Сунгааны үеэр хоёр хүүхэд мориноос унаж бэртжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.11-нд нийтлэгдсэн

Сунгааны үеэр хоёр хүүхэд мориноос унаж бэртжээ

Монголчууд түүхэн өв уламжлал, өвөрмөц содон зан заншлаараа дэлхийд ганц эрийн гурван наадамтай хэмээн бахархах дуртай. Тухайлбал эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдааныг 8 настай балчраас 80 настай хөгшид хүртэл шимтэн сонирхдог. Гэтэл үүний цаана хурдан морь унах хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байдаг. Тухайлбал өнгөрөгч 2014 оны байдлаар Орхон аймагт нийт 8 хүүхэд хурдан мориноос унаж бэртсэн. Түүнчлэн энэ оны 2-р сард ч мөн 2 хүүхэд бэртсэн мэдээлэл байна.

Хаврын тэргүүн сарын шинийн 4-өөс эхлэн хонин жилийн морин уралдааныг эхлүүлэхээр болжээ. Манай аймгийн морин спорт уяачдын холбооноос 2-р сарын 23-ний өдөр хонин жилийн хурдан морины уралдааныг 4 насны морьдоор эхлүүлэх юм байна. Хурдан морь унаач болон сонирхогчдын хувьд энэ нь таатай мэдээлэл боловч хурдан морь унах хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах нь нэн чухал. 2011 онд стандартчилал хэмжил зүйн газраас MNS 62-64 стандартыг баталсны дагуу унаач хүүхдүүд ямар ч уралдааны үед хамгаалах хувцас хэрэглэлийг хэрэглэсэн байх шаардлагатай байдаг. Дээрх стандартыг хурдан морины уралдааны үеэр ханган ажиллахыг шаардаж тодорхой хяналт тавих ажлыг хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, онцгой байдлын газар, Цагдаагийн газар, эрүүл мэндийн газар зэрэг багйууллагууд хариуцан ажилладаг.

Гэсэн хэдий ч хурдан морь уяачдын зүгээс уралдааны өмнөх сунгаа, үсэргээ зэрэг албан ёсны бус уралдааныг зохион байгуулдаг байна. Энэ үеэр унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг сайтар хангаж чаддагүй бөгөөд хяналтын байгууллагуудад ч мөн хянах боломжгүй байдгийг хэлж байна. тийм ч учраас 2-р сарын 1-ний өдрийн сунгаа уралдааны үеэр 2 хүүхэд мориноос унаж бэртсэн тохиолдол гарчээ. Бэртсэн хүүхдүүдийн биеийн байдал тийм ч сайнгүй байгаа бөгөөд нэг хүүхэд нь насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох магадлал өндөр байгааг албаны хүн мэдээллээ.

Хонин жилийн хаврын тэргүүн сарын хурдан морьдын уралдаанд тавих хяналт шаардлагыг чанаржуулан өргөжүүлэх үүднээс тухайн уралдааныг аймгийн засаг даргын захирамжаар эсвэл Аймгийн ИТХ-ын тогтоолоор хүлээн зөвшөөрөгдсөн байх мөн зохион байгуулалттай ажлын хэсгээр хамтран хяналт тавиулах нөхцөл бүхий санал хүсэлтийг Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс Аймгийн засаг дарга болон Аймгийн ИТХ-д хүргүүлсэн байна.Морь унаач хүүхдүүд унасан морины наснаас шалтгаалан нар, салхи, бороо, шуурга, цасыг үл ажран 10-30 километр замыг туулдаг. Өвлийн улиралд хацар, чих, гар хөл нь хайрагдах, бүр хөлдөх тохиолдол ч байдаг.

НҮБ-аас үүнийг хүүхдийн “тэвчишгүй хөдөлмөр” хэмээн шүүмжилдэг ч хурдан морины уралдаан бол эртний уламжлалт Монгол зан заншил төдийгүй хурдан морь унах хуухдүүдийг өхөөрдөн хатуужилтайг нь гайхан хөөргөцгөөх нь бий. Гэсэн хэдий ч эх орны ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж цаашлаад эрүүл мэндээрээ хохирч амь насаа алдахаас эхлээд насан туршдаа эрэмдэг болох аюул ч тулгарч байдаг. Тиймээс уяачид хурдан морины уралдааныг тодорхой зөвшөөрлийн дагуу холбогдох хяналт зохион байгуулалтын дор явуулж, унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг өөрийн төрсөн хүүхдүүдийн адилаар хамгаалан сахих ёстойг албаны хүн учирлаж байна.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж