ХЗБХ өнөөдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдлаа. Эрүүгийн хуулийг 2002 онд баталснаас хойш цаг үеийн тухайн нөхцөл байдал, нийгмийн шаардлагаас шалтгаалан 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Манай улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II дугаар Протоколд нэгдэж, цаазаар авах ялыг бүрмөсөн халсантай холбогдуулан Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг хасчээ. Харин энэ онцгой ялын оронд бүх насаар хорих ялыг хуулийн төсөлд тусгаж, 25 жилийн дараа тодорхой болзол хангаж байвал хугацаатай хорих ялаар сольж болох талаарх зохицуулалтыг шинээр тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан ажлын хэсэгт хэд хэдэн санал хэлэв.
Тэрээр хэлэхдээ “Эрүүгийн хуульд нэр томъёоноос авахуулаад анхаарах хэд хэдэн зүйлүүд байна. Герман, Унгар орнуудад Эрүүгийн хууль маш өргөн хүрээтэй зохицуулагддаг. Тиймээс энэ хуулийн үйлчлэлийн хүрээнд тодорхой нарийн зохицуулалтуудыг хийх хэрэгтэй. Жишээ нь Энэ хуулийн ялын төрөл дээр хуулийн этгээдийг татан буулгах хүртэл арга хэмжээ авна гэсэн дээр ойлгомжгүй зүйл байна. Олон хувьцаа эзэмшигчтэй компанийг татан буулгалаа гэхэд дараа нь гарах үр дагаврыг тооцож үзсэн үү. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга бичилт муутай, ерөнхий болсон учраас сайтар нягтлах шаардлагатай.” гэсэн юм. Хууль зүйн сайд Д.Дорлигжав гишүүний саналыг дэмжиж буйгаа дуулгаад, ажлын хэсгийнхэнд хуулийн төслийг ахин нягтлахыг үүрэг болгов.