Ардын намынхны алиалал

Хуучирсан мэдээ: 2015.02.11-нд нийтлэгдсэн

Ардын намынхны алиалал

Эрх мэдлийн бялууг хамтдаа хуваалцан буй ч улс төрийн өрөг дээр сөрөг хүчнийхээ имижээс салаагүй яваа МАН-ынхан боломж олдвол ялааг заан болгож, улстөржихөө хаяагүй л явна. Эдийн засгийн хямралаас гаргах төлөвлөгөөг хамтдаа боловсруулж, улс орноо хөгжүүлээд өгнө гэсэн чин сэтгэлээр МАН-ыг засагт хамтарсан гэж ойлгож явсан ард түмнийг тэд басамжлах нь анзаарагдах болжээ.

НИТХ-ын тэргүүлэгчдийн 79 дүгээр тогтоолоор Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн болгон өөрчилсөнд гоморхож, энэхүү тогтоолыг хүчингүй болгохоор Ардын намынхан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх энэ нэхэмжлэлийн хариуд ямар шийдвэр гаргах нь үнэндээ бол чухал биш. Тэгээд ч их хааныхаа нэрээр төв талбайгаа нэрлэсэн яагаад бодит түүхийг баллуурдах гэсэн явуурга арга болж хувирсныг үнэндээ ойлгохгүй юм.

 

Гартаа тааралдсан сэдэв, амандаа орсон асуудал болгоноо улстөржүүлэх болсон Ардын намынхан зөнөг өвчин тусав уу, аль эсвэл тэдэнд хийх ажил алга уу? Хямралаас яаж гарах вэ хэмээн улс орон даяар дээр доргүй бужигнаж байхад тэд төв талбайн нэрийг өөрчилсөнд гоморхож, шүүхдэж байгаа нь ажилгүй хүний арга ядсан үйлдэл гэж харагдаж байна.

Хоёр жилийн өмнө НИТХ-ын шийдвэрээр нийслэлийн төв талбайн нэрийг өөрчилж, Чингисийн талбай болгосонд Ардын намынхан одоог хүртэл өс санаж явдаг бололтой. Тиймгүйсэн бол төв талбайн нэр төдийхөн жижиг асуудлаар улстөржих шаардлага баймааргүй юм.

Яг үнэндээ бол Ардын намын залуус Сүхбаатар жанжинд хайртайдаа ингэж уриа хадаагаад байгаа ч юм биш. Зүгээр л улс төр хийх сэдэв хайж, олж ядаж байгаа нь энэ.

"Буянт-Ухаа" нисэх онгоцны буудлыг "Чингис" болгож өөрчлөх үед цөөнгүй хүн шүүмжлэлтэй хандаж байсан. Одоо эргээд харахад зөв л шийдвэр байсан. Учир нь, "Чингис хаан" нисэх онгоцны буудал Монголд биш өөр аль нэг газарт нэрлэгдэж болох л байсан. Бид тэднээс урьтсан. Магадгүй талбайн нэрний хувьд ч ялгаагүй. Монголчууд байг гэхэд өөр хэн нэгэн, тува, өвөрмонгол, буриад, эсвэл туркууд богд Чингис хааны нэрээр төв талбайгаа нэрлэхийг үгүйсгэх аргагүй.

Харин тэр цагт Ардын намынхан хэнтэй шүүхдэлцэх нь сонин байна. Тийм болохоор энэ мэт хэрэгтэй хэрэггүй асуудлыг улстөржүүлэх нь Ардын намынханд ямар ашигтай вэ? Дэлхийн хэмжээний их хаанаараа төв талбайгаа нэрлэлээ гээд алдах юм бидэнд байхгүй. Сүхбаатарын нэрийг авч хаялаа гээд хохирох ч юм байхгүй юм. Талбайн нэр битгий хэл хүний нэр ч өөрчлөгдөж л байдаг. Энэ бүхнийг улстөржүүлээд байх юм бол монголчууд хэзээ ч хөгжиж чадахгүй биз ээ.

Ер нь Монголын аль ч намууд төр барих бүртээ энэ мэт сэдэв барьж авч, шоу хийдгээ болимоор юм.

Улс орныхоо түүхийг арав, хорин жилээр биш хэдэн зуунаар хардаг байх ёстой. Нэг нам гарч ирээд л талбай байна уу, юу байна уу, бүгдийнх нь нэрийг сольдог. Нөгөөдүүл нь эргээд хариугаа авах гэдэг ийм арга ганц Чингисийн талбай гэлтгүй олон зүйл дээр анзаарагддаг. Тэр тусмаа 94 жилийн түүхтэй, том намын хувьд энэ мэт жижиг улстөржилтөө болиод, улс орныхоо гол асуудалд анхаарлаа хандуулаасай билээ.

Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж