Т.Ариунаа: Монгол хатдын тухай киног дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2011.05.28-нд нийтлэгдсэн

Т.Ариунаа: Монгол хатдын тухай киног дэмжинэ

Боловсрол суваг телевизийн “Кино код” төслийн шоу нэвтрүүлгийн ээлжит зочин Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа байлаа. Тэрбээр “Кино код” төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд хэрвээ үзэгчдийн зүгээс өөрийг нь кинонд тоглуулах хүсэлт гаргавал татгалзахгүй гэдгээ илэрхийлсэн шүү. Ингээд түүний яриаг хүргэж байна.

-“Кино код” нэвтрүүлгийн талаар сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Цаг цагаараа цахилдаг хөхөөрөө гэдэг. Сүүлийн үед кино руу маш олон хүмүүс хошуурч байна. Нэг хэсэг нийтийн дууныхан Монголын урлагийн зах руу хошуурч, бүх хүн нийтийн дуу дуулдаг болсон. Яг үүнтэй адил хүн болгон өөрийгөө найруулагч гэж нэрлэж, хүн болгон кино хийнэ гэж байна. Нэг ёсондоо кино руу хошуурч байгаа ийм цаг үе. Яг ийм үед “Кино код” гэдэг нэвтрүүлэг санаачилсан нь үнэхээр цаг үеэ олсон. Энэ нэвтрүүлэг маань өөрөө танин мэдэхүйн чиглэлтэй. Олон түмэнд нээрээ кино гэдэг чинь ийм юм байдаг юм гэдэг ойлголтыг хүргэж, цөөхөн байдаг найруулагчдын чин, үнэн үгийг хүргэж, мөн цөөхөн хэдхэн чадварлаг сайхан жүжигчдийн ур чадвар, кинонд дүр бүтээхэд ямар зовлон, жаргал туулдаг талаарх сэтгэлийн сайхан үгийг хүргэж байна гэдгээрээ “Кино код” бол үнэхээр нүдээ, цаг үеэ олсон нэвтрүүлэг гэж бодож байна. “Кино код” маань цаашдаа олон хүмүүс, уран бүтээлчдийг хамарсан нэвтрүүлэг болж, урлагт үнэ цэнэтэй хувь нэмрээ оруулаасай гэж хүсч байна. Өнөөгийн энэ нийгэмд бүхий л юм үнээ цэнээ алдчихсан, дууны урлаг ч, киноны урлаг ч, ялангуяа урлаг. Амьдралын жаргал, зовлонг үзэгчдэд урлагаар дамжуулж хүргэдэг учраас урлаг өөрөө үнэ цэнэтэй байх ёстой. Урлагийн үнэ цэнийг зүгээр нэг өнөөдөр хоол идэхийн дайтай бодох ёсгүй. Амьдралын бүх амт урлагаар дамжуулж тэжээгдэж байдаг учраас “Кино код” үзэгчдэд хэрэгтэй зөв нэвтрүүлэг болж байгаа гэж бодож байна. Өнөөдөр телевизийн нэвтрүүлгүүдээс үзэх юм алга байна шүү дээ. Нөгөө хэдэн улс төрийнхний хэрүүл, хэдэн солонгос сериал, гадныхны дууриамал нэвтрүүлгүүд. Гадны баахан нэвтрүүлгийг Монголд орчуулаад гаргаж байна. Тэгэхээр монгол хүний монгол ухаан, монгол ахуй монгол ёс, заншил, урлаг монгол рок, поп гэдэг юм маань хэт алдагдаад бид зөвхөн харийг шүтдэг тэднийг дуурайдаг, тэдэнтэй ижилсдэг болчих юм бол өнөөдөр манай нийгэм ямар болох вэ. Монгол орон монгол хүний мөн чанар, онцлог хаачих вэ гэдэг маш том асуудал, орон зай гарч ирээд байна шүү дээ. Бүхий л урлагийн ертөнцийг нэгтгэсэн том орон зай бол кино урлаг шүү дээ. Түүн дотроо тайз, дэлгэцийн урлаг бол чухал үүрэгтэй. 

-Ард түмний санал асуулгаар киноныхоо төрөл жанрыг сонголоо. Түүхэн кино маань дотроо олон төрөл та яг ямар төрлийн түүхэн кино бүтээгээсэй гэж бодож байгаа вэ?

-Өнөөдөр дэлхийд ялангуяа Холливудад бүхий л төрлөөр кино хийдэг. Өнөөдөр дэлхийн урлагийхан, Холливуудынханд сэдэв байхгүй болчихсон. Монгол Улс түүхэндээ хэдэн удаа дэлхийг байлдан дагуулж засаглаж байсан билээ. Монголын түүх агуу, хэзээ ч дуусашгүй сэдэв. Монголын дэлгэцийн урлагийг дэлхийд гаргах хамгийн том тулгуур, гүүр бол түүхэн кино гэж би бодож байна. Түүнээс биш бид хайр дурлал, мелодрам юм уу, Холливудын киноны баахан санааг цуглуулаад гадныхны хийдэг шиг кино хийвэл тийм ч амжилтад хүрэхгүй болов уу. Манай Монголын түүх их хатдын түүхээр баялаг. Тэд ямар их баялгийг бүтээсэн, тэдний хатан ухаан гээд агуу гайхамшигтай түүх байна. Тэд маань улс гэрийг хамтдаа засаглаж ирсэн. Төрийг төвшитгөхөд хатан цэцэн ухаан, гэргийн ухаан гэж ямар гайхамшигтай байсныг бид одоо тайлах цаг болсон. Бид Европын хатдын түүхийг насаараа л үзлээ. Яагаад монгол хатдын тухай кино хийж болохгүй гэж. 

-Саяхан драмын эрдмийн театрын тайзнаа тавьсан “Домогт Ану хатан” түүхэн жүжгийг кино болгооч ээ гэсэн санал их ирж байгаа гэсэн?

-Бас л манай түүхэн хатдын нэг шүү дээ. Түүхэндээ маш их үүрэг гүйцэтгэж байсан, тэр улс гэрийг хэргийг хамтдаа түшилцэж явсан ийм хатдын тухай кино хийх нь илүү хүмүүст өгөөжтэй болов уу. Хатан гэхээр зөвхөн эр нөхөртөө хүүхэд гаргаж өгөөд хаан нь болохоор өөр баахан хатад дагуулж ирээд байдаг амьдрал биш шүү дээ. Үүний цаана их хатад ямар их амьдралын ур ухаан гаргаж  амьдралыг урлаж, тэсвэр тэвчээр гарган золиос хийж байсныг энэ киногоор харуулах нь их чухал болов уу. Өнөөдөр яг нийгэмд, өрх гэрт эмэгтэй хүний ухаан дутагдаж байна. Энэ цаг үед эмэгтэй хүнийг өөрийг нь жинхэнэ чи эх хүн шүү гэдгийг их хатдын бидэнд өнөөдөр өртөөлүүлж ирсэн тэр агуу түүхийг киногоор үзүүлж харуулж хүмүүсийн зүрх сэтгэлд хүргэх ёстой болов уу гэж бодож байна. Өнөөдөр бид хэн нэгний бус өөрсдийнхөө түүхийг шүтэж амьдрах цаг болсон. 

-“Кино код“ таныг кинонд тоглооч гээд урилга илгээвэл хүлээж авах уу. Өөрөөр хэлбэл ард түмэн ийм сонголт хийвэл?

-Аан…Ард түмний сонголтоор оо. /инээв/ Яг одоо шууд “за” гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ яагаад болохгүй гэж. 

-Та тайз дэлгэцийн олон сайхан киноны  дууг амьдруулсан. Хамгийн сүүлд таны дуулсан “Үл таних эмэгтэй” киноны дуу хит болоод байна. Поп дуу, киноны дуу хоёрыг дуулахад хэр ялгаатай вэ?

-Киноны дуу бол илүү туульсын талдаа монолог явж байдаг. Киноны үг хэлээр ярих юм бол “Мандухай цэцэн хатан” кино туульсын кино шүү дээ. Тэгээд хувь хүний монолог буюу үг нь кинотой адилхан хүний зүрх сэтгэлд хүрэх ёстой байдаг. Киноны дуу яг юуг хүргэх гээд байгаа, үгнийх нь цаана юу агуулагдаж байгаа, би энэ үгээр яаж дамжуулж үзэгчдэд хүргэх вэ гэдэг чухал учраас би үгэн дээр илүү их анхаардаг. Үгээ тод хүргэхээс гадна хүний сэтгэлийн өнгө буюу дууны өнгө сэтгэлийн хөг аялгуу их чухал байдаг. Би энэ өнгийг яаж гаргаж дуулах вэ гэхгүй хашгичаад дуулчих юм бол хүнд хүрэхгүй. “Үл таних эмэгтэй” киноны дуунд нэг эмэгтэй захидал уншиж байгаагаар эхэлдэг шүү дээ. Тэр эмэгтэйн дотоод сэтгэл, монологийг л би зөв гаргаж дуулах юмсан гэж хичээсэн. Амаргүй байдаг л даа. Гэхдээ “Чи минь”, “Үл таних эмэгтэй” гээд хоёулаа дуу л учраас дуу бүтээх явц нь адилхан. Гэхдээ киноны дуу нь хэцүү байсан. Хүмүүс энэ Ариунаа киног нь үзээгүй юм уу, зохиолтой нь танилцаагүй юм уу гэж хэлэх вий гэдгээс эмээж байсан. Би киноныхоо гол дүрийн эмэгтэйг  төлөөлж байгаа учраас үүн дээр өөрөө их бодож, ухаж дуулсан. 

-Одоо ямар шинэ уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Хүний сэтгэлд гал байвал гэрт гал асаж байна шүү дээ. Түүнтэй адилхан сэтгэлд маань шинэ уран бүтээлээ хийх юмсан гэсэн дуучны гал бадамлан асч байна. Энэ галаа ямар цаг үед гаргах вэ гэдэг нь их чухал. Өнөөдөр сайн, чадварлаг уран бүтээлчдээр цангаж байгаа энэ цаг үед хааяа намдуу байх нь хүнийг тодруулдаг шүү дээ. Ариунаа яагаад дуулахгүй, яагаад уран бүтээлээ хийхгүй байна гээд үзэгчид маань цангаж байгаа бол би  тэр үед нь гарч ирж сайхан уран бүтээл, тоглолтоо хийх цаг үе нь удахгүй ирэх болов уу гэж бодож байна. Уран бүтээлийн хувьд хийж, төлөвлөж байгаа зүйлс маш их байгаа. 

-“Universe Best songs” нэвт­рүүлгийг шүүх явцдаа та залуу уран бүтээлчдэд дотны сайн зөвлөгч, анд, хатуухан шүүгч нь байж чадсан. Танд гарынхаа шавийг бэлтгэе гэсэн төлөвлөгөө ойрын үед байгаа болов уу?

-Ойрын үед үгүй ээ. Хэрвээ та сайн шавь төрүүлэх гэж байгаа бол өөрөө сайн уран бүтээлч, сайн дуучин байх ёстой. Би одоо яг ид буцалж, яг дуучныхаа бядыг гаргая гэсэн цаг үед багш хийх бол том хариуцлага л даа. Би өөрийнхөө дуучныхаа үүрэг хариуцлагыг хоёрдугаарт тавиад нэгдүгээрт шавьдаа анхаарах хэрэгтэй болно. Энэ их хүнд ажил учраас яарахгүйгээр, тавь гарсан хойноо шавь нар төрүүлж, бэлтгэх ёстой болов уу гэж бодож байна. Тэгэхдээ би олон хүмүүсийг төрүүлэн гаргахад гар бие оролцож байгаа учраас энд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгээд явж байгаа гэж бодож байгаа шүү.



Г.ДАША


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж