярынд суудаг оюутан охин “Та яагаад байшингаа зарах гэж байгаа юм, тэгээд хаана амьдрах гэж байгаа юм бэ” гэж асуугаад том утсан дээрээсээ миний зургийг үзүүлэн, энд ингээд биччихсэн байна” гэсэн юм. Тэгээд хэн бичсэнийг нь асуухаар “Интернет”-д гэх юм. Энэ нэрийг нь сайн тогтоогоод авах юм шүү гээд гэртээ орж ирээд Ням-Эрдэнэ рүү утсаар залган асуулаа. “Бидний ажилд хорссондоо зарим хүмүүс худлаа яриа гаргасан байна, Эмээ минь битгий санаа зов оо” л гэсэн. Гэхдээ би яаж санаа зовохгүй, тайван суугаад байж чадах билээ. Энэ байшинг барихад нэг төгрөг ч гэсэн хандивласан түмэн олон намайг юу гэж бодох билээ” хэмээн ярьсан байна.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж