Обама Баруун Африкаас цэргээ эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2015.02.11-нд нийтлэгдсэн

Обама Баруун Африкаас цэргээ эргүүлэн татна

 

Баруун Африк дахь Эбола вирусын халдварын голомтод илгээсэн АНУ-ын цэргийг ирэх дөрөвдүгээр сарын  30 гэхэд эргүүлэн татахыг ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ. АНУ Эбола вирусын эсрэг тэмцэлд туслуулахаар Баруун Африк руу 1300 цэргээ илгээснээс 100 орчмыг нь үлдээгээд бусдыг нь ирэх дөрөвдүгээр сард эргүүлэн татах аж. Баруун Африкийн Гвиней, Либери, Сьерра-Леоне улсад Эбола вирусын халдвар өргөн тархсанаас олон мянган хүн амь үрэгдэж буйн эсрэг АНУ-ын цэргүүд эмнэлэг барих, хорио цээр тогтоох, өвчтөнүүдийг зөөвөрлөх гэх мэт үүрэг гүйцэтгэж буй. Түүнчлэн АНУ Баруун Африк дахь Эбола вирусын халдвартай тэмцэхэд 5.4 сая ам.долларыг төсөвлөжээ.

 

Эбола вирусын улмаас 9000 орчим хүн амь үрэгдээд буй боловч халдварын тархалт долоо хоногт 150 орчим шинэ тохиолдол болж буурчээ. Өмнө нь Эбола вирусын халдварын тархалт өндөр байх үед долоо хоногт 1000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байсан аж. Үүний зэрэгцээ АНУ-д Эбола вирусээр өвчилсөн 10 хүнийг эмчилж байсны хоёр нь тус улсад халдвар авсан юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж