-Ард түмний санал асуулгаар кино бүтээх “Кино код” нэвтрүүлэг эхэллээ?
-Энэ бол нэлээн цагаа олсон төсөл гэж бодож байна. Яагаад гэвэл кино урлаг ямар хүчтэй вэ гэдгийг одоо л мэдэж авч байх шиг байна. Түүнээс биш кино өөрөө өндөр зардалтайгаар бүтдэг учраас зарим тал дээр жишээ нь нийгэм солигдож байсан үед орхигдон хаягдаж байсан. Уран бүтээлчид нь ч тарж бутарсан. Хүмүүс кино гэхээсээ илүүтэйгээр талхны мөнгөө яаж вэ гэж бодож байсан үе байсан учраас кино урлаг нэлээн хойд талын байранд явж байсан. Үүний үр нөлөө эдийн засаг хүмүүсийн хэрэгцээ хүнд юу хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгож байгаа цаг нь ирж байх шиг байна. Тиймээс цагаа олсон энэхүү “Кино код” төслийг уран бүтээлч бидний зүгээс сайхан хэрэгжээсэй гэж бодож байна.
-Ард түмний сонголтоор таныг кинонд тоглооч ээ гэж хүсэлт гаргавал та хүлээж авах уу?
-Мэдээж тэр сонголтыг үгүйсгэх хүн байхгүй гэж бодож байна. Ард түмний сонголт учраас баяртай хүлээж авах болно.
-"Кино код"-д зохиолоо өгч оролцох гэж байгаа хүмүүст хандаад хамгийн түрүүнд юун дээр анхаараарай гэж хэлэв вэ?
-Кино бол дэлгэц. Хавтгай цагаан дэлгэц дээрх өнгө дүрс, маш олон уран бүтээлчийн хамтын уран бүтээл байдаг. Техник давамгайлсан учраас олон зүйлийн үзүүлэх боломжтой. Кино урлаг өөрөө хавтгай цагаан зүйл дээр гардаг учраас илүү их бид амьдралд ойрхон байх талыг нь боддог. Уран бүтээлчид дэндүү хөөргөн, их гоёчилсон эсвэл амьдралаас хол тасарчихсан, энэ бол агуу зүйл юм гэж хөөрснөөс амьдралаас хөндийрсөн зүйл битгий хийгээсэй гэж бодож байна. Яг л бидний дунд жирийн амьдралд, гэр бүл, малчны дунд киноны том нандин сэдвүүд явж байгаа шүү дээ. Үүн рүү л илүү их ойртоосой. Хүний сэтгэлийг хөдөлгөхийн тулд амьдралд ойрхон байвал өөрөө юм үнэтэй болдог. Магадгүй манай киноны бас нэг сонирхолтой үе явж байх шиг байна. Эдийн засаг гэдэг талаас нь илүү харж байна. Тиймээс мөнгөний кино их үйлдвэрлэж эхэлж байгаа юм болов уу. Яг л бодит амьдралтай, амьдралын төлөө хийсэн кинонууд үзэгчид маань тэр болгон хүртэж авч чадахгүй байгаа болов уу. Тийм болохоор хэрвээ энэ төслийг дэмжиж байгаа бол яг л монгол хүний тухай хөрсөнд илүү ойр зохиол, амьдралууд дэлгэгдээсэй л гэж хүсэж байна.
-Жүжигчин хүнийхээ хувьд бүтээх юмсан гэж нууцхан дотроо хүсч явдаг дүрийн тухайд?
-Би яг үнэндээ харсан хүн бүр инээгээд байхаар нүүр царайтай хүн биш л дээ. Гэхдээ яахав хошин урлагийн төрөлд зах зээлд шилжсэнээс хойш манай багшийн гаргаж байсан хамтлаг учраас “Х-Түц”-тэй түлхүү ажилласан. Жүжигчнийхээ мэргэжлийг эзэмшсэний хувьд үүнд ийм байх ёстой гэсэн аргачлалуудыг өөрсдөө боловсруулж гаргаж ирдэг инээдмийн дүрүүдийг гаргахыг оролдож байсан. Сургуулиа драмын жүжигчин мэргэжлээр төгссөн. Тэр үед үзэгчид театрт төдийлөн очдоггүй байсан болохоор мартсан ч байж магадгүй. Би театрт “Тамгагүй төр” жүжигт Ачир хүүгийн дүрд Жамсранжав, Цэрэндагва гуайтай цуг тоглож байсан минь бахархалтай сайхан санагддаг. Мөн “Ромео Жулльета” жүжигт гал шиг ассан залуугийн дүрд тоглож үзэгчдийн алга ташилтыг хүлээж авч байхад баяртай сайхан байсан. Сонгодог жүжигт тоглож байсны хувьд үүнийгээ эргэж хүсч, нэхэж байдаг л даа. Гэхдээ жүжигчин хүний хувьд цаг хугацаа, дүр олдох гэдэг бол дураараа өөрөө зохиогоод байдаг зүйл бол биш. Тодорхой хэмжээний дүр төрх, тохирох байдал гээд олон зүйлс байна л даа. Тиймээс цаг хугацааг хүлээж байна. Би сайхан дүрүүдийг бүтээсэн кино, жүжиг найруулах илүү сонирхолтой байдаг. Жүжигчнээс гадна кино найруулагч мэргэжлээр төгссөн болохоор энэ маань тал хобби руугаа шилжээд байна. Энэ хоёр мэргэжлийг салгаж ойлгох аргагүй. Доржсамбуу гэж мундаг найруулагч өөрөө “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрийг ямар гоё бүтээж байлаа. Яг түүн шиг сайхан тохирсон дүрийг илүү зохиомжтой таатайгаар хүлээж авах болов уу гэж бодож байна.
-Уран бүтээлч хүнээс ойрын үед төлөвлөсөн уран бүтээлийнх нь талаар асуухгүй өнгөрөх аргагүй?
-Манай “Доз” энтертайнментд хийх зүйл маш их байна. Жижигхэн зүйлээр оролдоод л байвал цаг хугацаа зүгээр л яваад байна. Миний дуртай Амеркийн нэрт зохиолч Ричард Бахын “Жонатан цахлай” гэж дэлхийн шилдэг зохиол байдаг. Энэ номыг унших юм бол сэтгэл хөдөлмөөр, киног нь ч сайн хийсэн байдаг. Энэхүү зохиолд маш өндөрт нисэж үзэхийг хүссэн Жонатан цахлайгийн тухай гардаг. Зохиолч “Цахлай өндөрт нисэх тусам их зүйл олж харах болно” гэсэн үгээр ишлэсэн байдаг. Яг тэрэн шиг амьдралыг үзмээр байна. Тэр бүхнээсээ хүнд хэрэгтэй зүйлийг бодитойгоор хийх сонирхол байна. Эхний ээлжинд бид богино хэмжээний кино хийж эхэлж байгаа. Дараа нь улс төрийн жүжгүүд хийх байх. Мөн Европт кино хийх төсөл хэрэгжүүлэх гээд “Доз” энтертайнментынханд хийх ажил маш их байна.