Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцээд зөвшилцөх нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улсын Засгийн газар болон Японы хамтын ажиллагааны банк хороонд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийг хэрэгжүүлэхээр 28.8 тэрбум иений зээлийн гэрээ Японы улсын хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд 2008 оны тавдугаар сард үзэглэн баталжээ. Нэмэлт санхүүжилт авах асуудлыг 2013 оны УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцжээ. Тухайн үед хэлэлцсэн зээлийн хэлэлцээрийн төсөл зөвхөн гүйцэтгэгч байгууллагад өгөх санхүүжилтийн үлдэгдлийг тусгасан байжээ. Ажлын хөлснөөс гадна онгоцны буудал барихтай холбоотой бусад барилга байгууламжийн үнийг энэ удаад нэмж тусгасан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдийн асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат хариулав. Гишүүдээс энэ зээлийг дэмжихэд өрийн босго хэтрэх үү гэдгийг асууж байлаа. Сангийн сайдын хэлснээр одоо хэлэлцэгдэж буй Өрийн удирдлагын тухай хуулиар зохицуулагдах аж.
2007 онд анхны хэлэлцээр хийгдсэн ч төсөл хэрэгжих гэж маш их хугацаа алдсан, олон улсад нисэх буудал барьж байгуулах зардалтай харьцуулахад харьцангуй бага санхүүжилтээр барихаар төлөвлөсөн гэдгийн байнгын хорооны гишүүд хэлж байлаа. Төслийн явц, санхүүжилтийн талаар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн захирал Н.Энхбатаас тодрууллаа.
-2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болно. Үүнээс өмнө ашиглалтад хүлээлгэн өгөх боломж бий юу?
-Төслийг хэрэгжүүлэх компанийг шалгаруулах гэж хоёр удаа тендер зарлаад амжилтгүй болсон нь хугацаа алдсан. Төсөл 2013 оны зургадугаар сарын 25-ны өдөр эхэлсэн. 1790 хоног буюу 43 сар өнгөрөөд байна. Бидний тооцоогоор төсөл 2017 оны нэгдүгээр сарын 7-нд дуусах ёстой. Өнөөдрийн хувьд бид хугацаанаасаа бага зэрэг түрүүлж яваа. Энэ эрчээрээ ажил явбал 2016 онд дуусах боломжтой.
–Төслийн нийт санхүүжилт 560 сая ам.доллар гэсэн. Одоогоор хэдэн хувийн санхүүжилт хийгдээд байгаа вэ?
-Төсөл 2013 оны зургадугаар сард эхэлсэн. Бид 2008 онд авсан 28.8 тэрбум буюу 245 сая ам.долларын зээлийнхээ төсвөөр одоо санхүүжээд явж байна. 2013 онд гүйцэтгэгчтэй бидний төсөв хэтэрсэн гэрээг байгуулсан. Яагаад гэхээр 2013 оны 4 сард төсвийн байнгын хороогоор адилхан нөхцөлтэй нэмэлт зээл авъя гэдэг санал оруулаад дэмжигдсэн. Ингээд гэрээ байгуулаад явсан. Зарим хүмүүс тэр үед зээл нь бүтчихээд одоо дахин нэмж зээл авч байна гэж буруу ойлгоод байх шиг байна. Анхны зээл нь явж байгаа, тэр үед ярьж байсан нэмэлт зээлээ одоо авч байгаа гэж ойлгох нь зөв. Одоо авч байгаа шалтгаан нь инфдяци, барилгын материалын ханшийг тооцоход учир дутагдалтай байсан учраас тухайн үеийнхээ үнэ ханшаар зээлээ авахаар хүлээж байсан. Мөн Монгол талаас хүлээж авсан тоног төхөөрөмжийн худалдан авалт, ажил үүргүүд байсныг саяын Японоос авах хөнгөлөлттэй зээл рүү шилжүүлсэн. Тэгэхээр дэд бүтцээс бусад санхүүжилт 100 хувь Японы санхүүжилтээр хийгдэж байна гэсэн үг. Энэ зээлдээ багтаж төсөл хэрэгжиу дуусах юм.
С.ОТГОНСҮРЭН