Ч.Сайханбилэг: Эдийн засгаа тэлэх нь зөв гарц

Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг: Эдийн засгаа тэлэх нь зөв гарц

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадаад улс дахь анхны айлчлалаа Япон улсаас эхлүүлж, амжилттай өндөрлүүлээд байна. Айлчлал хоёрдугаар сарын 9-11-н хүртэл үргэлжилсэн юм. Айлчлалын хүрээнд шийдсэн хамгийн чухал асуудал нь сүүлийн гурван жил гаруйн хугацаанд хэлэлцсэн Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар гарын үсэг зурж баталгаажуулсан нь түүхэн үйл явдал боллоо. Одоо хоёр орны парламент Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг соёрхон баталснаар хүчин төгөлдөр үйлчилнэ.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсны ач холбогдлыг талууд “Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний урсгал, цаашлаад иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсыг бүс нутаг болон дэлхийн зах зээл, эдийн засгийн интеграцтай холбоход чухал ач холбогдолтой” хэмээн үнэлж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалаа өндөрлүүлээд Улаанбаатар хотод хүрэлцэн ирсний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрээр “Ажлын айлчлалын хугацаа шахуу байсан хэдий ч үр дүнтэй ажлын ард гарч чадлаа. Айлчлалын гол зорилго болсонМонгол, Япон улсын хооронд байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, хамтарсан мэдэгдэл гаргах ажил амжилттай хэрэгжлээ. Монгол Улсын хувьд анхных нь Японы хувьд 15 дахь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдлаа. Монгол Улс хэдийгээр дэлхийд 130 д ордог эдийн засагтай чдэлхийд эхний гуравторж гайхагддаг том зах зээлтэй, том эдийн засагтай оронтой анхны чөлөөт худалдааны гэрээг байгуулж чадсан нь Монгол Улсын дараа дараагийн гэрээ хэлэлцээрт эерэг нөлөө үзүүлэх үйл явдал боллоо” хэмээн үнэллээ.

Сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгснийг хүргэе.

-Айлчлалаа та ерөнхийд нь дүгнэвэл?

-Айлчлалын хүрээнд Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийлээ, хэд хэдэн асуудлыг хөндөж ярилцлаа. Мөн Японы парламентын зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки, Монгол, Японы парламентын бүлгийн нөлөө бүхий гишүүдтэй уулзалт хийсэн. Японы бизнесийн хүрээнийхэнтэй ажил хэрэгч уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага энэхүү уулзалтыг зохион байгуулж өгсөн, бүртгэгдсэн хүмүүсээсээ их хүн оролцлоо гэж бизнес эрхлэгчид хэлж байна лээ. 200 гаруй бизнес эрхлэгч оролцсон. Бид Шинэ Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгсөн. Монголд хэрэгжих мега төсөл хэзээ шийдэгдэх гэж байна, бизнес эрхлэх эрх зүй, татварын орчин яаж өөрчлөгдөж байна, хөрөнгө оруулах бололцоо нөхцөл хэрхэн гарч ирж байна, уул уурхай, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах боломж бий юу гэдгийг бизнес эрхлэгчид голлон асуусан амьд уулзалт болсон.

Цаашлаад Японы олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хэд, хэдэн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Тухайлбал, ЖАЙКА /Япон улсын хамтын ажиллагааны байгууллага/байгууллагын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Олон улсын валютын сан, Дэлхийн банктай хамтарч ЖАЙКА-гийн хүрээнд Хөгжлийн хөтөлбөрийн зээл авах асуудлыг хөндөж тавьсан. Гэрээнд туссаны дагуу Японы техник технологи оруулж ирэх хамтын ажиллагааны туршилтын хугацаа ирэх зургаан сард дуусаад дараагийн шатанд шилжих асуудлыг ярилцаж авлаа. Байгаль орчин хамгаалах, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр хоёр шатны хөтөлбөр хэрэгжсэн. Гурав дахь шатны хөтөлбөрийг үргэлжлүүлэх асуудлыг хөндөж ярилаа.

Иенийн хоёрдугаар шатны Монгол Улсыг санхүүжүүлэх зээл олгох боломжийн талаар ярилцлаа. Монгол Улсын хувьд эдийн засгаа тэлэх чиглэлээр шинэ эх үүсвэр олоход хамтарч ажиллах олон боломжууд бий. Хөтөлбөрт ороогүй ч гэсэн хэд хэдэн үйл явдлууд болсон. Жишээлбэл, “Окүра” гээд Японы гурван том буудлын сүлжээ 2016 онд Улаанбаатар хотноо болох АСЕАМ- ын чуулга уулзалтад зориулсан, том үзэсгэлэн хурал болдог танхимыг барьж өгөх санал тавьж байна.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан учраас Японы парламентын гишүүдтэй уулзах үеэрээ Европын холбоотой адилхан эхний ээлжинд дипломат паспорт эзэмшиж байгаа монгол хүмүүст визгүй зорчих боломж олгооч, иргэдийг хил дээр орж ирэхэд виз өгөөд хөнгөлөлттэй журмаар оруулдаг болооч гэдэг хүсэлт тавьсан. Хууль зүйн яам, Гадаад хэргийн яамныхнаа шахая гэсэн, энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэх боломжтой. Удахгүй УИХ ын дарга Япон улсад айлчилна, ирэх тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Азийн ирээдүй гэдэг том форумд оролцох урилга ирж байгаа. Удаа дараагийн айлчлалын хүрээнд монголчуудын олон жил хүлээсэн асуудал нэг тийшээ болж шийдэгдэх боломж бий. Одоо гол нь Монголын зүгээс сайн ажиллах.

Хэлэлцээрийн тухайд, Монголд үйлдвэрлэсэн олон мянган бараа Японы тэр том зах зээл үйлдвэрлэлийн сүлжээнд хөнгөлөлттэй, татваргүй нийлүүлэгдэх бололцоо гарч ирж байгаа. Бололцоог 100 хувь ашиглах ёстой. 1000 шахам хуудастай хэлэлцээрүүд доторх олон сайхан боломжийг монголчууд бүрэн дүүрэн ашиглах ёстой.

Ерөнхий сайд Ш.Абэ Японы Засгийн газраас эдийн засгийн зөвлөх гаргаж өгч байгаа, Монголын Засгийн газарт Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн зүйл заалтаар өөртөө хэрхэн илүү үр ашиг олох вэ гэдгийг судалж өгөх юм. Ийм өргөн боломж, бололцоо бий болж байгаа учраас бодит үр дүнд хүрсэн ажлууддаа ханцуй шамлан орох шаардлагатай. Урьд жилүүдийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын айлчлалын үр дүнгээр бий болсон эерэг уур амьсгалаа алдахгүйгээр цаашдаа үр дүн гаргаад явах боломж бололцоо гарч байна. Аяны богц дүүрэн, араас нь дагаж ажил хэрэг болгох, төлөвлөгөөтэй ажиллах зүйлүүдээ хийж чадах юм бол гуравдагч хөршийн бодлого гэдэг утгаараа Японтой хийж байгаа харилцаагаа дараагийн шатанд гаргах, бодит бололцоо бий боллоо. Уулзсан хүн болгон, Японы парламентын гишүүд, Засгийн газрын гишүүд нь, Ерөнхий сайд Ш.Абэ нар “Хоёрдугаар сарын 10-н бол Монгол, Японы харилцаанд түүхэн өдөр шүү, энэ өдрийг аль аль тал нь санаж явах ёстой. Яагаад гэхээр хоёр орны харилцаанд эргэлт гаргасан, эдийн засаг, эрх зүйн хувьд нь тодотгосон, нааштай болгосон том өөрчлөлтийн хэлэлцээрийг зурж чадлаа” гэдэг сэтгэл ханамжтай байгаа. Манай тал мөн сэтгэл ханамжтай байна гэдгээ илэрхийлсэн. Одоо энэ зурсан эдийн засгийн хэлэлцээрээ УИХ аар батлуулаад, Японы парламентаар ойрын хугацаанд соёрхон батална гэсэн. Эдийн засгийн хэлэлцээр бодит амьдралд хэрэгжээд эхлэх, энэ хором нааштай нөхцөл бэлэн боллоо гэдгийг хэлэхийг хүсч байна.

-Айлчлалын хүрээнд шийдвэрлэгдсэн чухал асуудал бол Хөшигийн хөндийд баригдаж байгаа шинэ нисэх онгоцны буудалд шаардлагатай байсан нэмэлт зээлийн санхүүжилтийг шийдвэрлэж чадлаа. Нийт дүнгээрээ 36.8 тэрбум иен. Эдийн засгийн үр өгөөж нь хямралтай үед эерэгээр тусч болох ч УИХ Монгол Улсын өр 2015 онд ДНБ-ий 58.3 хувийн босго давж болохгүй гээд хуулиа баталчихсан. Энэ зээлийг авсан тохиолдолд өрийн босго нэмэгдэнэ. Улстөрийн хүчнүүд ч бас өрийн босгыг нэмэхгүй гэж эсрэг байр суурь барьж мэднэ. Гарцыг хэрхэн харж байна вэ?

-Японд хүмүүстэй уулзаж байхад “Манай улстөрчид сонгууль, улстөр гэж ярьсаар байгаад маргаантай дөрвөн арлын асуудлыг шийдэхэд маш хүнд байдал руу аваачсан” гэдэг зүйлийг ярьж байна. Японд арлынх нь асуудал улс төр болсон бол Монголын хувьд өрийн тааз улс төр болсон. Уг нь энэ чинь зээл. Хугацаа хэтэрсэн зээл өр болох ёстой. Зээлийн асуудлаа хэтэрхий улстөржүүлж ярьсаар байгаад гар хөлөө дэндүү хүлсэн байна.

Одоо та жишээлбэл, Хөшигийн хөндийн нэмэлт зээлийн санхүүжилтийг авснаарөрийн босго ДНБ-ий 58.3 хувиас өснө гээд асууж байна. Хөшигийн хөндийд барьсан нисэх буудлын барилгадэхэлж 250 сая ам.доллар зарцуулчихаад, дараагийн 350 сая ам.долларыг авахгүйгээр Яармагийн эмнэлгийн барилга шигээ балгас хэвээр нь үлдээх үү, шийдвэр гаргахаас аргагүй.

Бид асуудлаа харж шийдвэрээ гаргахаас аргагүй. Улстөрчид нь ч тэр улс орноо ч тэр хэрүүл маргаан, тэмцлээрээ хөгжлөө чөдөрлөж болохгүй. Компанийн захирлууд, жирийн хүмүүс зээл авч байгаад бизнесээ, өрх гэрийнхээ асуудлыг өргөжүүлээд шийдээд явдаг. Яагаад энэ амьдралын үнэн өнөөдөр улс орны хэмжээнд очоод өөр болох ёстой гэж…

Зээлээ аваад, бий болчихсон өр төлбөрөө хурдан төлөөд, эдийн засгаа тэлээд явах нь хөгжлийн хамгийн зөв гарц гэж үзэж байгаа. Энэ хэлэлцүүлэг нийгэмд олон өрнөөсэй,  гэхдээ хэт нэг талыг битгий барьж яриасай. Зээл болгоныг өр гэж битгий хараасай, орж ирж байгаа зээлээ харин ямар зөв зүйлд зарцуулах вэ, зээлээр орж ирсэн 1 ам.долларыг яаж 3 ам.доллар болгох вэ гэдэг л чухал.  Зөв зарцуулж байгаа тохиолдолд зээл нь өөрөө хөрөнгө оруулалт. Дан ганц зээлээр явж болохгүй, хөрөнгийн зах зээл санхүүгийн хоёр дахь зах зээлээр бусад аргуудаар мөнгө босгох, энэ бүх зүйлүүдээ хийнэ. Үгүйсгэлийн үгүйсгэлээр явж болохгүй. Хаана бололцоо байна, тэр бүхний араас Засгийн газар, бизнес эрхлэгчид маань явахаас аргагүй. Энийг бодит амьдрал шаардаж байгаа,  улстөржилтгүйгээр улс орны эрх ашгийг тэргүүнд тавиад явахаас аргагүй гэж би өөрөө үзэж байна.

-Зээлийн нөхцөл ямар байгаа вэ, хэдэн жилийн хугацаатай авах вэ, хүү ямар байх бол?

-Зээл болгон янз бүр. Японоос авах зээл хөнгөлөлттэй зээл. Нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн хугацаа 30-40 жилийн хугацаатай, хүү багатай байдаг. Бондын зээл ч юм уу, богино хугацаатай арилжааны зээлийг Засгийн газар авах шаардлагагүй, тухайн ашигтай бизнесийн төсөл дээр хувийн хэвшлийнхэн аваад явах боломжтой гэж харж байгаа. Хажуугаар нь хөрөнгө оруулалт IPO гэх юм уу, энэ чиглэлийн хөрөнгийн биржээр дамжиж байгаа хөрөнгө оруулалтууд төрийн өмч, хувийн өмч өмчийнхөө менежмэнтийг хангасан энэ үйл ажиллагаануудаар Монгол руу орж ирэх хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна.

-Бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр японы талаас хамгийн их сонирхож байсан төсөл юу вэ. Эхний ээлжинд хэрэгжүүлэх төсөл гэвэл юу байх вэ, Тавантолгойгоос гадна?

-Япончууд Оюутолгой, Тавантолгойг хэзээ шийдэх гэж байна, хөрөнгө оруулагч нарын зүг рүү ямар алхам хийх гэж байна, Монгол Улсын Засгийн газар, татварын орчин ямар байна, сүүлийн үед яригдаж байсан асуудлуудаа шийдэж чадах уу гэдгийг асуусан. Бидэнд хөрөнгө оруулах сайхан боломж байна гэдгээс гадна итгэлийг нь бий болгох, бодитой алхмуудыг бодмитой шийдвэрүүдийг хурдан хугацаанд гаргаж явахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна гэдэг мэдээллийг өгсөн.

-Хүлээлт үүсгэж байсан чухал асуудлуудаа айлчлалаар шийдлээ. Одоо Засгийн газар цаашдаа юун дээр голлож ажиллах вэ?

-Их эвслийн Засгийн газрыг ард иргэд маань том, том чухал хүнд гэсэн шийдвэрийг гаргаасай, олон жил зогсчихсон байгаа төсөл хөтөлбөрүүд нь хөдлөөсэй, эдийн засаг нь тэлээсэй, Монгол руу орж ирж байгаа хөрөнгө оруулалт нэмэгдээсэй, хөрөнгө оруулалтаар орж ирж байгаа нэг ам доллар болгон хоёр, гурав болж үржээсэй. Энэ үндсэн дээр ханшийн уналтаа зогсоож, эдийн засгийн өсөлтөө хангах, үйл ажиллагаануудыг хийгээсэй гэж хүсч байгаа. Монголчуудын маань үндсэн эрх ашиг учраас Засгийн газар ойрын хугацаанд шийдвэрүүдээ гаргаад явна. Намрын чуулган өндөрлөх гэж байгаа энэ цөөхөн өдрүүдэд Засгийн газраас өргөн барьсан чухал төслүүдийг хэлэлцэн баталж, өгөхийг хүсч байгаа.

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, 2015 он хоёрдугаар сарын 11-нд  21.00 цагт

Г.НЭРГҮЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж