Хөлгийн ахмад Франческо Скеттино өмгөөлөгчийнхөө хамт
Италийн шүүх өнгөрсөн 2012 онд Жилио арлын орчимд осолдсон “Коста Конкордиа” хөлгийн ахмад Франческо Скеттинод 16 жил шоронд хорих ял шийтгэл оногдууллаа. Италийн шүүгчид түүнийг хөлгөө буруу залж, онхолдуулснаас олон хүний амь насыг хохироосон хэмээн буруутгажээ. Гэвч хөлгийн ахмад Франческо Скеттино хэргийг үгүйсгэж, давж заалдахаа мэдэгдсэн байна. Прокурорууд түүнд 26 жил шоронд хорих ял төлөвлөөд байжээ. Ахмад Франческо Скеттино 290 метр урт усан онгоцыг эрэгт хэтэрхий ойр жолоодож явснаас осол гаргаж, улмаар зорчигч, хөлгийн багийхныгаа орхин зугтсан аж. Тансаг зэрэглэлийн “Коста Конкордиа” хөлөг 2012 оны нэгдүгээр сард усан дорх хад мөргөж осолдсоноос 32 хүн амь үрэгдсэн юм. Хөлөгт 4000 гаруй хүн зорчиж явжээ.
“Коста Конкордиа” хөлгийг эзэмшигч компани 2013 онд 1.3 сая ам.долларын төлбөр төлснөөс шүүхэд татагдахаас бултаж чадсан аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС