Нийслэлийн Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Шархадны 24 дүгээр гудамжны 341 тоотод бага насны хүүхэд гэрт дарагдчихлаа гэсэн дуудлагыг өчигдөр 21:01 цагт ОБЕГ-т өгчээ. Дуудлагын дагуу аврах ангийн долоон албан хаагчийг газар дээр нь очиход иргэн О-н таван ханатай гэрийг иргэн А гэгч Prius-11 загварын автомашинаар гэрийн баруун хойд талаас нь мөргөн нураасан байжээ. Гэр дотор бага насны хүүхэд дарагдсан байсныг цагдаагийн бүрэлдэхүүн гарган авч, яаралтай тусламжийн төвийн эмч нар анхны тусламж үзүүлэн, эмнэлэг рүү авч явсан байна. Prius машины жолооч А /22 нас, эр/ согтуу, ухаангүй байсныг ГССҮТ-д хүргэжээ.
Өнгөрсөн шөнө хөдөө орон нутагт авто аваарын хэрэг гарчээ. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт /аймгийн төвөөс 30 орчим км зайд/ Пургон автомашин онхолдож, машинд явсан дөрвөн хүнээс нэг нь нас барсан байна. 37 настай залуу машины доор дарагдаж нас баржээ. Бусад гурван хүн нь бэртэж гэмтээгүй байна.
Д.ЦЭЭНЭ