Монголд “Стэнд бай” хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2015.02.11-нд нийтлэгдсэн

Монголд “Стэнд бай” хэрэггүй

-Бидэнд хамтын хүчээр хямралаас гарах боломжууд цөөнгүй бий. Бурхны авралаар монголчууд бидэнд газрын доорх баялаг харамгүй байна-

Олон улсын валютын сан /ОУВС/-гийнхан Монголд ирж, манай эдийн засгийн байдалтай танилцахаар болжээ. Тэд Ерөнхий сайд Ч.Сайхан­билэгийн урилгаар ирж байгаа гэх юм билээ.  Ерөнхий сайдын хувьд хэрэв лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр бүр болохоо байсан цагт тэднээс тусламж хүсэх нэг “нөөц” бэлтгэж байгаа болов уу.

Эдийн засгийн хямралаас гарахын тулд Олон улсын валютын сан­гийн тусламжийг авах хэрэгтэй гэдгийг хэлэх мэр сэр хүмүүс бий. Тэгвэл эсрэгээрээ ОУВС-гийн зээлийг авах харин ч эдийн засгаа агшаасан арга хэмжээ болохыг сануулах, анхааруулах эдийн засагч олон. ОУВС-гийн тусламж, “Стэнд бай” /Stand-by/ хөтөлбөр гэдгийн талаар монголчууд тийм ч сайн мэдэхгүй.  Тиймээс хэн нь зөв, хэн нь буруу яриад байгааг бодит амьдрал дээр ялгаж чадахгүй байгаа юм.

ОУВС-гаас  ядуу, буурай орнуу­дад зориулан гаргадаг зээлийн нэг төрөл бол “Стэнд бай” буюу заавал мөрдөх санхүүгийн нөхцөлтэй хө­төл­­бөр юм.  Тус сан эдийн засаг нь дам­пуурсан эсвэл дампуурахад тун ойрт­­сон орнуудад богино хуга­цааны, сан­­хүүгийн өндөр шаардлагатай зээл өгдөг.

Өөрөөр хэлбэл, “Стэнд бай” гэдгийг богино хугацааны тогт­вор­­­­жуу­лалтын хөтөлбөр гэж монгол­чилж болно. Энэ хөтөлбөрийг хэрэг­жүүлэх хугацаа 1-2 жилийн хооронд боловч, шаардлагатай тохиол­долд 36 сараас хэтрэхгүй байхаар зохицуулдаг. Хөтөлбөрийг хэрэг­жүүлэх явц гишүүн орныхоо шаардлагатай бай­гаа эх үүсвэрийн хэрэгцээ, мөн гадаад зээлийг буцаан төлөх чадвар, эдийн засаг болон төсвийн чадавхиас хамаарч  дотроо ялгаатай байдаг.  Зээлийн хүү жилийн таван хувь. Энэ нь  Чингис бон­дын авсан зээлийн хүүгээс их гэсэн үг.  Тэгэхээр ийм зээл аваад, бус­дын хяналт дор эдийн засгаа агшаах бодлого хэрэгжүүлэх нь бидний хүсээд байгаа амьдрал биш гэдгийг тодотгох нь зөв биз.

“Стэнд бай” хөтөлбөрийг хэрэг­­­жүүлэхээр богино хугацааны зээл авч байгаа улсууд ОУВС-тай тодор­хой асуудлаар тохиролцсон хүрээн­дээ Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулдаг юм байна. Энэ­хүү санамж бичигт тавигдсан шаард­­лагуудыг хөтөлбөр хэрэгжих хуга­цаанд тухайн улс хэрэгжүүлэх ёстой.

  1. Төлбөрийн балансын тэнцлийг хангах
  2. ДНБ-д эзлэх төсвийн алдагдлыг бууруулах
  3. Нийгмийн халамжийг танах
  4. Мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлэх
  5. Зээлийг хумих  зэрэг шаардлагуудыг  биелүүлэхийг ОУВС шаардах болно.

ОУВС төв банкны гадаад валютын цэвэр нөөц, төв банк­ны дотоод цэвэр актив зэрэг хөтөл­бөрийн хүрээнд хяналт тавихыг оролддог. Нэг үгээр хэлбэл, манай улсын банк санхүү, төрийн бодлого, нийгмийн халамж үйлчилгээ, эдийн засгийг гадныхан бүхэлд нь хянах эрхтэй болж байгаа юм.

Хэрэв Монгол Улс ОУВС-гийн тусламжийг хүртэж, “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлбэл, эдийн засагчдын урьдчилсан тооцооллоор төсвөө 1.4 их наядаар танах болно. Мөн Монголбанкны  зүгээс  тус сангийн тавьсан санхүүгийн нөх­цөлт болзлын хүрээнд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрнэ. Хэрэв хөтөлбөрийг хэрэгжүүлэх боллоо гэж бодоход бодлогын хүү 14-15 хүрэх, улмаар арил­жааны банкуудын зээлийн хүү дагаад өсөх нь гарцаагүй.  Энэ тохиол­долд үндэсний үйлдвэрлэл хумиг­дах аюултай.

Монгол Улс ОУВС-гийн хөтөл­бө­рүү­дэд удаа дараа хамрагдаж ирсэн, ингэхдээ нийт 195.7 сая ам.долларын зээл авч, үүний 136.3 сая ам.долларыг нь  хямдралгүй, жирийн зээлийн хэлбэрээр авсан байдаг гэд­гийг Сангийн яамны албан ёсны сайтад мэдээлжээ.

Юутай ч ОУВС-гаас монголчууд “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд 251 сая ам.долларын зээл авах тухай асуудал яригдаж байгаа гэх. Энэхүү багаахан зээлийн хариуд бид эдийн засгаа агшаах хэмжээний бодлого явуу­лахаас өөр аргагүй гэдгийг дахин онцольё.  Харин үүний оронд Засгийн газрынхаа өрийн таазыг нэмчихсэн бол байдал өөрөөр харагдах байв. ОУВС-гийн энэ зээлийг бүр арга ядсан үедээ хэрэгжүүлдэг юм уу гэхээс Монголд уг нь  “Стэнд бай”  хэрэггүй юм.  Бидэнд хамтын хүчээр хямралаас гарах боломжууд цөөнгүй бий. Бурхны авралаар монголчууд бидэнд газрын доорх баялаг харамгүй байна.

Ж.ЭРХЭС

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж