Опрагийн хамгийн хайртай зочин

Хуучирсан мэдээ: 2011.05.28-нд нийтлэгдсэн

Опрагийн хамгийн хайртай зочин

Телевизийн ток шоунд 25 жил амжилттай гялалзсаны эцэст Опра Уинфри зодог тайлсан билээ. Энэ хугацаанд тэрбээр 30 мянга гаруй зочинтой ярилцлага хийжээ. Өнгөрсөн лхагва гаригт телевизээр нэвтрүүлсэн сүүлчийн шоундаа тэрбээр эдгээр зочдоосоо хамгийн хайртай гурвыг нь урьж авчирчээ. Тэдний нэг нь Жакю Сабуридо. 2003 онд Опрагийн шоунд ороцохдоо энэ бүсгүй сая сая үзэгчдэд зүрх сэтгэлээ нээн уудалж, гоо үзэсгэлэнгийн тухай тэдний бодлыг өөрчилсөн билээ.


Венесуэлийн чинээлэг айлын ганц хүүхэд болох Жакю аз жаргалтай амьдралд умбаж өсчээ. Хөөрхөн, бас ухаантай. Бүжиглэх дуртай. Аавынхаа бизнесийг ирээдүйд өвлөн үргэлжлүүлэх зорилготойгоор инженерийн чиглэлээр суралцдаг байлаа. Нөхөрт гарч, үр хүүхдүүдтэй болох тухай ч мөрөөддөг байв. 1999 онд Техаст англи хэл сурахаар аав, ээждээ үнсүүлээд баяр хөөртэй явлаа. Гэтэл сарын дараа эмгэнэлт амьдралын эргүүлэг эхэллээ. Төрсөн өдрийн үдэшлэгээс харьж явах замдаа авто машины осолд оров. Түүний сууж явсан машин өөр нэг машинтай мөргөлджээ. Машин дэлбэрч, гал маналзан асчээ. Танигдахын аргагүй болтлоо түлэгдсэн Жакюг амь тавихын наахна аварсан юм. Үс, нүүр нь галд шатан бараг л урсаад алга болсон гэнэ. Бүтэн арван сар тэрбээр ухаангүй хэвтжээ. Эмч нар түүнийг аврахын тулд, юу ч үгүй түлэгдсэн нүүрийг нь эргэж сэргээхийн тулд хамаг чадлаа шавхан ажилласан. Үүнээс дөрвөн жилийн дараа тэр Опрад “Би гоо сайхныг биеэрээ биш, зүрх сэтгэлээрээ мэдэрдэг. Сэтгэл дотроо би урьдын хөөрхөн Жакю хэвээрээ” хэмээн ярьжээ. Олон хүн энэ яриаг нулимстай сонсож суусан юм. Гэхдээ тэр өнөөдөр ч өдөр бүр уйлдаг. Гэхдээ өөрийгөө таван минут л уйлахыг зөвшөөрдөг.


Өнгөрсөн энэ хэдэн жилд тэрбээр 120 гаруй хагалгаанд оржээ. “Найзууд маань нэг нэгээрээ надаас холдсон. Зарим нь надтай хамт үлдсэн ч мэдээж урьдын адил биш” гэж Жакю ярив. Амьдралд бусадтай л адилхан оролцож, эрүүл саруул хүн шиг эргэн тойрныхоо хүмүүстэй хөл нийлүүлэн алхахын тулд хэзээ ч бууж өгөхгүйгээр тэмцэнэ гэдгээ тэр мэдэгдэв. “Би гэдэг хүн би мөн хэвээр байхад нүүр маань өөр, бие маань өөр гэдгийг хүлээн зөвшөөрөх ямар хэцүүг мэдэж байна уу” хэмээн тэр үзэгчдээс асуулаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж