-Ослоос хойш 20 жил өнгөрсөн гээд хүний хувь тавиланг ингэж гаргуунд нь хаяж болохгүй байх-
Сүйрсэн онгоцтой хамт сүйдсэн амьдрал
Хөвсгөл аймгийн Байшинт уулнаа осолдсон онгоцны ослоос амьд үлдсэн, ослын цорын ганц гэрч Санжаагийн Өлзийбаяр 20 жилийн дараа олон нийтийн өмнө ил гарлаа. Түүний ярилцлагыг News.mn сайт өнгөрөгч долоо хоногт уншигчдадаа хүргэсэн билээ.
1995 онд гарсан АН-24 онгоцны ослын улмаас нисэх багийнхан болон зорчигч нийлсэн 41 хүн амь насаа алдсан юм. Онгоцны ослоос амьд үлдсэн тийм ч олон байдаггүй байх. Монголд бол энэ тохиолдол нэг л удаа гарсан юм. Ослоос амьд үлдсэн С.Өлзийбаяр гэж хэн бэ? Хорин жилийн дараа амьдралд нь ямар өөрчлөлт гарсан бол… Энэ түүхийг бид эргэн сөхөж байна.
Хүний хувь тавилан гэж урьдаас таашгүй ажээ. Өнөөдөр их аз завшаан мэт санагдаж байсан агшин маргаашийн гуниг зовлонгийн үүд хаалга байх нь бий. Эс бөгөөс эсрэгээрээ нэг хаалга хаагдахад ард нь ахиад 10 хаалга нээгдэж байж ч мэдэх. Хэн ч урьдчилан таашгүй хувь тавиланг хүмүүс бид өөр өөрийнхөө туулж яваа. Тэгвэл гурван сая монголчууд дунд бусадтай ижилгүй төөрөг тавилантай учирсан нэгэн байдаг нь Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэн Санжаагийн Өлзийбаяр юм.
Балчир бага насандаа ээж аав, эгч нарынхаа алган дээр бөмбөрч өссөн айлын бага хүүд амьдрал багагүй ачаа үүрүүлсний эхлэл 20 жилийн тэртээх АН-26 онгоцны осол болжээ. 1995 оны есдүгээр сарын 21-ний тэр нэгэн намрын шаргал өглөө С.Өлзийбаяр нутгаа зорин онгоцонд суусан нь хөлийн чимээ чагнан хүлээж суугаа гэргий, дэгэж дэрвээд үлдсэн өөдөсхөн охиндоо яарсных байжээ. Уг нь авчирсан арьс ширээ “Судалт” төвд тушаачихаад машинаар буцаж болох л байж. Гэвч ямар гээч соронз онгоц руу татсаныг хэн мэдлээ. Баз хүргэн болоод түүний дүүтэй гурвуул яаран сандран “Буянт-Ухаа” руу очиж, Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлийн нисэх онгоцонд суусан байна.
Амьдралын хүрд
С.Өлзийбаяр аав, ээжээс арвуулаа. Зургаан ах, гурван эгчийн дүү болон мэндэлсэн отгон хүүдээ ижий нь амь шигээ хайртай байжээ. Тэглээ гээд ажлын хүндээс зугтаалгаж байгаагүй гэнэ. Аав Санжаа нь Ханх нутгийн баатар Гэлэгийн хамт Халхын голд байлдаж явсан хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн бөгөөд хожмоо Ханх сумын дамжлага бааз, худалдаа бэлтгэлийн ангид олон жил ажилласан нэгэн байж. Харин ээж Ишиг нь худалдаа баазад талхчин хийнэ. Ханхын талх гайхалтай амттай байсныг дурсах хүмүүс өнөө ч таардаг аж. Ижий Ишиг нь ихрийн өрөөсөн Хургатайгаа усны дусал шиг ижилхэн байсан гэдэг. Отгон хүү Өлзийбаярыгаа наймдугаар анги төгсөхөд ээж нь “Эртхэн ажил, амьдралын захтай болж, хоолондоо хүрсэн нь дээр” гэж шамдуулсаар сургуульд оруулжээ. Хэдийгээр багш нар нь түүнийг сурлага сайтай хүүхэд хэр нь есдүгээр ангид орсонгүй гэж зэмлэсэн ч ах Өлзийсайханаа дагалдан ЗХУ-д ТМС-д суралцах хуваарь авсан аж. Тэднийг Орос руу зорьж ч амжаагүй, дөнгөж Улаанбаатарт ирэх үед хөөрхий ижий нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэх уйтай мэдээ зүрх зүсчээ. “Хамгаас хатуу мэдээ тэр л байсан даа” гэж С.Өлзийбаяр санаа алдан өгүүлсэн. Хойтон зун нь гэртээ буцаж очиход гэрийн тал нь эзгүйрч, өнчирч үлдсэн аав нь их л өтөлсөн санагдаж байж. Хувь тавилан түүнд түүнээс ч хатуухан “бэлэг” бэлдсэнийг тэрхэн үед яахин мэдэх билээ.
1995 онд гарсан АН-24 онгоцны ослын улмаас нисэх багийнхан болон зорчигч нийлсэн 41 хүн амь насаа алдсан юм. Онгоцны ослоос амьд үлдсэн тийм ч олон байдаггүй байх. Монголд бол энэ тохиолдол нэг л удаа гарсан юм. Ослоос амьд үлдсэн С.Өлзийбаяр гэж хэн бэ? Хорин жилийн дараа амьдралд нь ямар өөрчлөлт гарсан бол… Энэ түүхийг бид эргэн сөхөж байна.
С.Өлзийбаяр 1987 онд сургуулиа төгсч ирээд Хөвсгөл аймгийн Геологийн газарт нагац эгчийнхээ нөхрийн зөвлөгөөг даган ажиллаж эхэлжээ. Нагац эгчийнх нь нөхөр Гавьяат уурхайчин Мягмарт “Эрдэнэт”-ийн уурхайг нээснийх нь төлөө Төрийн шагнал хүртээж байсан түүхтэй юм байна. С.Өлзийбаяр 1988 онд цэрэгт татагдан, Хужирбулангийн танзийн хорооны батальонд алба хаажээ. Гялалзсан цэрэг явсныг үеийн нөхөд нь мартаагүй. Ахыгаа дагаж гадаадад суралцан, газар үзэж нүд тайлан, орос хэл сурсны буянаар тэр зах зээлийн шуурганд хөл алдалгүй амьдралаа эхлүүлжээ. 1995 онд гэргий Болормаатайгаа гэрлэж, 1995 оны гуравдугаар сарын 7-ны өдөр охин үрээ тэвэрчээ. Охиндоо Мягмартуяа гэдэг нэр хайрлаж. Картын барааны хатуу ширүүн үед арьс ширний наймаа эхлүүлж, баз хүргэнтэйгээ хамтдаа ченж гэх шинэхэн мэргэжилтэй болжээ. Тухайн үед ченжүүд шиг биелэг хүмүүс байсангүй. Малын арьс ширнээс гадна тарваганы арьс гэж нуга дарсан ашигтай наймаа одоо ч үгүй болов уу. Зах зээлийн шуурганд хөл алдсан нь олон бол сүйхээ самбаатай нэгэн нь хөлжих, дэвжих боломжийг эрэн хайж эхэлсэн нь энэ. Орос хэл, оросуудаас сурсан наймаач ухаан байхад алзахгүй гэдэгтээ Өлзийбаяр баттай итгэж явжээ.
Гэвч… Гэвч намрын тэр нэгэн өдрийн онгоцны сүйрэл хамаг итгэл найдвар, төсөөлж байсан сайн сайхан бүхнийг нь баллуурдаж орхижээ. Онгоцны нэгдүгээр нисэгч нь Хөвсгөл нутгийн хүү, туршлагатай нисэгч Бор байжээ. Мөрөн ороход багахан зай үлдээд байтал Байшинт уулнаа гайт тэр осол болжээ.
“Дүүгээ япончуудтай явуулах байсан юм…”
С.Өлзийбаярын эгч С.Бүжийтэй уулзахаар Баянхошууг зорин очлоо. Дэлхийд ховорхон тохиох азтай залууд туслах санаатай яваагаа дуулгахад тэрбээр итгэл алдрангуй угтсан юм. Урьд өмнө нь хэд хэдэн удаа хэвлэлийнхэн уулзаж байсан ч мэдээллийг гуйвуулах, Өлзийбаяр болоод тэдний ахан дүүсийн талаар таагүй сэтгэгдэл төрөхүйц байдлаар мэдээлэл цацсан нь түүний сэтгэлд жавар хургахад хүргэснийг ярианаас нь ойлгосон юм. Гэвч тэр бидэнд ослын дараах дүр зургийг ийн хуучилсан юм.
-Дүү маань нисэхийнхээ өмнөхөн над руу ярьж, “Намайг явлаа гэж аавд битгий хэлээрэй” гэж байсан. Яагаад юм, бүү мэд. Тэр үед аав бие нь чилээрхээд, хотод ирсэн байсан юм. Тэгтэл ниссэнээс нь хойш хоёр цагийн дараа Сэр-Од гэдэг дүү маань надтай холбогдож “Мөрөн рүү ирж байсан онгоц осолдчихлоо. Өлзийбаяр суусан уу” гэж асуулаа. Газар, тэнгэр нийлэх шиг л болсон. Ослын нөгөөдөр нь би Улаанбаатараас нисч, Мөрөнд очсон юм. Нүд хальтарч, зүрх шимширмээр дүр зураг угтсан. Олон хүний цогцос танихын аргагүй болсон байсан. С.Өлзийбаяртай хамт явсан баз хүргэний цогцос бүтэн хэр нь хүзүүгээрээ модны мөчир нэвт сүлбээд, өөд болсон байсан. Заримынх нь таних аргагүй. Үнэхээр өрөвдмөөр, ар гэрийнхэн нь хүнээ олж таних гэж аймаар л юм болж байсан. Манай дүүгийн хувьд нуруу нугасны гэмтэл, цус харвалттай байж болзошгүй учир хөдөлгөхгүй байхыг эмч нар зөвлөж байсан. Нүүр ам, гар хөл нь түлэгдэж, түлэнхий дээр нь өмсч явсан хүрэмнийх нь өд сөд наалдаад, үнэхээр нүд хальтрам дүртэй байсан. Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Пүрэвдорж гуай Мөрөнд очсон байсан юм. Мөн одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж, Бат-Үүл баатар нар ч очсон л байсан. Би тэднээс дүү бид хоёрыг хот хүргэж өгөөч гэж гуйсан. Ингэж бид хотод ирсэн юм. Уг нь бол Японоос сэтгүүлчид хүртэл ирээд “Дүүгээ манай улс руу бидэнтэй явуулчих, онгоцны ослоос амьд үлдсэн, ийм ховор хувь тавилантай хүнийг эмчлэхдээ бид баяртай байх болно” гэж зөвлөж байсан юм. Одоо бодоход тэдэнд дүүгээ даатгачихсан бол илүү дээр байх байж дээ гэж санагддаг юм. Өнөөдөр ингэж ядарч, ядруу амьдарч, бие сэтгэлийн зовлон туулж амьдрахыг нь мэдсэн бол… Тэр үед бол хойшдын амьдралын тухай бодохгүй амьд, эсэн мэнд байгаа нь л чухал байсан болохоор олон зүйл бодоогүй нь одоо буруудаж байх шиг байна.
“Охиноо золгох гээд ирэхэд нь өөрийн гэртээ угтахсан”
Тухайн үед, ослын дараа “МИАТ” компани С.Өлзийбаярт эм тариагаар тусалж, нэг өрөө байр өгч байжээ. Гэвч 56 хоног сэхээнд хэвтэж, бүтэн долоон сарын турш эмнэлгийн ор сахисан болохоор байдгаа барж дууссаны дээр дахин орлого олж, охин гэргий хоёроо авч явах боломж олдоогүй тул амьдралын шаардлагаар байраа зарсан гэж ярьдаг. Ингээд өөрийн гэсэн орон гэргүй болсон тэрээр өнөөдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд, төрсөн ах Өлзийсайханыдаа амьдраад олон жил болж байгаа аж.
МИАТ-д хаяглах цөөн хэдэн мөр
Америкт онгоцны ослоос амьд үлдсэн нэгнийг “Чөтгөрөөс ч азтай эр” гэж тодорхойлон мэдээлсэн нь бий. Тэгвэл манай улсад ч тийм азтан байна. Америкийн азтан амьдралынхаа төгсгөл хүртэл нисэх компаниар тэтгүүлэх бол манайд эсрэгээрээ мартагдаж, хаягджээ. Монголын иргэний агаарын тээвэрт монополь МИАТ компанид нийгмийн өмнө хүлээсэн үүрэг гэж байдаг бол биелүүлэх цаг иржээ. Ослоос хойш 20 жил өнгөрсөн гээд хүний хувь тавиланг ингэж гаргуунд нь хаяж болохгүй байх. Байшинт уулын ослоос хойш хичнээн ч осол гарч, хичнээн хүний амь нас эрсэдсэнийг тооцох гэсэнгүй. Гагцхүү онгоцны ослоос ганцаар сэрүүн тунгалаг үлдсэн (манай нийтлэлийн дараа МИАТ-ын ослоос амьд үлдсэн ч хаягдаж хоцорсон хүн байгаа тухай мэдээлэл ирснийг эс тооцвол) азтай хэр нь азгүй мэт аж төрж буй С.Өлзийбаярыг харж үзэж, түүнд тусалж дэмжихээс аргагүйг дуулгах гэсэн юм. МИАТ гэх их айлын сан хөмрөгөөс дарга захиралууд нь тэрбум тэрбумаар нь завшсан хэрэг олонтаа гарч байсан. Урт гартай, хүйтэн сэтгэлтэй дарга нарын хувьдаа завшсан олон тэрбум төгрөгийн өчүүхэн хэсгийг С.Өлзийбаярт хаягласан бол МИАТ компанийн нэр хүнд одоогийнхоос жаахан ч атугай дээгүүр байх байсан биз ээ.
Д.ЦЭЭПИЛМАА
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин