Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 150 хүүхдийн ортой канад технилогиор барьсан цэцэрлэг ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. 21 дүгээр хорооны хувьд хүн амын төвлөрөл ихтэй гэр хорооллын бүсд оршдог. 2560 өрх, 10877 хүн амтай. Цэцэрлэгийн насны буюу 2-5 насны 1100 хүүхэдтэйгээс уг цэцэрлэг ашиглалтад орсноор 49 хувь нь буюу 545 хүүхэд цэцэрлэгт хамрагдаад байгаа юм байна.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, 2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд Баянзүрх дүүрэгт 4,4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Тиймээс энэ хөрөнгөөр ямар ажил хийх талаар иргэдээс санал авахад төрийн өмчит цэцэрлэггүй хороодод цэцэрлэг бариулая гэдэг иргэдийн санал нэгдүгээрт жагссан. Энэ дагуу 2013 оны дүүргийн орон нутгиийн хөгжлийн сангийн хөрөнгөөр төрийн өмчийн огт цэцэрлэггүй 4, 7, 21, 28 гэсэн гурван хороонд 150-300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих ажлыг эхлүүлсэн. Цэцэрлэгийн барилгыг “Эзо Хаус” гэдэг Монгол компаний залуус барьсан. Ур ухаанаа зориулан жишиг цэцэрлэг барьж өгсөн энэ компанийн залуустаа баярлалаа. Бас 21 дүгээр хорооны 140, 27 дугаар хорооны 50, нийт 210 хүүхэд энэ цэцэрлэгт хүмүүжихээр боллоо. Эдгээр хүүхдийг харж, гэртээ ажилгүй байсан эцэг эхчүүд тохьтой, тухтай цэцэрлэгт хүүхдүүдээ өгч хүмүүжүүлж байгаа болохоор сэтгэл амар ажил хийж, амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой боллоо гэсэн үг хэмээсэн.
Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд тус цэцэрлэгээс гадна дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 2014 оны 11 дүгээр сард 199 дүгээр цэцэрлэг ашиглалтад орж, 240 хүүхэд хүмүүжиж байгаа бол хувийн Яргуй цэцэрлэгт 120, 61 дүгээр гэр цэцэрлэгт 25 хүүхэд хүмүүжсэнээр цэцэрлэгийн насны 1100 хүүхдийн 545 буюу 49 хувь нь хамрагдаад байна.
Эх сурвалж: www.zasag.mn