Оросын эдийн засгийн хямрал цагаач ажилчдад хүндээр тусч байна

Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

Оросын эдийн засгийн хямрал цагаач ажилчдад хүндээр тусч байна

 

Хойд хөрш ОХУ өнгөрсөн оны эцсээс санхүүгийн хүндхэн байдалд орж, рублийн ханшны огцом уналтыг сааруулахаар Оросын Төвбанк бодлогын хүүгээ 17 хувь болтол нэмсэн ч байдал төдийлэн дээрдэхгүй хэвээр байна.

 

Энэхүү эдийн засгийн хямрал тус улсад цагаачлан ажиллаж буй гадны ажилчдад хамгийн хүндээр тусч буй талаар CNN мэдээлжээ.

 

 

НҮБ-аас 2013 онд гаргасан цагаач ажилчдын тухай судалгаагаар дэлхий даяар нийт 232 сая цагаач ажилчид хөдөлмөр эрхэлж байгаагийн 51 хувь нь хөгжлөөрөө тэргүүлэгч 10 орныг сонгосон тухай дурьджээ.

 

Эдгээр 10 орныг АНУ 46 сая цагаач ажилчидтайгаар тэргүүлсэн бол ОХУ улс 11 сая цагаач ажилчидтай гэсэн үзүүлэлтээр удаалжээ.

ОХУ-ын цагаач ажилчдын голлох хувийг Азербайжан, Украин, Узбекистан зэрэг хуучин ЗХУ-ын харьяанд байсан орнуудын иргэд эзэлдэг байна.

 

Тус улсад хөдөлмөр эрхэлж буй гадаад ажилчдад тулгарч буй хамгийн том хоёр асуудал нь нэгдүгээрт рублийн ханшийн уналт, хоёрдугаарт ажлын олдоц гэнэ.

 

Гадаад ажилчид авсан цалин хөлсөө өөрийн улсын мөнгөн тэмдэгтээр эсвэл ам.доллараар солин гэр бүл рүүгээ илгээдэг учраас рублийн ханшийн уналт хүндээр тусч байна.

 

Хэдийгээр авч буй цалингийн хэмжээ нь хэвээрээ ч бусад рублийн ханшийн уналтаас үүдэн бараг 50 хувь үнэгүйдээд байгаа билээ. Тиймээс цагаач ажилчид тус улсыг орхин гарах урсгал огцом нэмэгдэх болсон байна.

 

Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар тус улсыг зорих цагаач ажилчдын тоо 2013 оны мөн үеийнхтэй харьцуулахад 70 хувиар буурч, харин тус улсыг орхин гарсан ажилчдын тоо 56 хувиар өссөн “The Moscow Times”  мэдээлжээ.

 

Гэхдээ эдийн засгийн хямрал нь тус улсаас цагаачид дөлөх болсон цорын ганц шалтгаан биш юм.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн гадаад ажилчдад хамаарах шинэ журам нь тэдэнд бас дарамт учруулж эхэлсэн байна. Уг шинэ журамд хуучин үйлчилж байсан квотын системийг хүчингүй болгож, тус улсад ажиллах хүсэлт гаргасан бүх хүмүүсийг мөнгө төлж зөвшөөрөл авахаар болгосон байна. Зөвшөөрлийн үнийг 1200 рубль байсныг 4000 болгон нэмэгдүүлжээ.

 

Үүнээс гадна гадаад ажилчдаас орос хэл болон ОХУ-ын түүх, үндсэн хуулийн талаар тусгай шалгалт авч, эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдаж байхаар шинэчилэн тусгажээ. Эдгээр шалгалтын төлбөр нь 30 мянган рубль аж.

 

Эдгээр шалтгааны улмаас тус улсад ажил хөдөлмөр эрхэлж буй доод зэрэглэлийн ажилчид хүндхэн байдалд орж, ихэнх нь нутаг буцаж эхэлжээ.

 

Энэхүү үйл явдалтай зэрэгцэн нэгдүгээр сарын 2-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гадаадын иргэдийн ОХУ-д цэрэгт алба хаах ажиллагааг идэвхижүүлэх зарлиг гаргасан нь олон улсын анхаарлыг татаж байна. Энэхүү зарлиг гарснаас гадаадын иргэн орос хэлээр ярьдаг, ямар нэгэн ял шийтгэлгүй бол тус улсын армид элсэх бүрэн боломжтой болж байгаа аж. Ингэснээр энэ оны дөрөвдүгээр сар гэхэд ОХУ-ын арми 100 мянган цагаач цэрэгтэй болох бүрэн боломжтой хэмээн олон улсын шинжээчид дүгнэжээ.

 

Н.ЦЭНДСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж